
Өчигдөр УИХ дахь Ардчилсан нам болон МАН-ын бүлгүүд хуваарь ёсоор хуралдаж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Гэвч харамсалтай нь эртэлж эхэлсэн Ардчилсан намын бүлгийн хурал дээр мэдээлэл хийх ёстой байсан Засгийн газрын тэргүүн “ажилтай” хэмээгээд ирээгүй гэнэ. Тэгээд Ерөнхий сайдын оронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар намын бүлгийн хуралд мэдээлэл хийх болсон тухай Ерөнхий сайдын ажлын албанаас хэлжээ. Гэвч Ч.Хүрэлбаатар ч мөн хуралдаанд оролцсонгүй. ЗГХЭГ-ын дарга “манай намын бүлэг бас хуралдаж байгаа” гээд гэдийжээ. Үүний улмаас Ардчилсан намын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн хэдий ч хэдэн хувийн биелэлттэй яваа талаар дүгнэлт гаргаж чадаагүй гэнэ. Харин МАН-ын бүлгийн дарга “Манай засгийн газрын мөрийн хөтөлбөр 61 хувийн биелэлттэй яваа” хэмээн ялсан баатар шиг зарлав. Учир нь МАН-ын бүлгийнхэнд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар болон салбар хариуцсан сайд нар ирж мэдээлэл хийн ажлаа тайлагнажээ.
Үнэндээ бол хоёр намын бүлгээр Засгийн газрынх нь асуудлыг хэлэлцэж байх үед Ерөнхий сайдад чухам ямар ажил давхацсан талаар ажлын албаныхан нь ч тодорхой тайлбар хийгээгүй, Ерөнхий сайд оролцсон ямар нэг албан ёсны арга хэмжээ ч зарлагдаагүй билээ. Тиймээс Ерөнхий сайдын энэ үйлдлийг хамтарч Засгийн эрх барьж буй намдаа хувийн зүгээс барьсан “бэлэг”, ээлжит басамжлал гэж үзэхээс өөр аргагүй. Бодвол ХЭГ-ын даргадаа ч бас “Битгий очоорой” хэмээн чихэнд нь шивнэснээс гарцаагүй. Хар нүднээс хөмсөг гадуур гэж энэ дээ…
Б.ГАЛ