Б.Гантуяад туслах болзоонд урья

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Б.Гантуяад туслах болзоонд урья

Залуучууд үе тэнгийнхээ нэгэн охинд туслахаар сайн дурын ажил эхлүүлжээ. Тэдний чин сэтгэлээсээ туслахыг хүсч байгаа бүсгүй бол Бумансаны Гантуяа юм.

Гэгээн залуу насандаа элэгний хүнд өвчний улмаас эмнэлэгт олон жилийг үдэж буй Б.Гантуяад туслах найзуудынх нь санаачилгын нэг болох “Speed Dating” буюу “Хурдан болзооны үдэшлэг” маргааш буюу гуравдугаар сарын 1-нд болох гэж байна. Архи, тамхигүй орчинд болзож, үеийн найздаа туслах сонирхолтой үдэшлэгийн такс 25,000 төгрөг байх  аж.

Үдэшлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж, танилцаарай.

Бумансаны  ГАНТУЯА

Бумансаны  Гантуяа нь 1989 оны 12 сарын 10-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж, эрүүл саруул өсч өндийжээ. Спортын онцгой авьяастай, волейболын спортоор хичээллэдэг, аймгийн аварга, тэргүүний сурагч гээд олны дунд онцгойрч чаддаг байсан цовоо сэргэлэн охин 2004 оны есдүгээр сард элэгний халдварт А гепатитаар өвчлөн эмчлүүлж байх хугацаандаа  дахин халдварт В гепатитийн  халдвар авсан нь элэгний хатуурал үүсэх шалтгаан болжээ.  

2007 оноос  элэгний цирроз нь маш эрчимтэй даамжирч, 2010 онд элэгний циррозын  улмаас  улаан хоолойн венийн судас  өргөсч  хагаран,  цус алдан судас боолгуулж, сэхээн амьдруулах эмчилгээний дүнд  амь үлдэж чадсан байна. Гэтэл 2011 оны 12 сараас өвчин нь улам хүндэрч, хэвлийд нь ус  хурах болжээ. Одоо  тэрээр долоо хоног тутамд  хэвлийгээсээ  7-10 л ус авахуулж, плазм сэлбэх, уураг болон тэжээлийн шингэн судсаар хийх зэрэг эмчилгээ хийлгэн амь торгоож байгаа юм.

Энэ бүх эмчилгээний өртөг  болон хотод эмчлүүлэх,  эмнэлэгтээ ойр байхын тулд  байр хөлслөн амьдрах, шим  тэжээлтэй хоол, витамин хэрэглэх  зэргээр гэр бүлээс нь жилд  8-10 сая төгрөгийн зардал тогтмол гардаг байна. Б.Гантуяа нь Улсын  Клиникийн Нэгдүгээр эмнэлэгийн  элэг солих багийн хяналтад байдаг боловч санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүйн улмаас 2012, 2013 оны төлөвлөгөөт  хагалгаанд багтаж чадаагүй ажээ. Б.Гантуяад түүний төрсөн ах Б.Гантулга /32 настай/ донор болохоор шинжилгээ хийлгүүлэхэд боломжтой хариу авсан байна. Энэ гэр бүлийнхэн олон жилийн туршид (6 жил) өвчтэй хүнийг асран, эрүүл болгохын төлөө /ээж нь түүнийг тогтмол асардаг тул ажил хийж чаддаггүй/ маш их хичээсэн боловч сайжралыг үзэлгүй одоо эцсийн  шатандаа ороод байгаа нь энэ. Монголд энэ хагалгааг хийлгэхэд гарах зардал болох 60 сая төгрөг ч түүний ар гэрт одоо байхгүй байна. Гадаадад хагалгаа хийлгэвэл үүнээс ч илүү зардал гарах нь ойлгомжтой.  Охины одоогийн биеийн байдлыг үзэж байгаа эмч нарын дүгнэлтээр  ойрын 1-6 сарын хугацаанд элэг  солих хагалгааг хийлгэхгүй бол охины биеийн байдал улам муудаж, амь эрсдэж болох нөхцөл бүрдээд байгаа юм.

Түүний найз нөхөд, сайн санааны аянд нэгдсэн олон залуус Б.Гантуяагийн эмчилгээнд хандив цуглуулахаар дараах ажлуудыг санаачлаад байна.

  • Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр, Болорчулуун нарт өргөдөл гаргасан.
  • Эмэгтэй гишүүдийн бүлэгт өргөдөл өгсөн.
  • Эмчилгээ, биеийн байдлын талаар танилцуулга бэлтгэж олон нийтэд тараасан.
  • ТВ-8, Ийгл телевизүүдийн мэдээний хөтөлбөрөөр мэдээлэл цацсан.
  • Б.Гантуяагийн тухай долоон минутын нэвтрүүлэг бэлтгэсэн.
  • Нэвтрүүлгийг “Эм Эн Си”, Амонг, ТВ9 телевизээр цацуулж байгаа.
  • Дорнод аймгийн таван телевиз нэвтрүүлгийг мөн олон нийтэд хүргэж өгч байгаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж