
Италийн сонгуулийн өрсөлдөөнд хувь хүний мөн чанар, хүчин зүйл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай. Боловсрол, ажлын туршлага, нэр хүндээс гадна нэр дэвшигчдийн гадаад төрх, хувийн амьдрал гээд сонгогчдын хувьд бүхий л талаас нь авч үзнэ. Зүүний төвийн Ардчилсан намын эвслийн лидер, 61 настай Пьер Луижи Берсани телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хар үсэн “титэм”-тэй, орой хэсэгтээ халзан гэдгээ хэлжээ. Ингээд л түүний хувь хүнийх нь хувьд мэдээлэл дуусав.
Тэс эсрэг хүмүүс

Сонгуулийн гол өрсөлдөгч нь болсон Сильвио Берлускони бол түүнээс огт өөр хүн. Одоо 76 настай, Ерөнхий сайд асан сонгуулийн кампанийн үеэр өөрийн нас, гадаад төрхийн талаар сэтгүүлчидтэй дуртайяа “аальгүйтэж” байлаа. Медиамагнат залуу харагдахын тулд хэрэглэдэг гоо сайхны бараа, үс сэргээгч, түүгээр ч барахгүй арьсаа татуулдаг гэдгээ ч нуусангүй.
Тэдний хувийн амьдрал нь ч огт өөр. Берлускони дуулиан шуугиантайгаар гэр бүлээсээ салсан, үүнээс болоод шүүх, прокуроор ч давж заалдсан. Хайрын паян, амрагийн адал явдлын асуудалд орооцолдож, үргэлж хэвлэлийн бай болж явдаг. Харин Берсани гуч гаруй жил эхнэртэйгээ ханилан сууж, элдэв “шар мэдээ”-нээс холуур явжээ. Хувийн амьдрал нь нээлттэй бус. Нэг ярилцлагадаа тэрбээр “Цаг барсан дэмий зүйл, тэнэглэлд зарцуулах цаг зав байхгүй” хэмээж ч байсан. Өрсөлдөгч Берлусконийн талаар “Илбэчний гэмээр үзүүлбэр, хуурмаг тэнэг үгээр хямралыг туулахгүй” гэж байв. Берсани зангиагүй цамцтай, ханцуй шамлан ажилд ороход бэлэн буй мэт харагдах сонирхолтой бололтой. Ихэнх гэрэл зургууд нь тийм байдаг.
Пьер Луижи Берсани улс төрд шинэ хүн биш. Италийн хойд нутгийн жижиг тосгоны шатахуун түгээгчийн гэрт төрсөн тэрээр Болонийн их сургуульд гүн ухаан, христийн шашны түүхийг судалжээ. Дараа нь багшаар хэсэг ажиллаж байгаад улстөрд хөл тавьсан аж. 1991 он хүртэл Италийн коммунист намын удирдах ажилтан байгаад Берлиний хана нурж, Зөвлөлт задарсны дараа тэрээр олон удаа нэр нь солигдсон Ардчилсан зүүний хүчний намд байр сууриа олжээ.
Берсани 2009 онд Италийн ардчилсан намын Үндэсний нарийн бичгийн даргаар сонгогджээ. Өнгөрсөн зууны ерээд оны дунд үеэс тэрээр Эмилиа-Романья мужийн Засгийн газрыг толгойлжээ. Тэрээр нэг биш удаа өөрийн ажилчин гарал, мөн Үйлдвэрчний эвлэлд ойр гэдгээ онцолж байв. Энэ тухай тэр сэтгүүлчдэд ярихдаа “Хүн бүр тэрбумтан, эсвэл тэрбумтны хүүхэд байх хувьгүй” гэж хэлсэн нь тэрбумтан Берлусконийг дайруулан өгүүлсэн хэрэг.
Тэрбээр 2001 онд Италийн парламентад сонгогдов. 2004-2006 онд Европарламентад сууж, эдийн засаг, санхүүгийн бодлогын комисст ажиллажээ. Ерээд оны сүүлчээс Берсани Дэд бүтэц, тээврийн яам, Аж үйлдвэр, арилжаа, холбооны яам зэргийг толгойлон ажиллав. Тэрээр Романо Продийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллан Италийн эдийн засгийг уян хатан болгох чиглэлээр багагүй чармайж ажиллажээ. Энэ туршлагаасаа л тэр Ерөнхий сайдын ажлаа эхэлнэ гэдгээ хэлж буй.
Ерөнхийдөө Монтийн “технократууд”-ын удирдсан өмнөх танхтмын шинэчлэлийн ажлыг тэр үргэлжлүүлнэ гэж байгаа. Пьер Луижи Берсани евро бүсийн хямралыг туулахаар Олландын барьж буй загварыг хэрэгжүүлэхээр сонгож магадгүй. Тэр Олландтай эвсэн Европын холбоонд Германы барьж байгаа хатуу бодлогын тэнцвэр болохыг оролдох байх. Берсанийн нэг уриа нь Италийг сөхрүүлэхгүйн тулд хэм хэмжээгээр хэмнэлтийн бодлого явуулна гэсэн байгаа.
Пьер Луиджи Берсани
Италийн улс төрийн тавцанд зүүний төвийг баригчдын лидер, одоо огцорсон Марио Монтийн либерал эвсэлтэй эвсэлдэх боломжийг илүү сонирхож байна. Харин Монти өөрөө “хуучин коммунистуудтай” эвсэлдэх хүсэлгүй байгаа юм. Өөрийн гол өрсөлдөгч Сильвио Берлускони мөн “Таван од” хөдөлгөөний Беппе Грилло нартай эвсэл байгуулахгүй гэдгээ тэр сонгуулийн өмнө хэлсэн байгаа. Ер нь италичуудын дунд Берсанийг том улстөрч болоход нь тод томруун байдалгүй зөвхөн Берлусконитай өрсөлдөхөөр л харагдсан гэх яриа их байгаа ажээ.