
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Нийслэлийн ИТХ-ын хурлаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” батлагдсан. Энэхүү журам батлагдсанаар нийслэл хотын эмх замбараагүй зар суртачилгааны байгууламжууд буюу рекламны самбарууд хэр цэгцэрнэ гэж үзэж байгаа вэ?
– НИТХ-ын хоёрдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталлаа. Энэхүү журмаар нийслэлийн Захирагчийн албанаас явуулж буй бодлогыг есөн дүүрэгт ижил тэгш хэмжээгээр хэрэгжүүлэх юм. Ингэснээр тодорхой хэмжээгээр дүүргүүдэд эрх мэдлийг өгнө гэсэн үг. Яагаад гэвэл тухайн нутаг дэвсгэрийнЫ онцлогоо дүүргүүд илүү сайн мэднэ. Иймээс дүүргүүд өөрийн нутаг дэвсгэртээ байршуулах гадна зар сурталчилгаа, түүний байгууламжтай холбоотой асуудлыг шийдэх боломжтой болох юм. Харин дүүргүүдэд нийслэлийн Захирагчийн албанаас ерөнхий бодлогын чиг үүрэг өгнө. Дүүрэг бүрт бодлогын зөвлөл ажиллана. Энэхүү зөвлөл нь тухайн дүүрэгт байршуулж болох зар сурталчилгааны самбарын тоо хэмжээ, шаардлага зэргийг батална. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ямар нэгэн зар сурталчилгааны самбар байршуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд харьяа дүүргийн Засаг даргын тамгын газартаа хандаж гэсэн үг. Харин дүүрэг зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, сунгах асуудлыг шийдвэрлэнэ.
Иймээс дүүрэг тус бүрд гадна хаяг, сурталчилгааг хариуцсан бодлогын зөвлөл ажиллах юм. Ингэснээр Улаанбаатар хотод эмх замбараатай, цэгцтэй, өнгө үзэмжтэй, хамгийн гол нь тээврийн болон явган зорчигчдод аюулгүй, эрүүл орчин бүрдэх ёстой. Замын хөдөлгөөнд аюул учруулж буй мянга гаруй самбар Улаанбаатар хотод байна. Үүнийг Замын хөдөлгөөний удирдах төвийн хяналтын бичлэгээс харж болно. Эдгээр самбаруудыг Замын цагдаагийн газраас яаралтай буулгах арга хэмжээ авах хэрэгтэй байгааг анхааруулсан хүсэлтийг өнгөрсөн онд өгсөн байсан. Тухайн үед цаг уур хүйтэн байсан учраас энэ хавраас эхлэхээр болсон. Гуравдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод байгаа зар сурталчилгааны самбарыг цэгцлэх ажил эхэлнэ. Энэ бол аян биш, кампанит ажил ч биш. Энэ бол нийслэлдээ зар сурталчилгааны самбарыг хэрхэн байршуулах талаар тогтсон тогтолцоотой болох ажил юм. Үүнийг тогтоосон журмын дагуу явах нь гэж ойлгох . Энэхүү журмыг Монгол Улсын “Зар сурталчилгааны тухай” хуулийг суурь болгон боловсруулсан. Мөн тухайн цаг үе, нөхцөл байдалтайгаа уялдалдаад шаардлагатай болсон учраас 2006 оны хуучин журмыг шинэчилсэн байгаа. Өчигдөр энэ шинэ журам батлагдсанаар 2006 оноос өдийг хүртэл мөрдөж ирсэн хуучин журам хүчингүй болсон. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр аюулгүй орчин бүрднэ. Мөн эмх цэгцтэй, өнгө үзэжмтэй зар сурталчилгааны самбартай болох юм.
Энэхүү самбарууд нь иргэдэд зориулсан мэдээллийн чанартай байгууламж маш ховор байна. Ихэвчлэн сурталчилгааны самбар байгаа юм. Тэр нь хулдаасаар хэвлэсэн янз бүрийн рекламыг эмх цэгцгүй байршуулчихсан самбарууд болсон байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, гадна дотны иргэдэд зориулсан мэдээллийн байгууламжууд ерөөсөө байхгүй. Харин энэхүү шинээр хэрэгжих журмаар Улаанбаатар хотод мэдээллийн болон зар сурталчилгааны гэсэн хоёр төрлийн самбар бий болно. Мэдээллийн байгууламжид ерөөсөө сурталчилгаа байршихгүй. Үүнд тухайн орчинд гадаад, дотоодын иргэд зүг чигээ олох, тодорхой нэгэн газрын зай, цагийг заасан мэдээллийн чанартай зүйлс багтана. Хамгийн наад зах нь яаралтай эмнэлгийн тусламж дуудахаар бол 103 гэсэн дугаар луу залгах хэрэгтэй. Танд хамгийн ойр орших эмнэлгийн байршлыг зааж өгөх мэдээлэл байх хэрэгтэй байна.
Харин сурталчилгааны байгууламжид тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зэрэг байршина. Улаанбаатар хотод яг одоогийн байдлаар ийм төрлүүд байгууламжууд л бий. Гэтэл өнөөх сурталчилгааны самбарууд хамгаалах зурвас буюу замын хажуу, ногоон байгууламж дээгүүр тавьчихсан байх жишээтэй. Уг нь тухайн хэсгүүд чинь хамгаалах зурвас байхгүй юу. Хамгаалах зурвасын тухай дүрэм, журмыг бүгдийг нь “уландаа гишгэсэн” замбараагүй байна. Тиймээс л үүнийг цэгцлэхээр журам батлагдсан. Энэ журамтай хамт Улаанбаатар хотын “Цагаан бүс” гэж батлагдсан. “Цагаан бүс”-д ямар нэгэн зар сурталчилгааны байгууламж байршуулахыг хориглосон байгаа. Харин мэдээллийн байгууламжуудыг түлхүү байршуулах ёстой. Энэхүү “Цагаан бүс”-ийн тоог НИТХ-аар нэмэх боломжтой. Яг тухайн үеийн нөхцөлтэйгээ уялдуулаад нэмэх боломжтой.
-Улаанбаатар хотын “Цагаан бүс”-д бий болсон байна. Тэгвэл “Цагаан бүс”-д ямар, ямар газрыг хамруулсан юм бэ?
-Улаанбаатар хотын “Цагаан бүс”-д Их тойруу, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Яармагаас цааш Наадамчдын зам орсон. Эдгээр газруудад зар сурталчилгааны байгууламж байршуулахгүй. Харин мэдээллийн байгууламжийг түлхүү байршуулна. Ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн “Цагаан бүс”-д байршуулсан зар сурталчилгааны байгууламжуудыг буулгана. Одоогийн байдлаар сонин, хэвлэлээр мэдээлэл түгээж, зарим нь компаниудад утсаар мэдэгдсэн байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо Ардчилагч орнуудын чуулга уулзалт болно. Түүнээс өмнө “Цагаан бүс” доторхоо цэгцэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна
-Гуравдугаар сарын 1-нд “Цагаан бүс”-ээс гадна ямар, ямар зар сурталчилгааны самбарыг буулгах вэ?
-Энэхүү ажил шат дараалалтай явна. Эхний ээлжинд дээр дурьдсан “Цагаан бүс”-ийн зар сурталчилгааны байгууламжийг буулгана. Дараа нь нийт хотын хэмжээнд зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг хийнэ. Мөн хотын төвийн зургаан дүүрэг шинэ журам дээрээ үндэслэн дүүргийнхээ “Цагаан бүс”-үүдийг гаргана. Мөн одоо байгаа самбаруудын хийц, өнгө үзэмж, гэрэлтүүлэг гэх мэт зүйлсийг харгалзан . Хамгийн түрүүнд “Цагаан бүс”-ээс гадна замын хөдөлгөөнд садаа болж буй, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж буй мянга гаруй самбарыг буулгана. Энэхүү журмыг батлахаас хоёр сарын өмнө аудитын шалгалт орсон. Урьд өмнө учир дутагдалтай байсан асуудлуудыг хөндөөд зөвлөмж, шаардлагууд гаргаж өгсөн. Харин энэ бүхэн хотын удирдлага солигдсоноор хийж байгаа ажил биш. Иргэдийн санал гомдол, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс ирсэн шаардлага, зөвлөмжүүдийг үндэслэн хийсэн ажил юм. Өмнө нь нөхцөл байдал нь бүрдчихсэн зүйл юм. Ийм олон албан ёсны байгууллагууд тавих шаардлагуудаа ирүүлсэн, бодит иргэдээс ирсэн санал гомдол гээд бүхий л зүйлийг үндэслэсэн энэхүү журмыг боловсруулсан байгаа.
-Сурталчилгаа самбарын тоог багасгаж, үнийг нэмэх гэж байна. Нийслэлийн удирдлагууд бизнесийн байгууллагуудыг хавчиж байна гэсэн мэдээлэл гарч байна. Зар сурталчилгааны самбар түрээслэдэг хувийн хэвшлийнхэнтэй яаж зохицсон бэ?
-Хувийн хэвшлийнхэнд садаа учруулсан зүйл огт байхгүй. Харин тэднийг дэмжих талаар ажил хийгдэж байгаа. Өчигдрийн НИТХ дээр тоог цөөлөөд үнийг нь нэмлээ гэж зарим төлөөлөгч яригдсан. Эдгээр хүмүүс буруу ойлгосон болохоор иймэрхүү зүйл ярих шиг болсон. Энэ журмаар бол хотын зар сурталчилгааны байгууламжийг цэгцлэх асуудал, хэдийг барих, буулгах нь дүүргүүд мэддэг болох асуудал яригдаж байгаа юм. Дүүргүүд зөвшөөрөл өгөхдөө хотын ерөнхий менежерийн дэргэдэх зөвлөлөөс чиг үүргээ авна. Ингэснээр эмх замбараатай болох юм. Харин хувийн хэвшлийнхнийг хяхаж, боосон бодлого байхгүй. Харин бусад газар өнгө үзэмжтэй, цэгцтэй байршуулах газрыг нь зааж өгөх гэж байна. Тэгээд ч төлбөрийн хэмжээ ёс төдий л байгаа. Нэг жилийн гэрээ байгуулна. Метр квадрат, зэрэглэлээс нь хамаараад 2006 онд үнийг тогтоосон. Түүнээс хойш мөнгөний үнэ хэд дахин унаад байна. Үүнтэй харьцуулахад тийм ч өндөр биш. Шинэ журмаар сурталчилгааны самбараас олох мөнгийг дүүргүүдийн төсөвт суулгана. Энэхүү мөнгийг дүүргүүд өөрийн “Цагаан бүс” дэх мэдээллийн самбарынхаа өнгө үзэмжид анхаарах, өөрчлөх шинэчлэхэд зарцуулах боломж бүрдэж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа