Ёс зүйгүй ажилтны эмчлэх эрхтэй хариуцлага тооцъё

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Ёс зүйгүй ажилтны эмчлэх эрхтэй хариуцлага тооцъё

Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг сүүлийн үед гарсан эмгэнэлтэй осол, гэмтлээр хүн бүхэн дүгнэх. Энэ салбарын хүмүүс ч санал нийлж байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд буруутай үйлдэл хийсэн эмнэлгийн ажилтанд хариуцлага тооцох, мэдлэг, мэдээллийг өргөнөөр цацах хэрэгтэй гэж үзэж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 280 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай статистик мэдээ байна. Гэвч энэ нь зөвхөн олны хараанд өртсөн, ил болсон тоо гэхээр харамсалтай. Хүний амь нас, эрүүл мэнд эгзэг нь таарвал навч шиг л шатаж орхидог бололтой гэмээр санаанд ч буумгүй харамсалтай явдал дөнгөж төрсөн нярайгаас эхлүүлээд тохиолдох юм. Тиймээс хүний амийг дэнслүүлэн байдаг эмнэлгийн үйлчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд анхаарах хэрэгтэй байна.  Салбарынхныг хамарсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага сэдэвт уулзалт энэ долоо хоногийн эхний өдрүүдэд /II/25-26-нд/ болж, энэ үеэр Н.Удвал сайд эрүүл мэндийн төлөөлөгч гэдэг албан хаагч бий болгох тухай онцлов. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудтай холбоотой гомдлыг бие даан шалгаж, шийдвэр гаргахад зөвлөмж өгөх байдлаар ажиллах бие даасан албан хаагч байх ажээ. Дэмжих хүн байх ч үндсэн зорилгоо биелүүлж ажиллаж чадах эсэх дээр нь эргэлзэж байх зарим хүмүүс ч байна.

Ёс зүйн хороог чангатгая

Өвчтөнтэй зүй бус харьцсан, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гай учруулсан атлаа хуулийн хариуцлагаас мултардаг байдлыг засахын тулд Эмнэлгийн байгууллагуудын дэргэд байдаг Ёс зүйн хорооны ажлыг чангатгах хэрэгтэй байна. Ийм ёс зүйн хороо 21 аймгийн Эрүүл мэндийн газрууд, Улсын төв эмнэлгүүд, төрөх эмнэлгүүд, зарим хувийн том эмнэлгүүдийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Эдгээр байгууллагуудыг зангиддаг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо ажилладаг байна. Тиймээс энэ байгууллагыг эрчимтэй ажиллуулбал, хариуцлагагүй эмч, ажилтнуудад хариуцлага тооцох бүрэн боломжтой гэнэ. Энэ тухайгаа эмч нар учирлахдаа хүний амь эрсдэхэд эмчийн буруутай нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулиар хариуцлага тооцолгүй өнгөрсөн бол тухайн эмчийн эмчлэх эрхийг 1-3 жил хасах тухай саналыг салбарынхан хүргүүлж буй. Энэ нь шударга арга хэмжээ мэт санагдаж байна. Эмч хүн бүр эмчлэх эрхийг авдаг болоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Тодруулбал, энэ нь эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл юм байна. Хэрэв тухайн ажилтан зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь тодорхой хугацаанд хасах байдлаар хариуцлага тооцох боломжтой байдаг аж. Нэгэнт л анхаарал, хайхрамжгүйгээсээ болж эрдэнэт хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол дахин хүн эмчлэх эрхтэй нь ярих нь хамгийн оновчтой шийдэл болохыг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн харамсалтай үйл явдлуудаас харж болно. Түүнчлэн эмнэлгийн ажилтнуудын зүгээс өвчтөнүүддээ тусламж, үйлчилгээний тухай мэдээллийг цаг бүрч өгч ажиллах хэрэгтэй байгаа. Жишээ нь, ямарваа тариаг хийхэд сөрөг нөлөө хүний биед илрэх боломжтой эсэх талаар, цаашид үр нөлөө нь ямар байх зэргээр мэдээлэл өгөх нь эмчилгээний үр дүнг сайжруулах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж