Цахилгааны шугамыг шинэчлэх боломжийг судална

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Цахилгааны шугамыг шинэчлэх боломжийг судална

“Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг маргааш Эрчим хүчний яам, МУИС-тай хамтран зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед манай улсад нүүдлийн болон махчин шувууд их хэмжээгээр хорогдох болжээ. Тэдгээрийн цөөнгүй нь тогонд цохиулснаас болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг мөргөснөөс болдог аж. Тэр дундаа шинээр баригдаж буй 15 кв цахилгаан дамжуулах шугам шувуудад аюул учруулах болсон байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар нийт 41 зүйлд хамаарах 945 бодгаль шувуу  цахилгаанаас болж хорогдсон байна. Үүнийг ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзвэл хохирол нь 3.6 тэрбум төгрөгт хүрчээ. “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай олон улсын конвенц”-д манай улс 1999 онд нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцийн зорилго нь нүүдэллэдэг амьтдыг устах аюулаас сэргийлэх,  нүүдэлд саад тотгор болохуйц сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх, нүүдлийн амьтанд учирч буй хохирлыг бууруулахад оршдог аж. Тиймээс “Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийг байгаль орчинд ээлтэй болгох боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалт хийх болсон байна. Уулзалтын үеэр цахилгаан дамжуулах шугамын байгууламжийн загварыг шинэчлэх боломжийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хайх юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж