Ноён уулын олдворыг хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Ноён уулын олдворыг хүлээлгэн өгнө

Новосибирскийн эрдэмтэд Монголын эртний нэгэн булшнаас олдсон үнэт олдворыг буцаах гэнэ. Оросын шинж­лэх ухааны академийн Сибирийн салбарын Эрдэмтдийн ордонд Ноён уулын хирэгсүүрээс олдсон манай эриний I зууны үеийн уран сайхны нэхмэлийн дээжээс тавин үзүүлжээ.

Энэхүү үнэт олдворыг ойрын үед Монголд буцаан өгөхөөр эрдэмтэд шийджээ.  Өмнө байгуулсан гэрээний дагуу Монголын нутаг дэвсгэрээс олдсон соёлын үнэт эд зүйлийг судалж зассаны дараа буцаан өгөх ёстой. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын археологчид үнэт өвийг тээвэрлэхэд бэлтгэж эхэлжээ. Новосибирскт айлчилсан Монголын  Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтөвшин үнэт олдворыг зохих горимын дагуу хадгалж нийтийн хүртээл болгоно гэдгээ Сибирийн эрдэмтдэд амласан гэнэ. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын археологичид Наталья Полосьмакын удирдлагаар 2005 оноос Хүннү гүрний үеийн зарим хирэгсүүрт малтлага хийж буй бөгөөд 2009 онд Сүсэгтийн амны “ноёны булшийг” нээсэн юм байна. Ноён уулын хирэгсүүрт органик материалын олдвор их байдаг бөгөөд булшны гүн, нарс модон бунхан, шаварлаг хөрс зэрэг нь олдворуудыг сайн хадгалжээ.  Эхлээд олдворууд шаварт зуурагдсан бөөгнөрсөн даавуунууд байсан ба түүнийг сэргээн засварлахад Оросын шилдэг мэргэжилтнүүд оролцсон байна. Улмаар олдворыг дэлхийн ямар ч музей голохооргүй үзмэр болгож чаджээ. Уран сайхны нэхмэлийг орчин үеийн Пенжаб оршиж буй Энэтхэг-скифын улс гүрэнд хийсэн бололтой. “Хүннү Торгоны замыг хянаж, олон иргэншлийнхний бэлгийг шанд нь авч байсан бололтой. Эдгээр даавуунууд олдсон газартаа л сайн хадгалагдан үлдсэн. Харин хийгдсэн газар нутагтаа ингэж хадгалагдах нөхцөлгүй юм” гэж Наталья Полосьмак тайлбарлав.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж