ТЕГ-ын дэд дарга асныг үргэлжлүүлэн шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын дэд дарга асныг үргэлжлүүлэн шалгаж байна

Татварын ерөнхий газрынхантай холбоотой дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тус газ­рын дэд дарга Ж.Батбаярыг өн­гөр­сөн оны аравдугаар сард Авли­гатай тэмцэх газрын Мөрдөн шал­гах хэлтсээс албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл тухайн үед тэрбээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн байсан юм.  Харин Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр одоогоор хаана юу хийж яваа нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Гансүх, Н.Бямбасүрэн, Ч.Энхбат нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газ­рын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа ажээ. Тэд­нээс өөр ТЕГ-тай холбоотой хүмүүсийн шалгаагүй байна. Харин Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй Ж.Батбаяртай холбоотой хэр­гийг Эрүүгийн цагдаагийн газ­рын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Батбаяр Туул голын эрэг дагуу хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг “Булган газар” хэмээх компанийг худалдан авч, хувьцааны 50 хувийг эзэмшдэг аж. Тэрбээр төдийлэн ахицтай үйл ажиллагаа явуулж байгаагүй уг компанийг багагүй хэмжээний хөрөнгөөр авсан гэнэ.  Уг компанийн  улсад төлсөн татварын мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгахад гэмт хэргийн шинжтэй, татвараас зайлсхийсэн ноцтой баримтууд байгааг тогтоожээ. Улмаар Ж.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар их хэмжээний татвараас зайлсхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн сэжигтнээр шалгаж эхлээд буй гэнэ. Түүний өмнө нь холбогдсон хэргийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулж, компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2000 гаруй компанид НӨАТ-аас зайлсхийх боломж олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад НӨАТ-аас компаниуд зайлсхийхэд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлийг нь тусгаарлаж, авлига албан тушаалынх нь хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа ажээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын эх сурвалжийн мэдээлснээр Ж.Батбаяр албан тушаалаа өгөөд удаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээ алга байгаа аж. Тэрбээр одоогоор ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй ажээ. Мөн Татварын ерөнхий газраас одоогийн байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ямар нэгэн албан тушаалтан шалгагдаагүй байгаа гэнэ. Албаны эх сурвалжууд “ҮТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дар­га Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нарыг саатуулан шалгаж эхэлсэн. Ч.Гансүх нарыг их хэмжээний татвар төлөгчдийг мөнгөнөөс завшиж хувийн данс нээн хуримталсан гэх хэрэгт буруутгаад буй” гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид ҮТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын дансанд нэг сая доллар, тус газрын байцаагч О.Бямбасүрэнгийн дансан дахь дөр­вөн тэрбум төгрөгийг олж тогтоогоод байгаа гэх. Түүнчлэн уг хэрэгт тус газрын Хяналт,шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, татварын байцаагч Н.Бямбасүрэн, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгасан билээ. Тэд­нийг улсын төсөвт төвлөрүүлэх ёс­той олон тэрбум төгрөгийн тат­варыг нуун дарагдуулсан, авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр тэдний холбогдсон хэр­гүүд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэлээд ээд­рээтэй, хугацаа шаардахуйц, гадаад, дотоо­доос баримт мэдээлэл цуг­луу­лах шаардлагатай. Дээр нь банк сан­хүүгийн байгууллагатай хол­боотой мэдээлэл авах зэрэг ажиллагаатай холбоотой нэлээд хугацаа шаардагдаж байгаа аж.

Э.БАЯСГАЛАН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж