Баруун хойд бүсийг дулаанаар хангах боломж бүрдсэн

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Баруун хойд бүсийг дулаанаар хангах боломж бүрдсэн

Б.Цэвээн: Хотын баруун хойд бүсийн агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг дулаанаар хангах боломж бүрдсэн

ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнтэй ярилцлаа.

-Агаарын
бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд ДЦС-IV-д
хэд хэдэн технологийн шинэчлэл хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн
агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2012 онд манай станцад
гурван төслийг хэрэгжүүлж эхэлсэан. Үүнээс хоёр нь хэрэгжиж дууссан.
Нэг төсөл нь үргэлжилж байна. Нэгдүгээрт, сүлжээний нэгдүгээр өгөлтийн
нацоссуудыг “0” төвшинд буулгасан. Энэ ажил 1.7 тэрбум төгрөгийн өртгөөр
бүтсэн. Үр дүнд нь өвлийн ид ачааллыг амжилттай давж байна.

-Сүлжээний нацосуудын “0” төвшинд аваачсан нь агаарын бохирдлыг бууруулахад ямар эерэг үр дүн үзүүлсэн юм бэ?

-Өмнө
нь Улаанбаатар хотын сүлжээнд халуун ус шахдаг нацосууд дөрвөн метрийн
өндөрт байрладаг байсан юм. Тийм учраас буцаж ирж байгаа усны даралтыг
2-2.5 ата даралтад барих шаардлагатай байдаг байсан. Энэ тохиолдолд
хотын хамгийн зүүн захын хэрэглэгчид буюу Улаанхуарангаас цаашхи
хэрэглэгчдэд зохих дулааныг нь өгөхөд хүндрэлтэй байсан юм. Харин
сүлжээний нацосуудыг “0” төвшин буулгаснаар нэмж ямар нэгэн нэмэлт тоног
төхөөрөмж тавилгүйгээр 3000-4000 тонн усыг сүлжээнд шахах бололцоотой
болсон. Энэ хэрээр хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэнэ гэсэн үг. Одоо бол
Улаанхуарангаас ч цаана байгаа хэрэглэгчийг дулааны сүлжээнд нэмж
холбоход техникийн хувьд асуудалгүй болсон.

-4000 тонн усыг нэмж сүлжээнд шахсанаар хэчнээн хэрэглэгчийг нэмж дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм бэ?

-4000
тонн ус нэмж шахна гэдэг чинь их хэмжээ шүү дээ. Энэ өвлийн байдлаар л
гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 18000 орчим тонн усаар нийт дулаан
хэрэглэгчийг хангаж байна. Үүн дээр нэмж 4000 тонн усыг сүлжээнд нэмнэ
гэхээр хүчин чадал 20 орчим хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг.

-Хоёр дахь багц төслийн тухайд?

-Хоёр
дахь багц төсөл нь зуухны шаталтын процессод үүсдэг шлак буюу шааргийг
хуурай аргаар зайлуулах технологийн шинэчлэл. Уг төслийг манай VIII
зууханд хэрэгжүүлсэн. Үр дүн нь юугаар илэрч байна гэвэл, өмнө нь
шаталтын процессод үүссэн шааргийг усаар зайлуулдаг байсан. Технологийн
шинэчлэл хийснээр ус хэрэглэхээ больсон. Ус хэмнэнэ гэдэг цаанаа асар их
ач холбогдолтой шүү дээ. Нэгдүгээрт, усаа хэмнэнэ. Хоёрт, шааргыг шууд
хүйтэн усаар хөргөлгүйгээр дотор нь агуулагдаж байдаг дулааныг эргүүлж
ашиглах боломжтой болсон. Тэр нь юу вэ гэхээр, зуухны шаталтын процессод
агаар оролцдог. Энэ агаарыг шааргад агуулагддаг дулаанаар халааснаар
зууханд зарцуулагдах нүүрсний хэмжээ тодорхой хэмжээгээр багассан. Нэг
их биш ч гэсэн. Жилээр тооцоод үзвэл чамлахааргүй хэмжээний нүүрс хэмнэх
тооцоо гарч байна лээ. Энэ жил VII зууханд энэ шинэчлэлийг нэвтрүүлэхэд
бэлэн болоод байгаа.

-Сүүлийн төсөл нь юу байв?

-Улаанбаатар
хотын дулаан хамгамжийг сайжруулах зорилгоор 210 мВт-ын дулааны дэд
станц барих төсөл юм. Энэ төсөл хоёр жил үргэлжилнэ. Тооцоо ёсоор бол
2013 ондоо багтаад өвлийн ид ачааллын өмнө ашиглалтад орсон байх ёстой.
Төслийн эхний шатны ажил хийгдэж дууссан. Та анзаарсан бол манай станцын
яндангийн дэргэд 10 метр өндөр сэндвичэн барилга барьсан байгаа. Энд
дулааны дэд станц байрлах юм. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын хойд хэсэг
буюу Найрамдлын аманд баригдах орон сууцны хорооллыг дулаанаар хангах
бололцоотой болно. Мөн наана нь байгаа Ханын материал, Цэргийн хотхон,
Толгойтын гэр хорооллын бүс зэрэг ер нь хотын баруун хойд хэсэгт шинээр
дулааны шугам сүлжээнд холбогдох бүхий л хэрэглэгчийг дулаанаар
найдвартай хангах бүхэл бүтэн дулааны эх үүсвэр бий болж байгаа хэрэг.
Тэгэхээр энэ төслийн үр дүнд хотын утааны асуудал ч тодорхой хэмжээгээр
шийдэгдэж байгаа гэсэн үг.

-Тэгэхээр хотын баруун хэсгийн гэр хорооллынхон төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдох боломжтой болох нь ээ?

-Тэгэлгүй
яахав. Энэ бүст нүүрс түлж байгаа айл өрх албан байгууллагуудыг
дулаанаар хангах боломж бий болно. Ер нь бол энэ төсөл нэлээн эрт
эхэлсэн шүү дээ. Хэдэн жилийн өмнөөс Найрамдлын амыг цэвэр ус, бохир,
дулааны шугмыг нь тавьж эхэлсэн. Одоо тэр дулааны шугам нь манай станцын
хашаа руу ороод ирсэн байна. Үүнийг 210 мВт-ын дулааны дэд станцтай
холбосноор хэрэглэгчдийг дулаанаар хангах боломжтой болох юм.

-Ингэснээр
хотын баруун хэсгийн гэр хорооллын айлууд дулааны дэд бүтэцтэй болж,
хотын утааг багасгах тал дээр том дэвшил гарах нь гэж ойлголоо?

-Ер
нь бол тийм. Хотын баруун хойд хэсэгт төвлөрсөн дулаан хангамжийг
хүргэх боломж нь бүрдсэн. Харин хаана, ямар байшин барилга барьж,
дулаанаар хангах нь нийслэлийнхний шийдэх хэрэг болсон. Өөрөөр хэлбэл,
бидний зүгээс хийх юмаа хийсэн гэсэн үг.

-Хотын баруун хэсгийнхний дулааны хэрэглээ тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа юм байна. Харин зүүн хэсгийнхэн яах вэ?

-Ер
нь бол Улаанбаатар хотын хувьд бие биенийгээ нөхөх хэмжээний хоёр том
дулааны эх үүсвэртэй байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, дулааны
ачааллын хувьд манай станцтай дүйхүйц эх үүсвэр хэрэгтэй гэсэн үг. Тийм ч
учраас ТЭЦ-V-ыг хотын зүүн хэсэгт барья гэсэн шийдвэр гарсан. Энэ
хавраас бүтээн байгуулалтын ажил нь эхлэх гэж байгаад бид баяртай
байгаа. Зүүн тал руугаа ТЭЦ-V ороод ирвэл, тэнд байгаа хоосон орон зайд
хот тэлэх боломж бүрдэнэ. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрөл, утааны
асуудлыг ч тодорхой хэмжээгээр шийднэ шүү дээ. Одоо бол хотын төвийн
дулааны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал болсон. Тийм
учраас шинээр барьж байгаа байшинг дулаанаар хангахад хүндрэлтэй байна.
Хангалаа гэхэд шинэ барьсан нь ч, хуучин халж байсан байшин нь ч
олигтой халж өгөхгүй л байна. Цаашдаа магистрал шугамуудыг нь өргөн
болгох ч юм уу, шинэ шугам барих шаардлага байгаа.

-ДЦС-ууд агаарын бохирдлын нэг эх үүсвэр болдог. Тэгвэл энэ бохирдлыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ
бол хөндөх ёстой асуудал. Нийслэлийн агаарын бохирдлын зургаан хувийг
ДЦС-ууд үүсгэдэг гэсэн тоо баримт бий. Өнөөдөр Улаанбаатар хотод ДЦС-
II, ДЦС-III, ДЦС-IV гэсэн гурван цахилгаан станц ажиллаж байна. Тэр
зургаан хувь гэдэг нь эдгээр станцын нийлээд үзүүлж байгаа бохирдлын
хэмжээ л дээ. Гэхдээ манай станц бол энэ хоёроосоо арай залуу. Энэ юу
гэсэн үг вэ гэхээр энэ хоёр станц маань технологийн хувьд арай
хоцрогдмол. Нэг үгээр хэлбэл, энэ зургаан хувийн бохирдлыг үүсгэдэг нь
ДЦС- II, ДЦС-III л байгаа юм. Манайх бол нэг хувийн ч бохирдлын нөлөө
үзүүлэхгүй. Яагаад гэвэл зуухны шаталтын процесст үүсдэг химийн
элементүүдийг Улаанбаатар хотын бүсээс гадагш Богд уулыг давуулж хаядаг
байхаар тооцоолж, янданг нь хийсэн байдаг юм. Үүн дээр нэмж хэлэхэд,
манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартаас 2-10 дахин бага
хорт утаа ялгаруулдаг гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан.

-Эрчим хүчний сайд Сономпил 2013 он эрчим хүчний хэмнэлтийн жил гэж зарласан. Энэ ажлын хүрээнд танайх ямар ажил хийж байгаа вэ?

-Хамгийн
энгийнээр хэлбэл, улайсах чийдэнг хэрэглээнээс халмаар байгаа юм. Мөн
бид ч гэсэн үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгч шүү дээ. Тиймээс бид
цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ хэмнэлт хийж эхэлсэн. Жишээ нь,
өндөр чадалтай цахилгаан моторыг орчин үеийн хувьсах зарцуулалттай
цахилгаан хөдөлгүүрээр сольсон. Ингэснээр эрчим хүчийг 25-30 хувиар
хэмнэх боломжтой болсон. Бид өөрсдөө эрчим хүчээ хэмнэж байна гэдэг нь
хэрэглэгчдэд очих эрчим хүч нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Эрчим хүч хэмнэх нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх үү?

-Ер
нь бол станцуудын хүчин чадлаас хамаараад нэгж дулаан гаргах нүүрсний
зарцуулалт өөр өөр байдаг. Манай жишгээр бол нэг кВт цахилгаан эрчим хүч
хэмнэхэд 300 грамм нүүрс хэмнэнэ. Энэ хэрээр нүүрс зарцуулалт багасна.
Үүнийгээ дагаад агаарын бохирдол ч буурна шүү дээ.

Х.ТҮВШИНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж