Л.Цог: МАН өөрчлөгдөхгүй бол бид хамтрахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Л.Цог: МАН өөрчлөгдөхгүй бол бид хамтрахгүй

УИХ-ын дэд дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогтой намын асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын өнгөрөгч Бага чуулганаар юу хэлэлцсэн бэ?

-Хамгийн эхэнд намын одоогийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Нам хэрхэн үйл ажиллагаа явуулж, ямар алдаа дутагдал, ололт байгаа талаар шүүмж өрнүүлсний эцэст намын төв байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулахаар болсон. Сонгуулийн өмнө намын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс 21 хүртэлх нарийн бичгийн даргатай болсон. Гэвч үүнийг үеэ өнгөрөөсөн гэж үзээд бүтцийн өөрчлөлт хийхээр шийдсэн. Ингээд одоо долоон нарийн бичгийн даргатай болсон. Өөрөөр хэлбэл байнгын орон тооны ажилтай нь үлдэж бусад нь хүчингүй болж байна гэсэн үг. Мөн намын үйл ажиллагааны талаар шүүмжлэхдээ улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар дорвитойхон ажиллахгүй байна гэцгээж байна. МАХН-ын даргыг улс төрийн хоригдол болгосон асуудлыг шүүмжилж намын тогтоол гаргасан. Ингээд “энэ хэргийг таслан зогсоо” гэх шаардлагыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд гаргасан. Мөн намын үзэл баримтлалын талаар ярилцсан. Энэ хүрээнд Социал демократ үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэдэг дээр тогтсон. Яагаад гэвэл зүүний чиглэлтэй улс төрийн бодлого үгүйлэгдэж байна. Социалдемократ үзэл баримтлалын шинэ хандлага болж буй Ардчилсан социализмыг Монголд бий болгох талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцсан биз дээ?

-Тийм ээ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг байр сууриа илэрхийллээ. Эвсэлтэй нэгдсэн байр суурьтай байж сонгуульд оролцоно гэдгээ зарлалаа. Нам дотроосоо хэд хэдэн хүний нэрийг нэр дэвшүүлэхээр ярилцсан. МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, мөн намайг УИХ-ын дэд даргын хувиар, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Д.Удвал гэх дөрвөн хүнийг нам дотроо шалгаруулахаар ярилцлаа.

-МАХН яг яаж сонгуульд оролцох гээд байна аа. Дангаараа юм уу, үгүй юу?

-Дангаараа биш ээ. Эвсэлтэй хамтрана шүү дээ. Ямартаа ч Шударга ёс эвслээс сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдсэн байр суурьтай оролцоно гэж байна. Гэхдээ эвслээс хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдгээ товлохын тулд гурав дөрвөн хүнийг ингэж урьдчилан тодруулж байгаа юм. Сарын дараа дахиад намын бага чуулган хуралдана. Тэр чуулганаас нэр дэвшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн үүднээс одоо ийн тодруулж, судалгаа хийж байгаа хэрэг.

-Ерөнхийд нь “сунгаа” гэж ойлгож болох уу?

-Яг ч сунгаа биш л дээ. Сунгаа явуулахыг хуулиар хориглочихсон. Гэхдээ танилцуулна гэдэг нь хориотой биш шүү дээ. Хэн нь хэн бэ гэдгийг нийгэмд танилцуулах, ямар жин дарахаар байна гэдгийг, төрийн тэргүүний сонгуульд оролцох болзлыг ямар утгаар хангах ёстой юм гэдгийг ярих нөхцөл бүрдэж байна. Ингээд дараагийн бага хурлаар энэ дундаас жинхэнэ нэр дэвших хүнээ сонгож гаргана. Эвслийн нөгөө талаас өөр хүн мөн гарч ирэх байх. Тэгээд хамтдаа ярилцаад хэн илүүг нь дэмжинэ дээ.

-Та хэдийг хаалга үүдээ түгжээд л хуралдаад байхаар чинь хэвлэлийнхэн “энэ хэд МАН-ынхантай яаж нэгдэх тухайгаа ярьцгааж байна” гэж хардаад байсан шүү дээ?

-Тэр талаар яриагүй биш, ярьсан. МАН-тай нэгдэх талаар задгай яригдсан. Гэхдээ албан ёсны асуудал болоогүй. Ерөнхийд нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох бусад намуудтай хэрхэн харьцах вэ гэдгийг ярилцсан. Энэ хүрээнд МАН-ын тавьсан саналыг хэлэлцсэн. Хүн бүр өөрийнхөө бодлыг илэрхийлсэн. Өнөө маргаашийн хувьд, хүмүүсийн буруу ойлгоод байгаа шиг нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэгдэх, нийлэх гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголт бий. Хоёр нам нэгдэнэ гэвэл аль аль нь татан буугдаад, нэг субьект шинээр гарна гэсэн үг. Ийм зүйл мэдээж байж болохгүй. Харин хамтрах тухай асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний язгуур эрх ашигт хамааралтай асуудлаар хамтарч болно гэсэн үг. Үүний нэг хэлбэр нь магадгүй ерөнхийлөгчийн сонгуульд явж явж нэг нэр дэвшигчийг тодруулж магад. Ийм л зүйл яригдсан болохоос биш нэгдэнэ нийлнэ гэж яриагүй. Бидэнд нэг л болзол бий. Бид шударга ёсыг үгүйлэн, шударга бусыг үл тэвчин МАНАН гэсэн бүлэглэлийн эсрэг явсан учраас манан тогтолцоонд буй ёс суртахуунгүй, хууль бус өмч хөрөнгийн хэрэгт хутгалдсан, нийгэмд нэр төргүй болсон тийм эрх мэдэлтнүүдтэй хамтрахгүй гэх байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ МАН толгойн дээрээ байсан олигархуудыг цэвэрлэж чадах юм бол яриа ойртох байх. Үүнийгээ ч бидэнд олонтаа ярьсан. Гэхдээ жирийн гишүүд бид угшил гарал нэгтэй гэдгээ сайн ойлгож байх хэрэгтэй.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эхлээд Ардчилсан намтай хамтрах асуудлаа ярилц” гээд чиглэл өгчихсөн юм биш үү?

-Тийм чиглэл байхгүй. “Монголын язгуур эрх ашгийн төлөө явж буй ямар ч намтай тодорхой асуудлаар хамтрахад бэлэн” гэдэг дээр л УИХ-д суудалтай эвслийн хувьд байр суурьтай байгаа. Гэхдээ энэ асуудлууд болоогүй байна. Цаг хугацаа харуулна. Болоогүй байна. МАН хэнийг дэвшүүлэх үү, МАХН–ын эцсийн утгаар хэнийгээ дэвшүүлэх үү, хэн нь жин даах вэ, Монголын ард түмэн хэнийг төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөх боломжтой вэ гэдгээс шалтгаалан хамтрах эсэх тухай шийд гарах байх.

-МАН, МАХН нь хамтраад орхивол МҮАН-ынхан ч зүгээр байхгүй. Тэд “Михайлд бодол бий” гэдэг шиг “бидэнд бодол бий” гэцгээж байна шүү дээ?

-Бид сонгуульд орсон Шударга ёс эвслээр нэгдмэл байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн. Хэлцэл цааш үргэлжилнэ. Эвсэл дундаас нэр дэвшигч гаргана. Бусад намуудыг харна.

-Би ойлгохгүй байна аа. МАН-тай ч хамтрах гээд байгаа юм шиг, Ардчилсан намтай ч хамтрах гээд байгаа юм шиг. Нэгдэх асуудлыг үгүйсгэх ч үгүй, батлах ч үгүй байх юм?

-Бид хоёр зүйлийг харж байна. Нэгд бид одоогийн буй удирдлагатай, МАНАН-гийн олиргарууд байгаа үед хүнд.

-Удирдлага өөрчлөгдөөгүй гэж үзээд байгаа юм уу? 

-Тийм биш л дээ. Бид харж байна. Бидний хувьд МАН-ын өөрчлөлт шинэчлэлийг их сонирхож, ажиглаж байна. Намаа шинэчлэх гэсэн хөдөлгөөн гарчихсан байна шүү дээ. Үүнийг ажиглаж, их зүйл хүлээж байна.

-Ингэхэд хоёр нам нэгдэх нь чухал юм уу, МАХН гэх нэр дор нэгдэх нь чухал юм уу?

-Намын нэрэнд ч гол зүйл байгаа юм биш. Намын үзэл баримтлалд, зорьж буй чин эрмэлзлэл нь чухал. Бид зүүний чиглэлтэй нам. Нийгэмд шударга ёс тогтооно гэсэн нам. Нийгмийн амьдралын бүх хүрээнд буй болохгүй бүтэхгүй бүх зүйлийн хөрс нь шударга бус байдал. Шударга бус явдлын үр дүнд ядуурал, баялагийн буруу хувиарилалт гээд байна. Энэ зүйлийн эсрэг явах намтай хамтрах нь чухал болохоос намын нэрэнд ач холбогдол өгөөгүй. Гэхдээ бид уугуул нэрээ авч үлдсэн гэдгээ мартаж болохгүй. МАН нь “хувьсгалт” гэх үгнээс татгалздаг нь барууны чиглэлтэй нам болох л зорилготой байсан шүү дээ. Үүнийг тухайн үеийн МАХН-ын гишүүдийн 70 хувь нь дэмжээгүй шүү дээ. Гэтэл сонгуулийн дүн засч байгаатай адил “дэмжээгүй зүйлийг дэмжсэн” гээд л явчихсан.

-Та хэд юугаа яриад тэгж их удав аа. Бараг үүр цүүрээр хурал өндөрлөсөн юм биш үү?

-Асуудлыг их буурьтай суурьтай ярьцгаасан. Намын дотоод сонгууль ч нэлээд цаг хугацаа авсан. Хүн болгон ярьцгаасан, Бид жинхэнэ ардчилалтай нам гэдгээ харуулж хэн нэгний ярих цагийг хязгаарлалтгүй яриулсан. Намын удирдлагийн арга барилыг шүүмжлэх нь зүй ёсны хэрэг.

-МАХН болон МАН нэгдэнэ, нийлнэ гэж бодъё. Гэтэл үүнийг эсэргүүцэж буй нөхдөд МАН эсвэл МАХН гэх нэрийг үргэлжлүүлэн авч явах боломж гараад ирэхгүй юу. Нэг нэрийг нь сонгоход нөгөө нэг олонд танигдсан нэр үлдэж таарна.

Нэрээ өөрчилснөөр тийм асуудал гарч болох л юм. Хэн үгүйсгэх билээ.  

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж