
Тэрслүү үзэлтэн цолыг зураач аль эрт авсан байв. Ерөнхийдөө бол Хятадад гэмт хэрэгтэн болоход амархан. Чи “сондгойроод” ирэхэд л хангалттай. Зураач төрөхөөсөө л эрх баригчдын “араанд нь зуугдсан” хүн байв. Түүний эцэг нэр цуутай яруу найрагч Ай Цин гэдэг хүн байсан ба тавиад оны сүүлчээр цөлөгдөж байгаад 1978 онд цагаатах хүртэл нэг ч бүтээлээ хэвлүүлж байсангүй. Үүнээс гадна Ай Вэйвэй арваад жил Америкт амьдарч байгаад эцгийнх нь бие муудсан учир 1993 онд эргэн иржээ. Эх орондоо тэрээр эрчимтэй ажиллан олон төсөл болон үзэсгэлэнг зохион байгуулж байлаа.
Ай Вэйвэй гадаадад нэр хүндтэй орчин цагийн хамгийн алдартай хятад зураач болсон байна. Айгийн бүтээлүүдээр Япон, Өмнөд Солонгос,Австрали, Бразили болон Европын орнуудад үзэсгэлэн гарч байлаа. Арт зах зээлийн салбар эрчимтэй хөгжин Америк, Европыг ардаа орхино гэдэгт эргэлзэх зүйлгүй. Эртний хятад мастерууд, Хонконгийн баян худалдан авч нартай хамт Ай Вэйвэй тэр зах зээлийг бүтээгчдийн нэг болж байгаа.
Гэхдээ Хятадын эрх баригчид түүнийг үнэлэн цэгнэхийг яарсангүй. Түүний уран бүтээл үзэл сурталтай нь үл нийцэж ирсэн гэхэд болно. Түүний сүүлийн үеийн хамгийн цуутай бүтээл “Наранцэцгийн зуун сая үр” нь “Тейт – Модерн” галереид тавигдсан юм. Наран цэцгийн үрийг гараар хийсэн шаазан бөгөөд Циндэжэнийн 1600 гар урлаач будаж чимэглэсэн байв. Наранцэцгийн үрээр алхалсан Лондоны мүзейн үзэгчдэд хэрэглээний ургамал, түүнийг хийдэг тэр олон сая хятад хүмүүсийн талаар сэтгэн бодох санааг зураач дэвшүүлсэн юм.
Бас нэг жишээ нь Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн. Ай Вэйвэй олимпийн цэнгэлдэхийн гадаад төрх дээр Щвейцарийн уран барилгачидтай хамтран ажилласан юм. Тэр байгууламж мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчирснаас гадна хэдэн зуун сая хүнд гайхал төрүүлсэн билээ. Ай алдар нэртэй болохоор л байсан. Гэтэл түүний оронд тэрээр хүний эрх зөрчигдөж байгаа оронд олимпийн тоглолт явуулахын эсрэг үгээ хэлсэн юм. Дараа нь од болоод байсан тэрээр өөрийн бүтээлээс татгалзан түүнийг дизаины урлагт дуртайдаа л хийсэн гэж мэдэгдсэн юм.
Ай эрх баригчдын эсрэг зөвхөн урлагийн хэлээр ч биш хэвлэл, интернэтээр үгээ хэлж байлаа. Сүүлийн үйл явдал хүртэл тэрээр Хятадын засаг, төртэй хэд хэдэн удаа нээлттэйгээр зөрөлдөөд авсан юм. Анх 2008 онд тэрээр Сычуанийн газар хөдлөлтийн дараа ард түмний ажлын хэсэгт багтаж, сургуулийн хэврэг барилгын нуранги дор нь хэдэн зуун хүүхэд үрэгдэх шалтгааныг авлига эхлүүлснийг илчилж байв. Тэрээр хохирогч бүрийн нэрсийн жагсаалт гарган хэчнээн хүн амиа алдсаныг тогтоох гэж байлаа. Энэ үеэрээ тэр цагдаа нарт зодуулсан бөгөөд хожим герман эмч түүний тархинд цус харвасныг тогтоон мэс засалд оруулсан юм.
Өнгөрсөн оны намар эрх баригчид Шанхайд бариулсан зураачийн урланг буулгах шийдвэр гаргасан байлаа. Шалтгаан нь түүнийг бариулахдаа газартай холбоотой маргаан гаргасан гэх явдал болжээ. Коммунист нам нь Айгийн талаар хандлагаа өөрчилж байх хугацаанд зураач Токиогийн нисэх буудалд гурван сар амьдарсан Фэн Чэньгугийн талаар кино хийж амжсан байв. Түүнийг эрх баригчид эх оронд нь оруулахаас тагалзсан аж. Мөн урлангаа хамгаалах боломж олгохгүйн тулд гэрийн хорионд оруулсан байв. Арванхоёрдугаар сард Айг нутгаасаа гарахыг хориглосон бөгөөд 2011 оны нэгдүгээр сард түүний урланг нураан буулгажээ.
Дөрөвдүгээр сарын 3-нд түүнийг онгоцноос буулган саатуулсан аж. Мөн тэр өдөр цагдаагийнхан түүний студид нэгжлэг хийн бүх компьютерийг нь хураан авчээ. Тэр өдрөөс хойш зураач дөрөв хоногийн дотор хаана байгаа нь мэдэгдсэнгүй. Одоо ч энэ асуудал тодорхойгүй. Зөвхөн “Синьхуа” агентлаг л Ай Вэйвэй нь хууль журмын дагуу мөрдөн байцаалтад байгаа гэж мэдээлсэн юм. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгтэй албан ёсоор холбоод байна. Бодвол урлантай нь холбосон байлгүй.
Энэ дөрөв хоногийн дотор Айг Барууны олон орнууд, Европын холбоо, АНУ, Их Британи, Франц, Германы уран бүтээлчид дэмжлээ. Тэдний хариуд нь Хятадын нэгэн сонин дотоод хэрэгт бүү хутгалд хэмээн бичсэн байв. Зураачийн хэрэг улс төрийнх гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Олон тоймч Ай Вэйвэйг Араб ертөнцийн үймээний талаар ярьж хэлснийхээ улмаас хоригдлоо гэж үзэж байна. Тунист хувьсгал болсны дараа Хятад өөрийн тэрслүү үзэлтнүүддээ ихээхэн анхаарал тавих болсон юм. Зарим ажиглагчид түүнийг эцгийнхээ нэр хүндээр дархлагдсан байсан гэж үздэг бөгөөд одоо түүнийг барьсан нь хамгийн дээд удирдлагаас гарсан шийдвэр гэж үзжээ.
Дуулиан олон улсын төвшинд дэгдэж байна. Бээжин түүнийг буулгаж чадахгүй. Зураачийн төлөө зовнисон хамтын нийгэмд одоо шуурхай шүүх хурал болох уу? Эсвэл түүнийг хэзээ нэгэн цагт гэнэтхэн суллах уу гэж хүлээх л үлдэж байна. Зураачийг барьсан нь Нобелийн шагнал авсан хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобогийн хэргийг санагдуулж байна. Хятад ийм аргаар Нобелийн шагналтнаа нэгээр нэмэгдүүлэхээр шийдсэн юм бол уу? “Манай гал шард ямар намтар бүтээнэ вэ” гэсэн хэллэг тэрхүү ирээдүйн Нобелийн шагналтанд хамаарагдсан байлаа.
Эх сурвалж: Лента. Ру, Кирилл Головастиков