Энди Карролл “Ливерпуль”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Энди Карролл “Ливерпуль”-д ялалт авчирлаа

Английн Премьер лигийн 32 дугаар тойргийн хамгийн сүүлчийн тоглолт өчигдөр “Манчестэр Сити” болон “Ливерпуль” багийн хооронд боллоо. Энфилд цэнгэлдэхэд болсон энэ тоглолт Монголын цагаар шөнө болж, нийт 45 мянга гаруй фанатууд үзэж сонирхжээ. 22 жилийн тэртээ олон хөгжөөн дэмжигчид амиа алдаж байсан харамсалтай үйл явдлыг эргэн дурсч тоглолтын өмнө нэг минут чимээгүй зогсч, хүндэтгэл үзүүлжээ. Тэрхүү эмгэнэлт үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд болж байв.

“Уэст Бромвич” багт 2:1 харьцаатай талбай дээр нь хожигдсон “Хотон шувуунууд” Аваргуудын лигийн байр буюу эхний дөрөвт үлдэх магадлал байгаа учраас “Сити”-г зайлшгүй хожих ёстой байсан гэхэд болно. “Манчестер Сити” өдгөө дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа.
Энэ тоглолт ерөнхийдөө маш цэвэр тоглолт болсон гэдэг нь ердөө ганцхан шар хуудаснаас харагдана. Харин тоглолтын эхний гоолыг 13 дахь минутад “НьюКасл”-аас ирсэн цагаасаа хойш гоолдоогүй байсан довтлогч Энди Карролл оруулж, тооны харьцааг 1:0 болгосон бол 34 дэх минутад Нидерланд хагас хамгаалагч Дирк Кюит оноог холдуулжээ.

Кюит өнгөрөгч сарын эхээр “Манчестер Юнайтед” багийн эсрэг хет-трик хийж байсан бол энэ удаад тус хотын өөр нэгэн баг болох “Сити”-гийн хаалганд гоолдсоноор “Ливерпуль” тоглолтыг 2:0-ээр тэргүүлэх болжээ. Энэ гоолоос ердөө минутын дараачаар Энди Карролл өөрийн хоёр дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар энэ тоглолтын эхний хагас 3:0 харьцаатай талбайн эздийн давамгайлал дор өнгөрчээ.

“Сити”-гийн багийн ахлагч Карлос Тевез 16 дахь минутад бэртэл авч, талбайг орхисон. Түүнийг орлон талбайд Марио Балотелли орж ирсэн ч үр дүнгээ өгч чадалгүй байсаар 83 дахь минутад Ди Йонгийн сэлгээ болон хувирчээ.
Улмаар энэ тоглолтын сүүлийн хагаст хамгаалалтаа сайн хийсэн “Ливерпуль” гоол алдалгүй дуусгаснаар “Манчестер Сити”-г хожиж, 32 дугаар тойргоос гурван оноо авснаар хүснэгтийн зургадугаар байрт 48 оноотой бичигдэж эхэллээ. Тэдний дээр “Тоттенхэм” клуб 53 оноотой явж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж