Оюутолгойн ТУЗ-д чиглэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ТУЗ-д чиглэл өгчээ

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 27-ны өдөр буюу уржигдар хоёр дахь удаагаа хуралдсан юм. Харин өчигдөр хувь нийлүүлэгчдийн хурал өндөрлөж, Төлөөлөн удирдах зөвлөл нь үргэлжлүүлэн хуралдсан. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн болон Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийнхан хувь нийлүүлэгчдийн хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг тасралтгүй цааш үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна. Хувь нийлүүлэгчдийн хурлын товыг удахгүй дахин зарлах юм байна.
Түүнчлэн дээрх хурлаар хоёр тал Оюутолгой төслийн, тухайлбал барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, урьдын адил бүрэн дэмжиж ажиллахаар нэгдсэн саналд хүрсэн байна. “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд төслийн 2013 оны төсвийг батлуулах саналыг тавьсан байгаа. Харин Хувь нийлүүлэгчдийн хурлаас 2013 оны гуравдугаар сар хүртэлх үйл ажиллагааны зардлыг батлах талаар Оюутолгойн ТУЗ-д чиглэл өгчээ. Ингэхдээ гуравдугаар сард багтаан анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг тодруулах, дээрх чиглэлээр бусад хуримтлагдсан асуудлуудыг тодорхой болгох нөхцөлтэйгөөр дээрх шийдвэрүүд гарсан байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж