Монголын хууль үйлчлэхгүй гэх нь зөв үү

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Монголын хууль үйлчлэхгүй гэх нь зөв үү

Гадаадад үйлдсэн гэмт хэрэгт Монголын хууль үйлчлэхгүй гэх нь зөв үү

Иргэний бүртгэлийн байгууллагаас гаргасан судалгаараар монголчууд дэлхийн 76 орны иргэдтэй худ ураг барилцсан байдаг. Гадаадын иргэдтэй ханилсан монгол иргэдийн 95 хувь бүсгүйчүүд. Харийн эр дагаж, хангалуун амьдрахыг хүссэн зарим бүсгүйн тухай хар бараан мэдээлэл байсхийгээд л дуулдаж, монголчуудын зүрхийг шимшрүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд л Филиппин улсад тавхан сартай охиноо эцэгт нь булаалгаж, орох оронгүй, ойчих аягагүй болсон тухай зовлонгоо Т.Аятунгаа бүсгүй хэвлэлийнхний өмнө уйлан хайлан тоочсон. Монголын засвар өмсөгч бүсгүйг интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл түгсэн нь түүнийг ийн олны өмнө гарахад хүргэсэн нь энэ.

Тэрээр “Филиппинд байх визний хугацаа дууссан учир цагаан хуудсаар эх орондоо ирсэн. Дөрвөн сарын өмнө тавхан сартай охиныг минь аав нь салхилуулахаар авч гараад алга болсон. Өнөөдрийг хүртэл би охиноо олж чадаагүй, амьд эсэхийг нь мэдэхгүй байна. Охиныг минь олоход туслаач. Би гэмт хэрэгтэн биш, харин ч охиноо алдсан хохирогч. Намайг интерполоор эрэн сурвалжлуулсан нь Чарльз Эдвардын хийсэн үйлдэл. Нөхөр байсан хүнээ олон улсын иргэншилтэй гэдгээс өөр юу ч мэдэхгүй” гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулсан. Гэвч үүний дараа нөхөр болох Чарльз Эдвард “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Тэргэлсар охин эсэн мэнд өсч торниж байгаа, асран халамжлах эрх өөрт олгогдсоныг онцлоод Т.Аятунгаа хүүхдээ хөнөөхийг завдсан, архинаас хамааралтай амьдардаг байсан гэх мэтээр түүний үнэн дүр төрхийг илчилсэн мэдээлэл цацав. Түүний түгээсэн мэдээллээр Т.Аятунгаа охиноо алдсан хохирогч бус, үрдээ харгис балмад хандсан, “Энэ хүүхэд амьдрах ёсгүй” гэж газар шидэж, аминд нь хүрэх шахсан гэмтэн болж таарлаа. Тавхан сартай нялх үрээ газар шидэж, хөнөөхийг завдах нь эх хүнээс гарах ааш авир мөн үү. Үүнээс болж монголчууд Т.Аятунгааг өмөөрөх ч хэцүү, буруутгах ч хэцүү байдалд орчихоод байна.

Т.Аятунгааг олон улсын цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах үндэслэл нь ч тодорхой болов. Тэрээр гэмт хэрэг үйлдээд хууль шүүхийн өмнө очих дээрээ тулсан учир эх орон руугаа оргон зугтжээ. Мэдээж, хүүхдийн эрх хамгийн түрүүнд тавигдах учир хэчнээн эх нь ч бай буруу зүйл хийсэн л бол ингэж хатуурхах нь ч зүй ёсных.

Үндсэн хуульд иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно гэж заасан учир манай улсын цагдаагийн байгууллага хэдийгээр интерполын гишүүн орон ч, түүнийг баривчлан Филиппин улсын талд хүлээлгэж өгөхгүй. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынханд “эцэг хууль”-ийнхаа дээр гишгэх эрх байхгүй.

Харин Т.Аятунгаа Монгол Улсын хилийн дээс алхаж, өөр улс орон руу явах л юм бол баривчлагдана гэдгийг хууль хяналтынхан хэлж байна. Үүнээс улбаалж манай улс гадаадын аль нэг улс оронд гэмт хэрэг үйлдээд зугатаж ирсэн иргэнээ өмгөөлж, хамгаалах нь зөв үү гэсэн асуулт хариу нэхэх болов. Үндсэн хуулийнхаа дээрх заалтыг хэрэгжүүллээ гэхэд Т.Аятунгаагийн хувьд хариуцлагаас зугатаж, эх орондоо насан туршдаа бүгэж амьдрах нь. Эсвэл гэмээ ухаарсан тохиолдолд нөхөр, хүүхдээсээ уучлал эрэн, Филиппиний хууль шүүхийн байгууллагаас оноосон шийтгэлийг хүлээж болно. 

Хууль тогтоогчид цаашид гадаадад гэмт хэрэг үйлдээд эх орон руугаа зугатаж ирсэн иргэнд өөрийн улсын хуулийн дагуу шийтгэл ногдуулж, хариуцлага хүлээлгэдэг зүйл заалтыг холбогдох хуульдаа тусгахад буруудахгүй биз ээ.

Б.ЦЭЦЭГ

"АРДЧИЛАЛ" сонин

Эх сурвалж: www.assa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж