Дайснаа нөхөр болгож чаддаг байх нь улс төрийн урлаг

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Дайснаа нөхөр болгож чаддаг байх нь улс төрийн урлаг

Ш.ГУНГААДОРЖ: ӨЧИГДРИЙН ДАЙСНАА ӨНӨӨДРИЙН НӨХӨР БОЛГОЖ ЧАДДАГ БАЙХ НЬ  УЛС ТӨРИЙН УРЛАГ

“Монголын Ерөнхийлөгч нар тэтгэвэрт гардаггүй нь хачин” өгүүллээ сониндоо нийтлүүлсэн өглөө юмсан. Утас дуугарлаа. 9911…. дугаараас залгаж байна. Нэг л танил дугаар. “Сайн байна уу” гэх дуугаар нь хэн болохыг даруй таниад “За юу гэх бол доо” хэмээн жаахан  бэргэлээ. Эртний танил, хүндэтгэж явдаг хүмүүсийн маань нэг Ш.Гунгаадорж гуай ярьж байна. Миний өгүүллийн талаар ам сайтай байна. Би ч гар бариад бугуй…гэгчээр уулзаж ярилцах саналаа хэллээ. Гурван цаг гаруй хөөрөлдөхдөө цаг төрийн байдал, улс орны хөгжил дэвшил, намуудын бужигнаан, ирэх оны сонгууль, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, С.Баяр гээд юу эсийг ярилцсан гэх вэ. Зөвхөн бид хоёрын дунд үлдэх яриа ч бас болов. Ингээд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, гавьяат агрономич Шаравын Гунгаадоржтой ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Манай сонин голчлон улс төр бичдэг. Тэгэхээр хоёулаа улс төрийн голдуу сэдвээр ярилцана даа?

-Би мэдэлгүй яахав. Танай сониныг байнга захиалан уншдаг юм.

-Монголын өнөөгийн улс төрийн байдлын талаар та бодлоо хэлэхгүй юү?

-Монгол Улс нийгмийн байгууллын шинэчлэл хий­гээд 20 гаруй жил боллоо. Мэдээж, сайн зүйл байлгүй яах вэ. Улс орон хөгжиж, өөрчлөлт гарч байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ төрийн бодлогоо эхнээсээ цэгцтэй барьж явсан бол үүнээс арай л эрт илүү хөгжилд хүрчих боломж байжээ.

-Та бидний үеийнхэнд социализм, цаашлаад коммунизмд хүрнэ гэсэн бат итгэл байсан шүү дээ?

-Социализм, коммунизмын гэрэлт цамхаг гээч рүү бүгд л тэмүүлж явсан. Капитализм гэдэг хогийн зүйл шахуу юм санаж явлаа. Үзэл суртал нь, номлол нь ч тэр л байлаа. Социализмаас капитализм руу явах замыг  К.Маркс ч, А.Смит  ч, В.Ленин ч заагаагүй. Капитализм  монголчуудын явах зам мөн байсан уу гэвэл, гарцаагүй мөн байсан. Харин 1990 он гэхэд зах зээл, ардчилал гэж юу болохыг бид мэдэхгүй байлаа. Хамаг хэргийн учир энд л байж.

-Өнөөх явах ёстой нийгмийнхээ босгон дээр ирчихсэн байдаг. Гэтэл яаж явахаа мэдэхгүй байсан гээд бодохоор?

-Барууны загварыг шууд хуулбарлаад л тавьсан. Нуух юу байх вэ. Миний удирдсан Засгийн газар гэхэд 180 хоног буюу зургаан сар л үйл ажиллагаа явуулсан түүхтэй. Бид төрийн зохицуулалттай зах зээлийн  тухай ярьж байхад Да.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг агсан нар “Зах зээлийн нийгэмд төрийн зохицуулалт гэж байх ёсгүй, түүнийгээ л хөтөлбөрөөсөө аваад хаячихъя” гэдэг  байсан.

-Тэгэхээр нь та юу гэж хэлдэг байв?

-Баруунд  200 гаруй жил болоод хэвшчихсэн загварыг Монголд шууд хуулбарлаж болохгүй ээ. Социализмд хэт баригдмал байсан зүйлийг хамаагүй сул задгай тавьж болохгүй. Ингэвэл  1966 оны үер шиг юм болоод хамаг эдийн засгаа сүйрүүлнэ гэж сануулж байв.

-1966 оны үер үнэхээр айхтар сүйрэл байж.  Тарчигхан Монголын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан гэдэг шүү?

-Хэзээ ч  юунд ч дийлдэшгүй гэж бодож байсан Хар усан тохойн үерийн далан ганцхан  хоромд  л сэтэрч үерийн ус сад тавьсан юм шүү дээ. Улс орноо иймэрхүү хэцүү байдалд оруулахгүйн тулд наад зах нь таван жил төрөөс зохицуулах нь үр дүнтэй гэж бодож байлаа. Мал аж ахуй, газар тариаланг гэхэд л шууд хувьчлах биш, эхлээд түрээслэх замаар явуулъя гээд л.

-Тэр хөтөлбөрийг баталсан уу?

-Ардын их хурал баталсан. Зургаан сар хэдийгээр  богинохон хугацаа  боловч  шинэ нийгэмд шилжих анхны гарааны эхлэлийг  тавьсан шүү. Тэгээд л 1990 оны намар дараагийн Засгийн газарт халаагаа өгсөн дөө.

-Шинэ Засгийн газар өнөөх хөтөлбөрийг мөрдсөн үү, орхисон уу?

-Америкаас хуулбарласан  цо­чир эмчилгээний зам руу шууд л орчихсон. Тэгээд л их далай дахь сэлүүргүй завьтай адилхан болсон доо. Манай залуучууд социализм дахин сэргэх вий гэж ихээхэн болгоомжилсон байх. Тийм хөрс суурь тэр үед үнэхээр байгаагүй л дээ.

-Үүнээс өөр замаар явсан бол улс орны хөгжил арай өөр байх байсан гэх гээд байна уу, та?

-Тийм. Эхнээсээ жаахан зам­бараатай, төрийн хяналттай явсан бол улс орны хөгжил арай л өөр байх байсан. Одоо ч би энэ  бодолдоо итгэлтэй байдаг. Гэхдээ өнгөрсөн 20 жилд сайн ч, муу ч юм байлгүй яах вэ.

-Буруу замаар будаа тээсний хор уршиг одоо ч амь бөхтэй л байна шүү дээ?

-Өмнөхөө үгүйсгэдэг нэг муу­хай юм манайханд байдаг.  Монголчуудын тамын тогооны үлгэр  ч гэ­дэг. Үлгэр юу байхав, бодит байдал шүү дээ. Энэ л Монголын хөгжлийн чөдөр болсон. Үүнд ард түмэн ямар ч буруугүй, бурууг зөвхөн улс орныг удирдаж байсан, байгаа хүмүүс л хүлээх учиртай.

-Одоо Монголын улс төрийн хоёр том нам  хамтраад засгийн эрх барьж байна. Сайн, муу гэлцэж л байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь эвтэй байхдаа илүү үр дүнтэй байдаг жамтай. Гэтэл манай дээдэст эв нэгдэл жаахан дутаад байх шиг. Эв нэгдэлтэй байна гэдэг үгсч хуйвалдаад байхын нэр биш, Монгол Улсын төлөө гэсэн нэг тугийн дор  нэгдээд зүтгэхийг хэлж байгаа юм. Болж бүтэж байгаа юм байлгүй яах вэ. Гэхдээ болохгүй юм зөндөө. Гол нь манай төр, засгийн удирдлага ард олноосоо тасарчихаж.

-Манай дарга, сайд нар бараа бологчдоо дагуулаад  орон нутгаар зөндөө л явдаг шүү дээ?

-Явах ч гэж, шуураад л өнгөрөх юм. Тийм учраас олон түмнийхээ жинхэнэ амьдралыг  мэддэггүй. Үүнээс болоод олон түмэн төр, засагтаа итгэхээ байлаа.

-Таны үед ч гэсэн сайд, дарга нар хөдөөгүүр их л явдаг байсан шүү дээ?

-Тэр үед өөр байж. Бор авдрыг нь түшиж суугаад бор цайг нь ууж байж амьдралтай нь танилцаж явж.

-Ард олон төр, засагтаа итгэхээ болилоо гэлээ. Үүний хор хохирол их биз?

-Тэгэлгүй дээ. Төр, ард олон хоёрын хооронд гарсан тэр онгорхойг хэдэн нөхөр гарч ирээд  жагсаал цуглаан хийх зэргээр хөөрхөн ашиглаж байна. Тэгээд л энэ хэдэн дарга нарыг л аваад хаячихвал амьдрал сайхан болно хэмээн ард түмний тархийг угаадаг. Үнэн чанартаа энэ хэдэн дарга нарт хэргийн учир байгаа юм биш.

-Тэгээд юунд байгаа гэж?

-Төрийн тогтолцоондоо бай­гаа юм. Манайх чинь эрлийз тогтолцоотой. Ерөнхийлөгч, пар­ламент, гүйцэтгэх засаглалынхаа тэнцвэрийг анхнаасаа жаахан буруу болгочихсон. 430 депутат 70 хоног хуралдаж байж Үндсэн хуулиа баталсан юм шүү дээ. Эхний үед энэ хууль ач тусаа өгсөн. Өнөөгийн өндөрлөгөөс харахад засч өөрчилмөөр юм олон байна.

-Яг юуг нь яаж засна гэж?

-Парламентын  засаглалтай улс юм бол түүнийгээ жинхэнэ сонгодог утгаар нь байгуулах цаг болжээ. Тухайлбал, хоёр танхимтай парламенттай, Ерөнхийлөгчөө пар­ламентаасаа сонгодог ч гэх юмуу. Одоо харин энэ талаар их эрчимтэй ярьж эхэллээ. Сайн хэрэг.

-Саяхан намуудын удирдлага нэгдээд энэ талаар нэлээд үр дүнтэй ярилцлаа шүү дээ?

-Харин тэглээ. Энэ маш  зөв.

-Зарим нь сонгууль дөхчихөөд байхад  тогтолцоогоо өөрчилнө гэдэг шал дэмий гэлцэж байна?

-Нөгөө л тамын тогооны үлгэр байхгүй юу. Ямар нэг юм сэдээд гаргаж ирээд ярихаар л хардаж эхэлдэг. Энэ чинь манай нийгмийн өвчин болчихсон юм шүү дээ. Хоёр том нам хамтраад засгийн эрх барьж байгаа энэ үедээ л  боломжоо ашиглаад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихмаар. Энэ бол алдаж боломгүй  алтан боломж шүү. Бусад нам нь ч үүнийг нэг санаагаар дэмжээсэй.

-Сонгууль дөхөөд юун төрийн тогтолцоогоо өөрчлөхтэй манатай. Сонгогчдын сэтгэлийг яаж татах вэ, яаж ганц нэг суудал авах вэ гэдгээ л бодож байх шиг?

-Ер нь Үндсэн хуулиа засаад төрийн тогтолцоогоо өөрчилчихвөл Сонгуулийн тухай хууль ч аяндаа өөр болно. Ямар ч байсан хамаг будлианыг үүсгэдэг элдэв амлалт, мөнгө төгрөг, гурил, будаа тараадаг явдал байхгүй болно. Үүнийг бүр тас хориглох хэрэгтэй. Тайландад гэхэд л иймэрхүү зүйл амласан намын сонгуульд оролцох эрхийг нь шууд хасчихдаг юм билээ. Манайх ч гэсэн элдвийг амласан нам, нэр дэвшигчийн эрхийг шууд л хасдаг болох хэрэгтэй.

-Сонгогчид бол харин ч мөнгө төгрөг, элдэв зүйл амласан нам, нэр дэвшигчид илүү дуртай, тэдний төлөө саналаа өгдөг юм биш үү?

-Алийн болгон тэжээвэр хур­га шиг байх вэ. Монгол хүнд өрөвдөмтгий зан бий л дээ.

 Мөнгийг нь авчихаад  саналаа өгөхгүй бол хүний мөс жудаггүй юм болно гээд. Үнэндээ 20 мянган төгрөг атгуулаад л саналыг нь худалдаад авчихаж байна. Аргагүй шүү дээ, өнөөх 21 мян­гаа авах гэж яаж оочерлож байгааг харахгүй юу. Амлалтыг хорьчихвол сонгууль шударга болно.  Сонгуулиас наана зайлшгүй хиймээр нэг мундаг ажил байна.

-Тэр мундаг ажил гэдэг маань чухам юу вэ?

-Аль ч нам засгийн эрхэнд гарсан баримтлаад явах  урт ху­гацааны үндэсний хөтөлбөрөө боловсруулчихмаар байна. Улс ор­ны үндэсний эрх ашигт нийцсэн, монгол хөрснөөс ургаж гарсан тийм л хөгжлийн загвар. Удаан хугацаанд, бүр 50-60 жил байсан ч болно шүү дээ. Одоо л үүнийг хийх боломжит цаг, нөхцөл байдал бүрдээд байна. Ирэх онд сонгууль болно. Тэгээд л байдал шал өөр болно шүү дээ.

-Угийн тулхтай байсан танай намынхан дотроо  бужигнаад л. Та Ардын намын гишүүнийхээ батлахыг авсан уу?

-Батлахаа авалгүй яахав. Энэ намд би бүр оюутан байхдаа элссэн. Одоо 52 дахь жилдээ гишүүн нь байна. Манай нам  анх л Ардын нам нэртэй байгуулагдсан түүхтэй. Нэрээ солих, сэргээх талаар олон удаа ярилцсаар ирсэн. Ингээд сая л нэг хуучин нэрээ сэргээлээ. Ардын нам бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гэж тов тодорхой тодорхойлсон. Үнэн нь тэр юм. Үүнийг эрүүл ухаантай хэн ч гэсэн ойлгох учиртай.

-Танай намын зарим гишүүн  МАХН гэдэг нэрээ хадгалж үлдэнэ гэж зүтгээд Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүртэл гаргаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Жаахан харамсалтай л байна. Гэхдээ манай нам хоёр хуваагдлаа гэж хэлмээргүй байна. Манай нам МАХН гэдэг нэртэй 70 гаруй жил явсан. Гэхдээ цаана нь Ардын нам л байсан.Салгах арга байхгүй.  МАХН гээд байгаа хүмүүсийг би буруутгахгүй. Хамаг мэдлэг чадвар, хүч авьяасаа зориулж, нэг насаараа зүтгэсэн МАХН гэсэн батлахаа буцааж өгөхөд хэцүү байдаг биз дээ. 

-МАХН гэдэг нэрнээс тэгтлээ төвөг­шөөгөөд өөрчилж солиод байх хэ­рэг байсан юмуу?

-Энэ бол 1924 онд Коминтерний шаардлагаар өгсөн нэр шүү дээ. Мэдээж, Оросын хувьсгалчдын нөлөөгөөр намын бодлого, өнгө зүсэнд хүртэл өөрчлөлт ороо биз. Ардын намын анхны зорилго өөр болж, коммунист чиглэлтэй болсон энэ тэр л гэдэг.Магадгүй ээ. Гэхдээ тухайн үед Монгол хагас сая гаруйхан хүн амтай, хөгжлийн хувьд хэтэрхий хоцрогдсон, эзэн Чингисийн нэртэй л бага буурай улс байсан шүү дээ. Хөрөнгөтний замаар замнах Данзангийн үзэл зөв ч байсан байж магадгүй. Гэхдээ хоёр том гүрний завсар тэгж замнаж чадах байсан уу. Хаа байсан Англи,  Америкаас хэн нэгэн ирээд Монголд капитализмыг байгуулж чадах байсан уу. Энэ үнэхээр их эргэлзээтэй. Одоо Буриад, Өвөрмонголыг хар л даа. Нэг юм бодогдуулаад байгаа биз.

-Буруу замаар будаа тээснээс болоод хэлмэгдүүлэлт энэ тэр гээд баахан таагүй үйл явдал болсон юм биш үү?

-Чингисийн Монголыг авч үлдэхийн тулд л тэр үеийн удирдлага маань зарим буулт хийж, сэхээтэн, лам нараа хүртэл золиос болгосон  болов уу. Тэгж байж тусгаар тогтносон Монгол Улсыг авч үлдсэн байх. Их үнээр олдсон ч тусгаар улс маань байж л байна. Үүнд л хувьсгалчдын гол гавьяа оршиж байх мэт. Тэр үед Оросыг дагаагүй бол яах байсан юм бэ. Хятад, Японыг дагасан бол юунд хүргэх байсан юм бэ. Одоо үүнийг хэлэхэд хэцүү шүү дээ. Олон хүн хэлмэгдүүлснийг зөв гэх гээгүй. Тусгаар тогтнолыг юугаар ч үнэлж болохгүй.Түүхчид үүнийг л анзаарах ёстой.

-Ардын нам зүүний чиглэлийнх гээд тунхаглаж байна. Үүнээс үүдээд халамжийн улс боллоо гэлцэх нь ч бий?

-Манай нам яах аргагүй зүүнийх. Гэхдээ арай хэтэрсэн байх. Зүүний зүүн рүү биш, зүүний төв хэсэгт байвал болно доо.

-Сайн таньдаг, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байгаа зарим улстөрчийн талаар танаас асуумаар байна?

-Би ч хэний тухай асуух гэж байгааг чинь гадарлаж л байна. Энэ тэрний хүн, тэр энэний хүн гэлцдэг. Ийм юм байгаа болохоор л тэгж хэлж байгаа хэрэг. Надад тийм юм байхгүй. Надаас асуудаг юм, та Энхбаярынх  уу, Баярынх уу гээд. Энэ хоёр хүнийг би сайн мэднэ. 2000 оноос Энхбаярын зөвлөх байлаа. XXV их хурал дээр Баярыг гаргаж ирэхэд дэмжсэн. Тийм болохоор л энэ хоёртой холбоод байдаг биз. Би одоогийн төр, засгийнхны хэнтэй нь ч санаа оноогоо солилцоод л явдаг, ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр. Хэнтэй яаж харьцахаа манай төр, засгийнхан мэднэ шүү дээ.

-За тэгвэл Н.Энхбаяраасаа эхлэх үү?

-Бид бүр 1990-ээд оноос өмнөх танил. Та Дорноговь, Сэлэнгэ хоёрын аль нэгээс сонгуульд нэр дэвшинэ шүү, битгий татгалзаарай гэж  надад хэлж л байлаа.Төрсөн нутаг болохоор Дорноговиос дэвшвэл гарчих байх. Гэхдээ тэнд газар тариалан байхгүй. Сэлэнгээс үзвэл яасан юм бэ гэдэг саналаа ч хэлж л байв. Зөвлөхөөр ажиллана уу гэсэн саналыг нь хүндэтгэн хүлээн авч хамтарч ажилласан. Сүүлийн үед уулзалдаагүй л байна. Би түүнийг адгийн амьтан гэж боддоггүй. Ерөнхийлөгчөөс буучихаар нь элдвээр хэлж байгаа ч юм биш. Хүнтэй нь биш албан тушаалтай нь найзалдаг хүн байдаг л даа. Би тийм хүн биш. Одоо Энхбаяр маань харамсмаар л юм хийгээд байна. Үзэл бодлоосоо эхлээд хамаг юм нь 180 хэм эргэчихэж. Ер нь Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх гэснээс хойш л мань хүний уруудах доройтох эхэлсэн гэж боддог. Нөхөн сонгуульд нэр дэвших талаараа надаас асуугаагүй л дээ.

-Хэрвээ асуусан бол та юу гэж хэлэх байсан бэ?

-За дүү минь, гурван жил зүгээр мөрөөрөө байж бай гэх байсан. Тийм их амбицтай, өс хонзонтойг нь мэдээгүй л байж. Монгол Улсын хамгийн том гурван албан тушаалыг хашсан ганц хүн. Төрийн албыг аавын хүүхдүүд ээлжлээд л хашдаг. Энхбаярт улс төрийн их тэвчээр, эр зориг дутсан байх.

-Монголын гурван том албан тушаалыг хашиж байсан хүнд улс төрийн амьдралаас хол байна гэдэг хэцүү биш гэж үү?

-Энхбаярт дотоод ертөнц рүүгээ өнгийх мэдрэмж дутсан. Уг нь улс төрийн ухаалаг буулт хийх хэрэгтэй байсан юм. Тэр бол том урлаг. Энэ  үгийг Черчилль хэлсэн юм. Энэ үүднээс үзвэл, Энхбаяр жинхэнэ улстөрч болж чадаагүй, шүүрхий л байгаа хэрэг. Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй. Энэ бол  Рузвельтийн хэлсэн үг. Улстөрчийн жинхэнэ урлаг бол дайсантайгаа мөр зэрэгцэн нэг ч гэсэн алхам урагшлах явдал. Өчигдрийн дайснаа өнөөдрийн нөхөр болгож чаддаг байх нь улс төрийн урлаг. Үүнийг л улстөрч хүн баримталж явах учиртай. 

-Дотоод ертөнц рүүгээ өнгийх гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?

-Монголчууд дотор хүнтэйгээ ярих гэдэг дээ. Тэр бол дотоод ертөнц рүүгээ өнгийхийг хэлж байгаа юм. Аливааг хийхдээ, шийдвэр  гаргахдаа үр дүнг нь, буруу, зөвийг нь бодож тунгааж байх ёстой. Ингэж чадвал “дотор хүн”  хэнийг ч хазгай гишгүүлэхгүй.

-Одоо С.Баярын  ээлж болж байх шиг?

-Түүнийг би МРТУХ-ны орлогч дарга байхаас нь мэддэг болсон юм. Тэгэхэд би Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Боловсролтой, эрхэмсэг аятайхан залуу Засгийн газрын хуралдаанд хааяа оролцдог байсан. Хараад л  ирээдүйтэй залуу юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дараа нь тэр УБХ-ын байнгын хорооны дарга боллоо. Би Солонгост Элчин сайдаар явснаас хойш хэсэгтээ уулзаагүй. Баярыг ОХУ-д Элчингээр очсоноос хойш ганц нэг удаа уулзсан юм байна. Тэгээд л намын XXV их хурлын үеэр түүнийг дэмжсэн дээ. 

-XXIV их хурал дээр чинь бас баахан юм болсон шүү дээ?

-Энэ их хурлаар М.Энхболдыг намын даргаар сонгосон. Тэр сайн залуу. Гэхдээ түүний үед намын нэр хүнд жаахан унасан. Сүүлдээ ажил явахаа байсан. Иймээс хоёр жилийн дараа түүнийг солихоос аргагүйд хүрсэн биз.   Тэгээд л XXV их хурал дээр Баярыг  нэр дэвшүүлж, дэмжсэн дээ. Түүнээс биш залуу улсыг сөргөлдүүлэх гээгүй.

-С.Баярыг намын дарга болгосноор жаахан алдаагүй байгаа?

-Алдаагүй. Таван төгөлдөршил бол үнэхээр гайхамшигтай хөтөлбөр. Олон юм ярихаа больё. “Атрын III аян” бол маш зоримог шийдвэр. Бусдыг нь орхиод ганцхан “Атрын III аян”-ыг аваад үзэхэд л Баяр гэдэг хүний түүхэнд үлдэх гавьяаг тодорхойлж байгаа юм.   Үр тариа, гурил, төмсөөрөө дотоодынхоо хэрэгцээг хангана гэдэг наад утгаараа хоол хүнсний хэрэгцээ мэт боловч цаад утгаараа улс орны эдийн засгийн аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой холбоотой асар том асуудал шүү дээ.

-Ардчилсан Ерөнхийлөгчтэй уулзаж байна уу. Түүний үйл ажиллагааны талаар та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийг сайн танилгүй яах вэ. Бие биеэ мэдэх болсоор 20-оод жил өнгөрчихөж. Ерөнхий сайд байхад нь ч уулзаж л байлаа. Үйл ажиллагаа явуулж байсан Ерөнхийлөгч, хүчтэй өрсөлдөгчийг ялж ард түмнээсээ сонгогдсон улстөрч.  Тэр их итгэлийг л даах учиртай. Намын эрх ашгийг ил, далд хэлбэрээр бүү бодоосой. Эрдэж бардамнаагүй байх. Өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан ахмад хүмүүстэй уулзлаа гэж дуулсангүй. Уг нь тэдний санаа бодлыг сонсч байвал ажилд нь л тустай. Зөвхөн шадар хүмүүсийнхээ үгээр улс орны хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд учир дутагдалтай л байж таарна. Миний хэлж буйг шүүмжлэл гэхээсээ зөвлөмж гэж ойлгоно биз дээ. Надад айх ч юм алга, бодож явдгаа л хэлж байна.

-Хамтарсан Засгийн газрын талаар янз бүрийн л яриа  дуулдах юм. Та энэ Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ?

-Хамтарсан Засгийн газрыг анхнаас нь дэмжсэн. Одоо байр суурь маань хэвээрээ байгаа. Анх байгуулж байхад нь Содном бид хоёр Элбэгдорж, Баяр хоёр дээр ороод хэлж байсан. Дутуу энэ тэр юм бий л байх. Өвөр түрүүндээ орлоо, хэтэвч нэгдлээ, хувааж идлээ  энэ тэр гээд шүүмжилж л байна. Үүнийг хэн батлах юм бэ. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн заалт бий шүү дээ. Улс төрийн хардлага хэрэггүй. Эвтэй байж, нэг зүг рүү явцгаая гэж төр засгаас, ард олноосоо, шүүмжлэгч нөхдөөс хичээнгүйлэн хүсмээр санагддаг. Хоёр том нам эвсээд ирэх сонгуульд орохгүй нь мэдээж. Тэр хүртэл төрийн тогтолцоо энэ тэр гээд томхон асуудлаа хамтраад шийдчихээсэй.
 
-Монголын улс төрд гурав дахь хүчний орон зай байна уу?

-Ардчилсан оронд хэдэн ч нам байсан яахав. Гэхдээ олон нам байснаар улс орон хөгждөг юм бол Монгол Улс Америкаас түрүүлчихмээр.  Англи мэт шиг 2-3 том, парламентад ганц нэг суудал аваад явдаг цөөхөн намтай байж болох. Намууд төлөвшиж чадаагүй л байна. Зарим нам нэгдэж байгаа нь сайн хэрэг.

-Ирэх сонгуульд аль нам ялах бол. Танд ямар таамаг байна вэ?

-Тааварлахад хэцүү. Аль нэг нам дангаараа олонхийн санал авна гэж хэлэхэд ч хэцүү. 40 хувийн санал авахад ч бэрх байж мэдэх юм. Ардын нам, Ардчилсан нам хоёр арай ахиу суудал авах байх. Бусад намынхан цөөн суудал авна биз дээ. Тэгээд л эвслийн Засгийн газар байгуулах байх.

-Ямар уран бүтээл туурвиж сууна даа?

-Үгүй хө, уран бүтээл гэснээс дал гарсан хойноо хоёр ч шүлэг бичлээ. Би залуудаа нэг ч шүлэг бичиж үзээгүй хүн шүү дээ.

-Залуу насанд  олдоогүй шүлгийн санаа өдий хойно яаж төрөв?

-Нэг өглөө эрт босчихоод “Өдий зэрэгтэй явахад минь түшиг тулгуур болсон ханьдаа зориулж сэтгэлийнхээ үгийг хэлэх юмсан” гэж бодогдоод л. Тэгээд л таван бадаг тэр дорхноо сэтгэлээс урсаад гарчихсан.

-Ямар сэдэвтэй шүлэг вэ?

-Ханьдаа зориулсан юм. “Хайрын бурхан чамдаа” нэртэй. Саяхан дуу болгочихлоо.

-Аялгууг нь  хэн хийж, хэн дуулах юм бэ?

-Соёлын тэргүүний ажилтан Бямбажав ая хийгээд өөрөө дуулсан.

-Юу гэсэн үгтэй дуу вэ?

-Арын сайхан хангай нутгийн
Амгалан нэртэй бүсгүй ча­майг
Зэ­рэглээт говийн хүү надад
Зураг тавилангаар заяа­сан

     Дахилт

Нандин сэтгэлийн минь хай­рын бурхан
Намбалаг чамайгаа сэтгэлдээ тээсээр
Эргэх хорвоогийн цагийн тооллыг

Элээж л сууна даа, хань чинь /Тэрбээр таван бадгаа цээжээр уншив/

-Нөгөөдөх нь бас л хайрын сэдэвт дуу юу?

-“Тариан давалгаа” нэртэй юм. Жанцаннноров ая хийсэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, саяхан гавьяат цол хүртсэн Ганчимэг дуулах юм гэсэн.

-Та Дорноговийн уугуул, Улаанбаатарын суугуул  иргэн дээ?

-Тийм, Иххэт сумынх. Жилээр яривал хулганатай, 75 хүрч байна шүү дээ.

-Говийн хүн атлаа газар тариалантай амьдралаа холбоно гэдэг сонин хувь заяа шүү?

-Тэгэлгүй яах вэ. Ёстой хувь тавилан л байх. Тариа ногоо гэж юу байдгийг ч бараг мэдэхгүй шахам говь нутгийн жаахан хүү К.А.Тимирязевийн академид суралцаж агрономич болоод нэг насаараа энэ салбарт зүтгэжээ. Улсад 50-аад жил ажиллахдаа газар тариалангаас огтхон ч холдсонгүй. 900 мянган тонн үр тариа хураачихаад Төв цэнгэлдэхэд асгаж  байсан,  газар тариалан доройтож ургац бараг авахаа больсон, газар тариалан эргэж сэхэх үйл явцын амьд гэрч нь байлаа. Одоо ч түүнээсээ салаагүй л байна.

-Амьдрал ямархуу байна даа?

-Хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байгаа. Хүүхдүүд цөм тусдаа гараад ажил амьдралаа хөөгөөд явчихлаа.Танай Тэс нутагт  ажиллаж байхад төрсөн Тэсмөрөн охин маань Америкт магистр хамгаалаад тэндээ ажиллаж байна. Бас нэг охин тэнд бий. Бусад нь эх орондоо амьдарч байгаа.

 Бид ийн ярилцлаа. “Социализмд 30, капитализмд 20 гаруй жил ажиллаж амьдарч байна” хэмээн хошигносон Ш.Гунгаадорж бол  улс   орныхоо  хөгж­лийн төлөө ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол төрийн нэрт зүтгэлтний нэг. Тэсийн тэжээлийн аж ахуйн дарга, ХААЯ-ны газар тариалан эрхэлсэн орлогч сайд,  жинхэнэ сайд, УИХ-ын  байнгын хорооны дарга гээд намтар баян амьдралынхаа 50 гаруй жилийг зөвхөн газар тариаланд зориулжээ. Түүнийг “газар амьтай хүн” гэж тун товчхоноор тодорхойлж болох юм.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж