
Өнөөдөр Замын цагдаагийн газраас Ниймтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуй нэгжүүдийн өглөөний гаралт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолооч нарын ажилд гарч байгаа бэлтгэл ажил зэргийг шалгасан байна. Шалгалтаар нийтийн тээврийн техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй, гэрэлтүүлэх хэрэгслүүд гэмтэлтэй, жолоочын хувьд тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчилтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлчилгээнд гарах гэж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Эдгээр зөрчлүүдээс гадна жолоодох эрхийн ангилал ахиулах шалгалтанд орж байгаа нэрээр ангилалгүй жолооддог, жолооны курсд сурч байгаа хирнээ нийтийн тээврийн хэрэгсэл дээр дадлага хийдэг зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Өнөөдрийн шалгалтаар “Эрдэм транс” ХХК-ийн 0603 УНБ улсын дугаартай автобусны жолооч 0,69 хувийн согтолттой үйлчилгээнд гарах гэж байсан байна. Мөн “Мон-Кара” ХХК-ний харьяа 2331 УБП улсын дугаартай автобусны жолооч Ц.Охиноо нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Энэ жолооч Автобус-3 компанид ажилладаг бөгөөд ээлжийн амралтаараа “Мон-Кара” компанид давхар ажиллаж байсан байна. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоочийн зөрчил ч гарчээ.
Нэг л өглөөний шалгалтаар олон зөрчлүүд илэрч байгаа нь автобус компаний хариуцлага муу байгааг харуулж байна. Нийтийн тээврийн жолооч нартай холбоотой осол аваар ихээр гарах болсон нь энэ мэт хэнэггүй байдалтай холбоотой. Замийн цагдаагийн газраас дээрх зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор холбогдох байгууллагуудтай нь хамтран ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн замын нэгдүгээр эгнээг чөлөөлөхгүй зорчиж байгаа жолооч нарт хариуцлага хүлээлгэх, нийтийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар гудамж замын хяналтыг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү хяналтад иргэд та бүхэн идэвхитэй оролцож Замын цагдаагийн газрийн PAPARAZZI TRAFFIC фейсбүүк хуудаст дээрх зөрчлийг гаргаж байгаа жолоочийг фото зураг болон бичлэг хийн баримтжуулж тавьж болох юм. Таны ирүүлсэн баримтыг шалгаж зөрчил гаргасан нь тогтоогдвол зохих арга хэмжээг авч мэдээлэх юм байна.