Рейхстаг: Хуйвалдаан уу, эсвэл өшөө авалт уу?

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Рейхстаг: Хуйвалдаан уу, эсвэл өшөө авалт уу?

Наян жилийн өмнө Рейхстагт гарсан гал түймэр нацистуудад хэдэн арван мянган улс төрийн өрсөлдөгч нараа баривчлан хорих, ардчилсан эрх чөлөөг хаах шалтаг болсон билээ. Рейхстагийг хэн шатаасан бэ? Энэ түймэр хэнд ашигтай байв?

1933 оны хоёрдугаар сарын 27-нд Рейхстагт гарсан галын талаар зарим түүхчид "Рейхстагийн галд немцийн ардчилал шатсан” гэж сүр дуулиантайгаар зарлан мэдэгддэг. Үнэндээ яг ч тийм биш. Немцийн парламентын байшинг хэн шатааснаас үл хамааран национал-социалистууд энэ үйл явдлыг Германд тоталитар дэглэм тогтоох шалтаг болгон ашигласан юм.

Рейхстаг шатаж байгаа нь. 1933 оны хоёрдугаар сарын 27

Рейхстагийн байшин оройн есөн цагийн үед  галд автлаа. Гал түймрийг унтраахаар олон тооны гал сөнөөгчид ажиллаж байсан ч хуралдааны танхим бүрэн шатсан байв. Гал түймэр гарсантай холбогдуулан цагдаа нар Рейхстагийн байрны жижүүр Маринус ван дер Люббе гэгч 24 настай голланд залууг баривчилжээ. Удалгүй тэрбээр коммунистуудтай холбоотой нь тогтоогдож, ван дер Люббе ч гал тавьснаа хүлээн зөвшөөрч, засгийг эзэлсэн национал-социалистуудыг эсэргүүцэн ганцаараа Рейхстагийг шатаасан гэжээ.

"Фюрер" галзуурах шахаж байв. Үүнээс нэг сарын өмнө ерөнхийлөгч түүнийг рейхсканцлераар томилсон байв. Тэр үед Веймерийн бүгд найрамдах улсад канцлерүүд бараг сар бүр л өөрчлөгдөж байсан юм. Улс орныг бүрэн эрх мэдэлдээ авахын тулд национал-социалистуудад замаасаа нөлөө бүхий өрсөлдөгч нар болох коммунистууд болон социал-демократуудыг зайлуулах ёстой байлаа. Тиймээс галдан шатаагч ганц эр түүнд хэрэгтэй байжээ. Тэр хөлөө дэвслэн байж “Энэ бол коммунист хуйвалдаан! Энэ тахлыг устгах ёстой!" хэмээн орилж байлаа.

Ардчиллын төгсгөл

Пруссийн Цагдаагийн сайд байсан Геринг (Hermann Goering) тэр зааврыг дор нь ойлгов. Тэрээр Рейхстагт гал тавьсан явдал нь коммунист бослогын уриа хэмээн зарлаж, тэр шөнөөс эхлэн коммунист намуудын парламентын депутатууд болон удирдлагыг нь баривчилж эхэлсэн юм. Дайрагчид тэднийг тамлан байцааж, зодон нүдэж байв. Энэ үеэр хэд хэдэн хүн амиа алджээ. Гал түймрээс хойш хэдэн долоо хоногийн хугацаанд 25 мянга орчим хүнийг баривчлан, шоронд хорьжээ.

Коммунист бослогоос айдаг Германы ард иргэд болоод консерватив элитүүдийн айдсыг нацистууд тун чадварлагаар ашиглав. Рейхстагийг галдсаны маргааш нь рейхсерөнхийлөгч Пауль фон Гинденбург (Paul von Hindenburg) “Ард түмэн ба улс орныг хамгаалах тухай” гэсэн яаралтай зарлигт гарын үсэг зурж, шууд хүчин төгөлдөр болсон байв. Уг зарлиг нь иргэний эрхийг эрс хязгаарласан байв. Жишээлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бараг хориглогдсон ба хэвлэлийн болон цуглаан жагсаал хийх эрх хумигдсан байв. Улс нь шуудангийн илгээлт, утсаар ярих эрхийг хянах боломж авсан байв. Мөн прокурорын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийх болов. Удалгүй сөрөг хэвлэл хаагдлаа.

Немцийн нэртэй түүхч Ханс Моммзений (Hans Mommsen) бусад мэргэжил нэгтнүүд нь эдгээр арга хэмжээг Рейхстагийн түймэргүйгээр хожим авч хэрэгжүүлсэн гэж үздэг. “Галын улмаас гаргасан журам нь Гитлерт онцгой эрх өгөхөөр төлөвлөгдсөн хуульд заагдсан байсан юм. Тиймээс Рейхстагийн гал нь дарангуйлал тогтоох ажиллагааг хурдасгаж өгсөн. Гитлер бүрэн эрхийг хүлээж байснаасаа хурдан авсан” гэж тэд дүгнэжээ.

Бүтэлгүйтсэн шүүх

Национал-социалистуудын эрсэг байсан хүмүүс галыг Гитлер ба түүний нам зохион байгуулж тавьсан гэж үздэг. Рейхстагийн галыг унтраах явцад галын 20 орчим голомтыг илрүүлсэн гэдэг. Тэр нь ван дер Люббе ганцаараа гал тавьсан гэдгийг баталгаагүй болгосон хэрэг юм. Үүний өмнө Берлин хотын бусад байр  байшинг шатаах гэсэн Рейхстагт гал тавьсан хариуцлагыг тэр шүүх хурал дээр өөртөө авсан юм. Гэвч өнөөг хүртэл түүний гэм буруутайг тогтоож чадаагүй байгаа. Коммунистууд уг хэргийг Аюулгүйн албаны дайрагчид хийсэн гэдэг. Түүхчдийн ихэнх сэтгэцийн гажигтай ван дер Люббе ганцаараа гал тавьсан гэж үздэг аж.

Маринус ван дер Люббе

Рейхстагт гал гарснаас хойш хагас жилийн дараа түүнийг өөр дөрвөн хүний хамт Лейпцигт шүүж эхэлсэн байв. Тэр сэжигтнүүдийн тоонд Веймерийн бүгд найрамдах улсын парламентын коммунистуудын жигүүрийн дарга Эрнст Торглер (Ernst Torgler), Болгарын коммунист Георгий Димитров нар байлаа. Шүүх дээр Димитров, Геринг хоёрын хооронд маш ширүүн маргаан явагдсан нь түүхэнд үлджээ.

Шүүх хурал национал-социалистуудад тааламжгүй төгсөв. Ван дер Люббе л цаазын ял аваад 1934 онд  цаазлуулжээ. Харин нөгөө дөрвийн гэм буруутайг тогтоож чадаагүй учраас суллав. Тэр үед Веймерийн шүүх бие даасан хэвээр байжээ. Харин хэсэг хугацааны дараа национал-социалистууд тэр шүүхийн оронд “Ард түмний шүүх” гэгчийг байгуулсан нь дарангуйлагчдад таатай шийдвэрээр асуудлыг шүүж байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж