
гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн талаар зарим хүн элдвийн л зүйл
ярьдаг. Гэвч олны яриа, элдэв таамагт дуучин залуу ямар нэгэн тайлбар
хэлж, энэ тэрүүгээр гүйх дургүй юм билээ. Сонсогч фэнүүд хийгээд түүний
тухай мэдээллийг сонирхож явдаг хүмүүсийн хувьд, тэрбээр олон талын
“өнгөтэй” хүн. Тиймээс дуучин залуутай уулзаж, амьдрал уран бүтээлийнх
нь талаар яриа өрнүүллээ.
-Уран бүтээлч хүнтэй уулзсаных, энэ талаар яриагаа эхэлсэн нь
дээр байх. Сүүлийн үеийн уран бүтээл хийгээд хийж бүтээж буй ажлынхаа
талаар сонирхуулаач?
-Шинэ цомгоо гаргахаар бэлтгэж байгаа, нэрийг нь хараахан өгч амжаагүй.
“Гал үндэстэн” холбооны маань үйл ажиллагаа өдөр ирэх бүрт өргөжин тэлж
байна. Магадгүй нийгмийн захиалга ч юмуу нийт хүмүүсийн хүсч, дэмжиж буй
зүйл учраас үр дүн сайтай байгаа. Бусдад ямар нэгэн зүйл амлаж, дэмжлэг
туслалцаа гуйсангүй. “Ахан дүүс минь эвлэлдэн нэгдэж эх орондоо байгаа
муу муухай бүхнийг таслан зогсоож, зөв зүйлийг дэлгэрүүлье” гэсэн
уриатай ажилладаг. Хоосон амлалтаас илүү бодит зүйлээр үзэл бодлоо
илэрхийлж байна.
-Оны өмнөхөн бас нэг цомог гаргасан. Удахгүй гарах цомог тань юугаараа ялгаатай байх бол?
-Тэр бол 15 дуутай “Өмөлзөж харамлах нутаг” цомог байсан. Шинэ цомогт
маань ч гэсэн, ийм хэмжээний дуунууд багтсан. Сэдвийн хувьд, янз бүр л
дээ. Урьд нь гаргасан хит болон сүүлийн үед хийсэн олон сайхан дуу бий.
Тоглолтод оролцох бүрт хүмүүсийн орилж хашгиран байж дуулуулдаг “Өмөлзөж
харамлах нутаг”, “Андгай” зэрэг дуунаас гадна ээж аав, хайр харууслын
тухай сэдэвтэй дуунууд ч багтсан шүү. Юм юмтай л цомог гарах нь дээ.
/инээв/
-Таныг ээж аав, элбэрэл хайрын тухай дуулаасай гэж хүсдэг хүн
олон бий. Гэтэл сүүлийн үед эх орон, нутаг усаа харамлан хайрлаж буй
сэдэвтэй дуунууд хийх болсноос үүдэн уран бүтээлийг тань хэтэрхий
улстөржөөд байна уу даа гэх харыг ч бас дагуулаад байгаа?
-Уран бүтээлийн минь сэдэв хүрээгээ тэлж, даац нь нэмэгдэхийн хэрээр
хэсэг хүмүүс айж, ингэж мушгиж байж болох л юм. Түүнээс биш, эх орон,
энэ амьдрал, өвөг дээдсээ дуулна гэдэг чинь ээж аавыгаа дуулж байгаагаас
огт ялгаагүй. Элэнц хуланц минь хүртэл энэ газар дэлхийтэй холбоотой
шүү дээ. Удам угсаагаа судалж үзсэн ч тэр, огт ялгаагүй.
-Мэдээж хэрэг, та энэ үндсэрхэг үзлээрээ олон нийтэд чамгүй зүйл
хүргэхийг хүсдэг байх. Харин тан шиг ийм үзэл бодолтой залуус хэр олон
байгаа бол?
-Бусдыг тэгээсэй, ингээсэй гэж хүсэхээс илүү би өөрийнхөөрөө байх
дуртай. Энэ миний заяа тавилан ч юм шиг. “Дэлхий даяаршиж байгаа, хөгжил
нь хурдацтай байна” гээд л гадаад дотоодоор ярих л юм, зарим хүн. Яг
энэ даяаршил, хөгжил гэдэг чинь юу юм бэ. Сүүлийн үеийн залуус үүнийг юу
гэж ойлгодог бол… Колоничлолын форм буюу харийн хувцас өмссөнөө
даяаршил гээд байгаа юм уу. Баахан өндөр байшин барьж, брэнд
бүтээгдэхүүнээр өөрийгөө хучаад, паартай балгасанд шигдэж нуугдсанаа
хөгжил гэж нэрлэх үү. Уучлаарай, энэ чинь хөгжил биш. Тийм айхтар
хөгжилтэй байсан юм бол дэлхий ээжийг ингэж хилэгнэтэл нь бид амьдрах
ёстой байсан уу. Японыг хар л даа, бэлээхэн жишээ харагдчихлаа. Бидний
өвөг дээдэс энэ хөдөлгөөнтэй байгаа дэлхий дээр хөдөлгөөнгүй байгаа
суурин иргэншлийг үзэн ядаж, эх нутгаа хамгаалахын төлөө хэлж явдаг
байснаас биш, ийм “соёл” гээчийг шүтэж биширсэн үр садтай болохыг
хүсээгүй. Нүүдлийн соёлоос илүү шавар дагзанд амьдрахыг чухалчлаагүй.
Хүнээр яривал, эд эс бүхэн нь хөдөлгөөнгүй болчихвол яаж амьдрах юм бэ.
Яг үүн шиг үзэгдэл дэлхий дээр болж байгааг монголын залуус анзаарах
хэрэгтэй. Өвөг дээдсийнхээ түгээн дэлгэрүүлж явсан зүйлийг бид дэлхийд
таниулж чадвал тэр жинхэнэ хөгжил байх болов уу. Дэлхийгээ сөрсөн нь
сүйрч, дагасан нь мандан бадарч байна. Тиймээс сүүлийн үед нүүдлийн соёл
сэргэж эхэллээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу.