“Мазаалай”-д хүнс хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

“Мазаалай”-д хүнс хүргэнэ

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалах үүрэг бүхий  ажлын хэсэг хуралдаж, ажлын явцын талаар хэлэлцлээ. “Үндэсний бахархал” ТББ-ынхан мазаалай баавгайг ичээнээс нь гарахад тавьж өгөх нэмэлт тэжээлийг хариуцсан. Тэд одоогоор 10 тонн хорголжин тэжээл, цувдай, нохойн хоол, хүнсний ногоо зэргийг тус бүр нэг тонныг бэлтгэж дуусчээ. Нэмэлт тэжээл ачсан машин Говийн их дархан цаазат газрыг зорин  маргааш явах юм байна.  Тэжээл хүргэхтэй холбогдон Их дархан газарт нэмэлт тэжээл хадгалах сав болон тэжээл тавьж өгөх жижиг савнуудыг даруй хүргэх, нэмэлт тэжээлийг 25 цэгт түгээх тээврийн зардал хөндөгдлөө. Тиймээс хөрөнгө мөнгийг хурдан шийдэж гаргуулахаар болов. “Мама” ТББ Эхийн голд Мазаалай баавгайн тэжээлийн ургамлыг тариалж, боловсруулах цех байгуулахаар болсон. Тус байгууллагаас юуны түрүүнд тэжээлийн стандартыг энэ ондоо багтаан тогтоох нь чухал гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүст саналаа хэлжээ. Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын дэд дарга Б.Мижиддорж баавгай судлаачидтай холбогдон ямар нэмэлт тэжээл өгдөг болон амьтны хүрээлэнгийн баавгайнуудад өгдөг тэжээлийн талаар санал авахаар ярилцжээ. Мэдээлэл ирсний дараа Мазаалай баавгайд тохирох тэжээлийн стандартын талаар эрдэмтэдтэй зөвлөлдөх аж. Энэ ажлыг цаашид Богд хан уулийн тусгай хамгаалалттай газрын дэд дарга Б.Мижиддорж хариуцаж ажиллахаар болов.
Мазаалай баавгайн иддэг гол ургамал болох бажуунь бороо орохоор хаа сайгүй цэцэглэдэг. Тиймээс тус ургамлын үр голдуу хаагуур байдаг, ямар циклтэй цэцэглэдэг зэргийг судлах шаардлагатай байгаа тул хөрсний үрийн судалгаа хийх аж. Үүнээс гадна Мазаалайн баасыг судалж, ямар ургамал, шавьж идэж байгааг нарийн тогтоох шаардлагатай гэж үзжээ. Мөн зургийн индекс,  мониторинг хийхээр МУИС-ийн таван оюутан Говийн их дархан цаазат газрыг энэ зун зорих юм байна.   Мазаалай баавгайн генетикийн судалгааг Биологийн хүрээлэнд хийж байна. Дэлхий дээр одоо байгаа байвгайн бүх зүйлүүдтэй Мазаалайг харьцуулан судалж байна. Удахгүй үр дүн нь гарахаар цаашдын хамгааллын төлөвлөгөөг нарийн боловсруулах юм. Монгол энэ судалгааг бүрэн гүйцэд хийх лабораторийн боломжгүй учраас Энэтхэг рүү нэг мэргэжилтэн явуулж генетикийн судалгааг нь хийлгэж байна. Харин Мазаалай баавгайн генийн сан бүрдүүлэх судалгааны ажил яг одоо Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторид хийгдэж байгаа.

Говийн Их дархан Цаазат газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэн ховор амьтны судалгаа хийх, нэмэлт тэжээл тээвэрлэхэд ашиглах пургон, судалгаанд ашиглах шөнийн дуран, телескоп зэрэг багаж, тоног төхөөрөмж, богино долгионы тоног төхөөрөмж зэргийн хөрөнгийг даруй шийдэж өгөхөөр болжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж