Мөнгө, гурван хүүтэй бол дархан бэр болтугай

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Мөнгө, гурван хүүтэй бол дархан бэр болтугай

Та гурван хүүхэдтэй дээрээс нь 350 мянган төгрөгтэй бол
дархан бэр болно. Гоё байна уу? Уг нь монголчууд гурван хүү төрүүлсэн бэрийг
дархан бэр гэж нэрлэдэг. Хэзээнээс ингэж өргөмжилж ирсэнийг мэдэхгүй ч бидний
мэдэх он жилүүдээс л өмнө байх нь ойлгомжтой. Харин орчин үед юм бүхэн өөр
болжээ. Гурван хүүтэй, тэгээд халаасанд чинь 350 мянган төгрөгтэй бол эртний
өргөмжийг цааш нь түлхээд, жаазанд суулгасан цаасыг, худлаа магтсан номтой хамт
авч болох юм. Хэрвээ та үүнийг худлаа магтаал, хэрэггүй цаас гэж ойлгохгүй бол
шүү дээ. Чухам
хэн гэдэг хүн үүнийг тодруулах юм бэ гэж та гайхаж магадгүй. Хэн ч биш. Ашиг
сонирхол нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс таны ирүүлсэн материалыг үндэслэн дархан
бэр гэдгийг шалгаруулна. Түүнээс биш байгалийнхаа жамаар төрсөн байна уу, өргөж
авсан байна уу тэдэнд падлий ч байхгүй. Хамгийн гол нь хүүхдийн чинь төрсний
гэрчилгээ, дархан бэр болох хүний гараар бичсэн тодорхойлолт, дархан бэр болох
гэж байгаа хүний бичиг баримт, 350 мянган төгрөгийг бэлнээр тушаасан байх
шаардлагатай. Ингээд та их монголын дархан бэр болж байгаа нь энэ.

Угтаа яг ийм шагналууд зөндөө. Зөвхөн ээж нарыг
шалгаруулах 10 гаруй шагнал бий. Билэг төгс хатан ижий, Хаан төрийн хатан ижий
гээд явж өгнө. Энэ бүгдэд та ээжийгээ оруулмаар байгаа бол дээрхтэй адилхан
хэмжээний мөнгө төлнө. 150-500 мянгын хооронд эрхэм өргөмжлөлийн үнэ хэлбэлзэх
ажээ. Угтаа танд мөнгө байвал бүх юм, ОК. Аав нарыг ч бас ийнхүү шалгаруулна.
Оны сүүлээс л аавын тухай номонд оруулах сонирхолтой хүмүүсийг бүртгэж эхэлсэн.
Бүртгэл хэзээ дуусахыг нь мэдэхгүй ч цэргийн баяраар тодруулах юмдагуудаа. Үнэ
нь ээж, бэрүүндийнхээс арай үнэтэй 450 мянган төгрөгөөр энэ номонд оруулж,
аавынхаа алдарыг мөнхжүүлэх аж.

Аав ээж нарын тухайд бүх номинациуд дүүрчихсэн учраас
бэрүүдийг шалгаруулж эхэлсэн нь энэ. Дархан бэр гэгчийг тодорхойлох арав гаруй
хүмүүсийн нэгдэл, тушаасан мөнгийг төлсөнийг нь баримтлан “их” монгол даяар
дархан болохыг нь гэрчилж, одон медаль гардуулна. Угтаа тэр одонг хаана
хатгахыг нь мэдэхгүй. /Дархан бэр болохын тулд ямар хэмжээний ажиллагаа ордогыг
нь харгалзвал хаана хатгах нь тодорхой/ 
Сүүлийн үед бэрүүдийн нэр хүнд асар их унасан болохоор нэр хүндийг нь
өсгөх зорилгоор энэ шагналыг зохиож байгаа гэх. Хэрвээ дархан гэдгийг “их”
монголоор зарлачихвал бэрүүдийн нэр хүнд “суга” өсч хойморт суух эрх эдлэн,
хадам болох хүмүүс нь хэлсэн болгоныг нь өчиггүй даган биелүүлж, алдаа
эндэгдлийг нь үл тоох тийм эрх эдлэх аж. “Их Монголын дархан бэр” шагналыг
олгох болсон шалтгаан нь энэ. Албан бичигтээ хүртэл ингэж дурдсан байгаа. Зохион байгуулагчид нь энэ шагналыг гардуулж эхэлснээр
Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж. Хэрвээ дархан
бэрүүдийг тодруулахгүй, хүндлэхгүй бол улсын хийморь доройтоно гэж үзэх үзэл
өнөө хэр нь амь бөхтэй байдаг бололтой. Уг нь дархан бэр хэмээн өргөмжилж
болно. Тухайн айл өрхөд л энэ асуудал байдаг болохоос гурван хүүхэдтэй хүн
болгоныг улс даяар зарлаад байвал утга нь алдагдсан хэрэг болно. Яг үүнээс
шалтгаалаад нэг том асуулт урган гарч ирнэ. Тэгэхээр хоёр хүүхэдтэй, гурван
охинтой, нэг хүүхэдтэй бэр юу болж таарах вэ? Бэлгэдлийн шинж чанараас нь
харвал юу ч биш болж таарах гээд байна. Уламжлалыг орчин үеийн нийгэмтэй
хэтэрхий хольсоны хар гай нь энэ. 13 дугаар зуунд гурван хүү төрүүлсэн эмэгтэйг
хүндэлдэг байсан нь тодорхой. Амьдралаас л урган гарсан хэрэг. Угтаа цэрэг
эрсийн тоо бага, эрэгтэйчүүд хэрэгтэй байсан болохоор цаанаас нь дэмжиж,
урамшуулж, өргөмжилж байхгүй бол болохгүй шүү дээ. Бас л нэгэн бодлого. Тэрнээс
гурван хүү, гурван охин, хоёр юм уу нэг хүүхэдтэй байх нь орчин үеийн нийгэмд
сонин биш. Хэрхэн хүмүүжүүлж, ирээдүйг хэр зэрэг бэлдэх вэ гэдэг нь л сонин
баймаар…

Удахгүй тодорч, гэр бүлдээ дархлагдах гэж байгаа бэрүүдэд
хандаж хэлэх баяртай мэдээ байна. Эрхэм та пицца захиалж байгаа мэт байгаа
газраасаа авахаар боллоо. Дархан бэрийн шагналыг дуудлагаар хүргэж өгнө.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж