А.Ариунболд: Секундын тарифыг тогтоогоогүй

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

А.Ариунболд: Секундын тарифыг тогтоогоогүй

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрүүд ирэх гуравдугаар сарын нэгнээс буюу маргаашнаас хэрэгжиж эхлэх учиртай. Эдгээр ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа болон өнгөрсөн хугацаанд ямар ажлыг амжуулсан талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.

-Үүрэн холбооны оператор компаниуд ярианы төлбөрийг секундээр тооцох ажил хугацаандаа хэрэгжиж эхлэх үү?

-Манай агентлагаас үүрэн холбооны оператор компаниудтай энэ сарын 22-нд уулзалт зохион байгуулсан. Тэдэнтэй анх тохирохдоо хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн бүтээгдэхүүн гаргах зорилготой зөвшилцлийн ажил байсан. Харин үүрэн холбооны копманиудад шинэ нөхцөл бий болж байгаа учраас техникийн тал дээр зарим шинэчлэл хэрэгтэй байсан. Өнөөдрийн байдлаар “Мобиком”, “Скайтел”, Жи-Мобайл”, “Юнител” компаниуд ярианы төлбөрийг секундээр тооцох бүх нөхцөл бүрдсэн гэдгээ албан бичгээр болон бусад байдлаар бидэнд илэрхийлсэн. Гэхдээ секундээр тооцож эхлэхээс өмнө 7-10 хоногийн туршилтын үйл ажиллагаа явуулах  нөхцөл бүрдээд байгаа.

-Секунд тутмын тарифыг тогтоосон уу?

-Харилцаа холбооны зохицуулах газраас нэг секундийн тариф үнийг тогтоож өгөх ёстой. Үүрэн холбооны компаниуд өртөг зардлыг тооцоод саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа гэсэн. Өнөөдрийн байдлаар нэг секундийн ярианы тариф баталсан шийдвэр ирээгүй байна. Ямартаа ч Хэрэглэгчийн олон улсын өдөр буюу гуравдугаар сарын 15-ны гэхэд энэ асуудал бүрэн цэгцэрнэ.

-Дараа төлбөрт дугаартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг өнгөрсөн  хоёрдугаар сарын 1-нээс эхлэн буцаан олгож эхэлнэ гэсэн. Энэ ажил ямар учраас хэрэгжихгүй байна вэ?  

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн барьцааны мөнгийг тухайн компани ашиглах биш арилжааны банкуудад байршуулж хэрэглэгчдэд хүү тооцуулж байх санал гаргасан. Энэ ажил ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн байршуулсан барьцаа мөнгөний хүүг одоогийн арилжааны банкны хүүгээр бодон буцаан олгох юм. 

-Танайхаас хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хэд хэдэн ажлуудыг төлөвлөж байсан. Эдгээр ажлууд бүрэн хэрэгжиж эхэлсэн үү?

-Задгай долларыг ханш бууруулан худалдаалдаг байсан асуудлыг бүрэн таслан зогсоосон. Арилжааны банкууд, Найман шарга зэрэг валют арилжааны газрууд бүхэл, задгай валютыг ижил ханшаар авч байгаа. “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино теартрууд тасалбарын орлогын 52-55 хувийг киночдод энэ сарын 01-нээс эхлэн өгч эхэлсэн. Киноны ашиг орлогыг долоо хоног бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байх асуудал хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байгаа юм.

-Ам барьдаг дуучдад хяналт тавих ажил хэзээ хэрэгжих вэ?

-Ам барьж дуулдаг дуучдад хяналт тавих асуудлаар хэсэг уран бүтээлчид манай байгууллагад хүсэлт ирүүлээд байгаа, энэ асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна.

-Такси дуудлагын асуудалд анхаарал хандуулж эхэлсэн гэсэн?

-Такси үйлчилгээний техникийн, үйлчилгээний стандартыг 2008 онд хэлэлцэн баталснаас хойш таван жил өнгөрч байгаа. Такси үйлчилгээг сайжруулахын тулд стандартад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс Стандарт хэмжил зүйн газарт таксины стандартыг өөрчлөх хүсэлтийг хүргүүлсэн. Стандартын үндэсний зөвлөл хуралдаж шинэ стандартыг батлах юм. Шинэ стандарт батлагдсанаар хэрэглэгч такси үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд минут тутамд 300-500 төгрөг төлөх бус энгийн утасны тарифаар тооцож эхэлнэ.

-Дуудлагаар үйлчилсэн, үйлчлээгүй гэдгийг хэрхэн ялгаж утасны төлбөрийг тооцож байх вэ?

-Харилцаа холбооны газар, Мэдээлэл технологийн газар, Авто тээврийн газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн баг энэ асуудлыг судлаж, хэлэлцэж байна. Үүнийг шийдвэрлэхгүй бол хэрэглэгчид хохирсоор л байх болно.

-Нефть импортлогчид танай байгууллагыг “үндэслэлгүйгээр торгосон” гэж Захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа.

-Захиргааны хэргийн шүүх хуулийн дагуу энэхүү хэргийг шалгаж, нягталж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээж зүгээр суусангүй. Улсын байцаагчийн тавьсан торгуулийг тухайн байгууллага 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй бол Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байдаг. Иргэний шүүхээс улсын байцаагчийн шийдвэрийг хуулийн дагуу гэж үзэн баталгаажуулсан. Тиймээс нефть импортлогчдод оногдуулсан торгуулийг албадан төлүүлэх шүүгчийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн байгаа юм билээ.

-ШӨХТГ-аас олон компаниудад торгуулийн арга хэмжээ авсан. Шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлэснээс хойш хэдэн төгрөгийг улсын төсөвт торгуулийн хэдэн төгрөг төвлөрүүлээд байгаа вэ?

-Нэгдсэн дүн алга. Улсын төсөвт орох мөнгө хуулийн дагуу орж байгаа.

-“Жем интернэшнл”-ийн архи, пиво өнөөдрийг хүртэл дэлгүүрийн лангуунаас буугаагүй байна. Танайхаас хяналт тавих уу?

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бусаар архи сурталчилсан гэх үндэслээр “Жем интернэшнл” компанийн архи үйлдвэрлэх эрхийг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд хоёр сараар түдгэлзүүлсэн. Худалдаалах эрхийг түдгэлзүүлээгүй учир үүнийг хууль бус гэж үзэж болохгүй юм. “Жем интернэшнл”-ийн архи үйлдвэрлэх эрхийг нь түдгэлзүүлсэн, шар айргийг хэвийн үйлдвэрлэж байгаа.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж