Хятад ресторан япончуудад үйлчлэхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Хятад ресторан япончуудад үйлчлэхгүй гэжээ

Хятадын Бээжин хот дахь “Snacks” нэртэй ресторан Филиппин, Вьетнам, Япон улсын иргэд болон нохойд үйлчлэхгүй гэсэн журам гаргаснаас багагүй маргаан дэгдээд байгаа тухай ВВС мэдээлжээ. “Snacks” ресторан энэхүү журмаа хятад болон англи хэлээр бичиж, бүгдэд харагдахуйцаар хаалган дээрээ байрлууснаар илүү олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Бээжин дэх Вьетнамын Элчингийн зүгээс “Snacks” рестораны дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээгээд үүний эсрэг тохирох хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Харин Япон, Филиппины албаныхны зүгээс дээрх үйлдэлд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа боловч тус улсуудын иргэд рестораны журамд ихээр дургүйцэж, уур бухимдлаа илэрхийлсээр байгаа аж. Түүнчлэн энэхүү маргаан цахим ертөнцөд илүүтэй шуугиан дэгдээсэн байна. “Facebook”-чдийн зүгээс рестораны эзнийг эрх баригчдад тархиа угаалгасан хэмээн буруутгаж, шинэ журмаа өөрчлөхийг анхааруулжээ.

“Snacks” рестораны дээрх үйлдлийг шинжээчид эдгээр Азийн гурван орон удаан хугацаанд Хятад улстай газар нутгийн болон хил хязгаарын маргаан дэгдээгээд байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин шүүмжлэгчид тус ресторан хэт туйлширч, ялгаварлан гадуурхсан журам гаргасан хэмээн буруутгасан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж