Н.Оргил: &#34Хатан зоригтон&#34-г үзээд алмайрч байлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Н.Оргил: &#34Хатан зоригтон&#34-г үзээд алмайрч байлаа

Манай булангийн энэ удаагийн зочноор  ССАЖЯ-ны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил  уригдлаа.

-Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

-Шударга ёсны төлөө тэмцэж ялан дийлж төгсдөг кинонд дуртай. Мөн үзэхэд их эрч хүч мэдрэгддэг кино үзэх дуртай. Харин монгол кинонуудаас шилийн сайн эрийн тухай гардаг кино үзэхэд гоё байдаг. Тухайлбал, “Braveheart”, “Тулаан”, “Leon”, “Taken”, “Тунгалаг Тамир”, “Ардын элч” зэрэг кинонд дуртай.

-Эдгээрээс хамгийн дуртай киног онцолвол?

-Дэлгэцийн уран бүтээлийг үзэхэд анх хаана, ямар нөхцөлд, хэдэн настайдаа үзэхээс их шалтгаалдаг юм шиг байгаа юм. Гэхдээ эдгээр уран бүтээлээс хамгийн их сэтгэлд ойр байдаг нь гэвэл жүжигчин Мел Гибсоны өөрөө найруулж, тоглосон “Хатан зоригтон” (Braveheart) кинонд их дуртай.

-“Хатан зоригтон” киноны юу нь таныг татсан бол?

-Энэ кино бол тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэж түүхэнд мөнхөрсөн Шотландын эр зоригтон Уильям Уоллэсын тухай кино байгаа юм. Би энэ киног үзэх бүртээ Монголын түүх эсвэл эр зоригтой жанжин, баатрын тухай ийм гайхамшигтай сайн кино хийхийг, бас сайн уран бүтээлчдээр хийлгэхийг олон жилийн турш хүсч, мөрөөдсөөр ирсэн.

-Энэ киног анх хэзээ үзэж байв?

-“Хатан зоригтон” 1995 онд гарсан. Үзэгчдэд хүрээд удаагүй байхад нь л үзэж байлаа. Үүний дараа “Хатан зоригтон”-той харьцуулах гээд “Гладиатор”-ыг үзэж байснаа санаж байна. Энэ хоёр хоёулаа сайн уран бүтээл болсон. Гэхдээ надад “Хатан зоригтон” нь илүү сэтгэгдэл үлдээсэн.

-Хэдэн удаа үзсэн бол?

-Гарс­наас  нь хойш 10 гаруй удаа үзсэн байх шүү. Гэхдээ би нэг киног олон удаа үзэх дургүй. Олон үзэхээр, анх үзэж байсан сэтгэгдэл алга болчихдог.

-Хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Гурван жилийн өмнө зурагтаар үзсэн юм байна.

-Анх үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Эх оронч хүн ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хэрхэн тэмцэж ялалт байгуулдаг вэ гэдгийг гайхамшигтайгаар харуулсан кино гэж боддог. Анх маш их алмайрч, гайхаж үзэж байснаа тод санадаг юм.

Б.МАРАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж