
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 24 гишүүн алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох зорилгоор 2009 онд анх санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай өнгөрөгч 2010 оны УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүд хэлэлцэж дэмжлэг аваагүй. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 30 гишүүн хамтарч уг хуулийн төслийг дахин УИХ-д өргөн барих болжээ. Алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох бус нутгийг УИХ тогтооно гэж тус хуульд тусгасан байгаа аж. Ингэхдээ нийслэлээс алслагдсан байдал болон амжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тусгасан аж. Алслагдсан бүс нутагт Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 91 сумыг хамруулсан байна. Харин Говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн нийт 87 сумыг оруулахаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна. Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувь, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно гэж заажээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрхи боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил болон шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жилээр чөлөөлөх. Мөн 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийг онцгой албан татваргүй байх зэргээр тусгасан байна.
Б.Алтансүх