Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан”

-Жүжгээс төрсөн сэтгэгдэл-

Тэр бүр тайзнаа тавиад байдаггүй түүхэн жүжиг гэдэг утгаараа ч бас зар сурталчилгаа тэргүүтэн нь анхаарал татаж олны сонирхлыг татаж чадсан “Домогт Ану хатан” жүжиг өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийж, бямба, ням гаригт үзэгч дүүрэн өнжив. Өнөөдөр маргааш тоглоно.
Ням гаригийн тоглолтын хувьд жүжгийн нээлтийн уур амьсгал, баяр хүргэлт, ямар нэгэн нутгийн зөвлөлийн шагнал, тэргүүтэн үгүй, нам жимхэн, анхаарал сарниулах зүйл үгүй эвлэгхэн болж өнгөрөв. Магадгүй нээлтийн ёслолын хөөрлийг дагаад үзэгчдийн, жүжигчдийн анхаарал сарнидаг ч байж болох.
Социализмын үед утга зохиолын чиглэлээр суралцаж байгаа хэн бүхний заавал унших номны тоонд ордог байсан, гурван хуруу зузаан “Зүрхний хилэн” романаас эхлээд монголчуудын мандан бадарч, задран бутарч байсан түүхийн хүүрнэл болгонд тэр тусмаа гашуунаас гашуун сургамж үлдээсэн Халх Монгол Манж улсад дагаар орсон он жилүүдийн шашдирт Галданбошгит хаан яалт ч үгүй тодоор бичигддэг. Өөр хоорондоо хэмлэлдэн тэмцэлдэж байсан халхчууд түүнийг ар Монгол Манжид дагаар орсны гол буруутан ч гэж харааж зүхдэг. Түүхийн талаар илүүг нуршаад яах вэ дээ, харин яалт ч үгүй их хаанаас ангид авч үзэхгүй байхын аргагүй түүхэн хүн бол хатан Ану. Тийм ч учраас Ану хатны тухай жүжиг сонирхол татахаас өөр аргагүй юм.

Түүхийн ном шашдирт ч ам дамжсан домог, яриа, үлгэр тууль зэрэгт ч ухаант хатны тухай өгүүлсэн нь олон. Дэлхийн талыг эзэлсэн түүхтэй монголчуудад Өүлэн ээж, Бөртэ үжин, Мандухай сэцэн хатан гээд домогт мэргэн хатад, ухаант монгол бүсгүйчүүдийн төр засах мэргэн ухаан, түүхэн үүргийг мартах аргагүй. Мэргэн хатдын бахархам түүх ч арвинтай улс, бид.  
Харин ч яг л Ану хатны талаар зохиол бичсэн Б.Шүүдэрцэцэг бүсгүйгээр бахархан, талархаж байна. Б.Шүүдэрцэцэг өнгөрсөн жил “Домогт Ану хатан” романаа бичин гаргасан. Тэнгэрийн өнгөт цэв цэнхэр дээлтэй залуухан бүсгийн зурагтай номын сурталчилгаа нийслэлийн төв талбайг чимж байсныг та бүхэн санаж байгаа байх. “Майлээр илгээсэн ягаахан сарнай” гэх мэтчилэн гэнэн цагаахан өгүүлэл бичиж асан зохиолч бүсгүй дараагийн их үсрэлтээ хийсэн нь энэ. Монголд ном уншдаг хүн цөөхөн, зохиол бичээд амжилт олно гэж хэцүү гэж ярьдаг хүмүүсийн дэргэд харин ч ихийг бүтээсэн, олон ч ном худалдаанд гаргаж, амжилттай ажиллаж байгаа бүсгүй. Дэгжин цэмцгэр, залуухан бүсгүйн номыг амтархан уншдаг фенүүд ч олон, хэвлэлийн салбарт цахиур хагалан амжилттай ажиллаж байгаа гэдгийг бардам хэлж болох цөөн зохиолчдын нэг билээ.  
Төсөрхөн өгсөн ярилцлагадаа зохиолч бүсгүй “Домогт Ану хатан” жүжгийн Очирт сэцэн ханы дүрд тоглосон Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай намайг Очирт сэцэнтэй минь бүү хатаачихаарай, кино болгоорой гэж хэлж байсан гэж дурссаныг бодоход цаашаа дахиад үргэлжлэл байж болох юм шиг. Дашрамд бас зохиолч бүсгүй Богдын их хатан Дондогдуламын тухай роман бичиж байгаа гэсэн. Бас нэг сайхан часхийсэн бүтээл гарах байх аа. 
 
“Домогт Ану хатан” роман даацтай сайхан бүтээл болсны адилаар жүжиг ч бас онцгой сэтгэгдэл төрүүлж чадлаа. Мэдээж хэрэг, мэргэжлийн төвшинд шүүмж дүгнэлт өгч чадах биш, жирийн л уншигч, үзэгчийн зүгээс харахад шүү дээ. Сонирхолтой тавилт, өрнөлттэй, чамбай жүжиг үзэгчдийг эзэмдэж, чадлаа. Ганц нэг жишээ цохлон дурдахад эртний хатад жир нэгэн гоо үзэсгэлэнт ямбат ахайтнууд бус ном эрдэм, цэргийн ухаан, төрийн хэрэгт бүгд чамбай бэлтгэгдсэн байдгийг насан өндөр болсон Юм-Агас хатан Анугийн шивэгчин бүсгүйг зэмлэхдээ нумаа түүртэлгүй шүүрэн авч, толгой дээгүүр нь хий сум сүрдүүлж байгаагаар харуулдаг. Ноёд, хаад агь гүнж нараа эртнээс алив эрдэмд сургаж, ялангуяа хатан суух ахайтныг тусгайлан сурган хүмүүжүүлж дасгалжуулж байдаг, түүхэнд нэрээ үлдээсэн, үлдээгээгүй хатад бүхэн жир бус хүмүүс байсныг энэхэн хэсгээр оновчтой харуулсан юм шиг.  Юм-Агас хатны талаар ч түүхэн зохиолуудад нэлээд тодорхой харуулсан байдаг л даа.
“Домогт Ану хатан”-ы ням гаригийн тоглолтыг Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ц.Гантөмөр нар ирж үзэж байгаа харагдсан. Ц.Гантөмөр вээр залуучууддаа амжилт хүсэн энэ жүжгийн гол онцлог нь залуу жүжигчид хүч түрэн орж ирж тоглож байгаа гэж онцоллоо. Түүний хэлснээр бол дөнгөж сургуулиа төгссөн залуухан жүжигчид ч энд тогложээ. Нээрээ ч тийм ч танил бус зүс царай, дуу хоолой хэд хэд сонсогдсон. Жүжигчин Н.Бат-Өлзий, С.Сарантуяа нарын хүү Б.Тамир Галдан бошигтын хүү Сэвдэнбалжирын дүрд хөөрхөн тоглосон байна лээ. Аргагүй л нас балчир агийн дүрд тохирч байсан.   
Гол дүрийн сонголт нь ч сонирхол татам. Түүхэн жүжгийн гол дүр тэр тусмаа домогт Ану хатны дүрд тоглоно гэдэг жүжигчин болгоны хүсэн мөрөөдөх ховор боломж. Нэгэнт энэ дүрийг бүтээхээр оноогдсон л бол хүссэн ч эс хүссэн ч театрын түүхнээ бичигдэнэ. Чадсан ч эс чадсан ч ийм ауагаа түүхэн жүжгийн ийм гайхалтай дүр болохоор ямар ч жүжигчнийг “чирээд” явчихна. Харин сайн, маш сайн, эсвэл үүнээс илүү сайн тоглож болох байсан эсэх тухай л хэмжүүр яригдах болохоос биш. Үүнд мэргэжлийн хүмүүс үнэлгээ, дүгнэлт хийнэ биз. Гол дүрийн жүжигчин Ц.Баясгалангийн хувьд “Гоо марал 2010” туслах дүрийн шагнал авсан гэдгээс өөрөөр, үзэгчид сайн мэдэхгүй, ихэвчлэн туслах дүрд л тоглож байсан болов уу? Гэхдээ бас орь залуу жүжигчин ч биш. Дээр өгүүлснээр мэргэжлийнхэн л үнэлэлт дүгнэлт өгнө үү гэхээс ямар ч гэсэн дүрээ бүтээгээд даваад гарсан, өөлөхөөр, гоочлохоор зүйл жирийн үзэгч миний хувьд л лав анзаарагдсангүй. Харин ч түүхэн хатны дүр гэхээр л С.Сарантуяа, Н.Сувд гээд л мундагчууд дүр төрх санаанд буудаг ойлголтыг эвдэж чадсан гэж хэлмээр. Галдан бошигт хааны дүрд тоглосон Ц.Цэрэнболдын тухай ч бас үүнийг бичигч сайн мэдэхгүй. Бас л лав орь залуу жүжигчин бус. Гэхдээ л Галдан бошигтын дүрийг үүнээс өөрөөр яаж тоглох байсан бол гэж төсөөлөгдөхөөргүй, “наалдац”-тай харагдаж байна лээ.

Жүжгийн тавилтын хувьд яалт ч үгүй хэлэх ёстой зүйл гэвэл жинхэнэ тайзны “төрмөл” найруулагч Урлагийн гавьяат жүжигчин Б.Баатарын ур дүй яалт ч үгүй энэ жүжгийн гол амин сүнс нь болсон болов уу гэмээр. Бямба гаригт манай сайтад жүжгийн нээлтийн талаар мэдээлсэн мэдээний сэтгэгдэлд байлдааны хэсэг арай л жол болсон гэсэндүү утгатай зүйл харагдаж байсан. Харин ч тайз заслын бүр цаашилбал жүжгийн гол зангилаа болсон Монгол гэрийн хана, унь, авдар тэргүүтнийг ашиглаад их эвтэйхэн шийдэл харуулсан байна лээ. Ойрд, монгол хагаралдан тэмцэлдэхэд энгийн авдар, айрагны хөхүүр байсан деталиудыг салгаад бамбай, жад болгоод хувиргачихсан. Айл гэрээ эвдэн нурааж байгааг үүгээр давхар илэрхийлсэн. Жүжгийн үйл явдал өрнөлийг ч тайзны гол чимэг, гэрийн тооно бөхийх зэргээр утга санааг илүү тодотгож өгч чадаж байсан. Ойрд, монгол хагаралдан тэмцэлдсэн гунигт түүхэн хүнд жүжиг дундуур олон жилийн дайн тулаанд туйлдаж ядарсан эрс эцсийн тулаандаа бэлтгэн амсхийнгээ нэгнээ бяцхан шоглон, цагаахнаар хөхрөлдөн инээлдэж байгаа хэсэг бяцхан ч гэсэн инээмсэглэл дагуулж, үзэгчдийг амирлуулна. Тэгээд л Анугийн үхэл… Домогт хатны домогт үхлийг бас тайзны аргаар тун чадамгай харуулна лээ.

Зарим нэг жүжгийг үзээд, театрын хилэн хөшиг хэдийнэ хаагдчихсан байхад ч нэг зүйл дутуу юм шиг, ингээд л боллоо гэж үү гэсэн чамлах сэтгэл төрдөг. Харин “Домогт Ану хатан” чингэсэнгүй. Өөрийн эрхгүй баярлах сэтгэлээр алга таших л үлдээд байлаа. Энэ том бүтээлийн ард гарсан жүжигчид  ч гэсэн уужим амьсгаа аван баярлаж байсан байх. Түүхэн аугаа хатны дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Баясгалан баярын нулимстай зогсох болов уу гэж таамаглаж байсан ч тэрбээр даруухан мишилзэж харагдана лээ. Лав нээлтийн өдөр баярын нулимс унагасан байх аа. Жүжгийг өнөөдөр, маргааш тоглоод түр завсарлан энэ сарын 21-30 хүртэл дахин тоглоно. “Домогт Ану хатан”-ы тасалбарыг хайсан үзэгч олон, хүлээлт их байгаа учраас тоглолт бүр дүүрэн үзэгчтэй байх буй за. Түүхэн энэ том жүжгийг амжилттай бүтээсэн нийт хамт олон, ялангуяа зохиолч Б.Шүүдэрцэцэгт амжилт хүсч, талархал илэрхийлсүү.

А.АЛТАНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж