
Сүхбаатарын талбай, Төв шуудангийн баруун урд талын 3515 метр квадрат хоосон газрыг иргэн Д.Ганпүрэв зочид буудал барих нэрийдлээр газар эзэмших эрхийг авч, хашаа босгон нийслэлийн өнгө төрхийг гутаагаад даруй 15 жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд Д.Ганпүрэв нь энэ газарт зочид буудал барихын оронд газар эзэмших эрхээ “Макс импекс” компанид шилжүүлээд сураггүй болсон. Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ газрыг “Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй төдийгүй газрыг хөндөлгүй хав дарсан” гэх үндэслэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд газар эзэмших эрхийг цуцалсан. Энэхүү шийдвэрийг “Макс импекс” компанийнхан эсэргүүцэн Нийслэлийн өмчийн харилцааны газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Шүүхэд гаргасан гомдолд “Өнгөрсөн жилүүдэд шугам сүлжээний ажлууд болох газар доогуурх ажлыг хийж, гүйцэтгэсэн. Тиймээс газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр эзэмших эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ. Хүсэлтийг одоогоор Захиргааны хэргийн шүүхэд хянаж байгаа бөгөөд шүүх хурал хараахан товлогдоогүй байгаа юм.
Нийслэлээс өмчийн харилцааны газраас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн талбайгаас хумсалсан, инженерийн шугам сүлжээ, ундны усны эх үүсвэрийн дотоод мужид хамаарах газруудыг эзэмшсэн мөн хоёроос дээш жилийн хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр нийт 40 газрын газар эзэмших эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түдгэлзүүлсэн. Эдгээр газруудыг урин дулаан цаг ирэхээр буюу ирэх тавдугаар сарын 15-наас эхлэн албадан чөлөөлж, газар эзэмших эрхийг цуцалж эхэлнэ гэж албаныхан мэдэгдэж байгаа юм.