”Дорнод уран”-ы гэрээг хүчингүй болгох уу

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

”Дорнод уран”-ы гэрээг хүчингүй болгох уу

Монгол, Оросын Засгийн га­зар хоорондын гэрээгээр “Дор­­нод Уран” компанийг байгуу­лахаар болсон нь өнгөр­сөн оны арванхоёрдугаар сар. Хоёр улсын хамтарсан төрийн өм­чит уг компанийг байгуулах ажлыг Монголын талаас “Мон-Атом”, Оросын талаас “Атом­редметзолото” компанид хариу­цуулсан бий.

2010 оны арванхоёрдугаар сарын дундуур Монгол Улсын Ерөн­хий сайд С.Батболд ОХУ-д айчлал хийх үеэр дээрх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заас­наар бол 2011 оны эхний улирал гэхэд “Дорнод Уран” компани албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх ёс­той байж. Харамсалтай нь “Хан ресурс”-ийн заргаас бо­лоод хоёр улсын гэх төрийн өмчит компанийг байгуулах ажил бүтэлгүйтэх ханд­лагатай байна.

2009 оны сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Монголд айчлах үеэрээ Монго­лоос уран олборлох хүсэлтэй байгаагаа, мөн Дорнодын  орд газарт хоёр улсын хамтарсан төрийн өмчит компани бай­гуу­лах бодолтой яваагаа улам­жилсан. ОХУ-ын Ерөнхийлөг­чийн уламжлал, Монголын  ураны салбарыг атгахыг хүссэн оросуудын  ил далд хүсэлт, шахал­тын дагуу Цөмийн энер­гийн газ­раас Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулах 237 А тоот тусгай зөвшөөрлийн эзмшигч “Төв Азийн уран”-аас лицензийг нь хурааж авсан нь Монголын Зас­гийн газрыг арбитрын шүүхийн өмнө дуу­даг­дах шалтгаан болоод байгаа юм. Анх 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” компанийг байгуулж, ураныхаа нөөцөөр Монголд тэр­гүүл­дэг Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байна. “Төв Азийн уран” компанийн 58 хувийг Кана­дын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани, үлдсэн 42 хувийг Орос, Монгол хуваан эзэмшиж байсан ч Цөмийн энер­гийн тухай шинэ хуулиар Монголын төрийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгдсэн орд газрын 51 хүртэлх хувийг Засгийн газрын мэдэлд авна гэсэн заалтын дагуу Монгол Улс 51 хувиа эзэмшихээр болжээ. Мөн шинэ хуулиар олгогдсон эрх мэдлийн дагуу Цө­мийн энергийн газраас ураны тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэх ажлыг өрнүүлсэн бөгөөд Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн хүсэлтээр “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөр­лийг түр түдгэлзүүлсэн аж. Учир нь нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль экологид сөрөг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр улсын байцааг­чаас “Хан ресурс”-ийн үйл ажиллагааг түр зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хураах санал гаргасан гэх.

Ийнхүү тусгай зөвшөөрлөө алдсан “Хан ресурс”-ийнхан Мон­го­лын шат шатны шүүхэд хандаад тус болоогүй учраас олон улсын шүүхэд гомдол гаргаснаар тэдний эзэмшиж байсан талбайд үйл ажиллагаа явуулах “Дорнод Уран” компанийг байгуулах ажил тушигдаад байгаа. 

Албаны эх сурвалжууд “Дор­­нод Уран” компанийг “Хан ре­сурс”-ийн зарга шийдэгд­сэн хой­но байгуулна хэмээн мэдэгдэж байгаагаас үзэхэд тус компанийг байгуулах хоёр улсын шийдвэр хууль бус байсан уу гэх эргэлзээг тө­рүүлж байна. Нэрнээсээ эхлээд, зорилго нь Дорнодын ураны сав газарт чиглэгдэж буй “Дорнод Уран” төрийн өмчит компани байгуулах гэрээний хугацаа ирэх сард дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд гэрээг дахин үзэглэх үү гэдгийг хариулж мэдэх хүн алга.

Хэрвээ Монголын Засгийн газар арбитрын шүүхийн өмнө бүдэрвэл яах вэ, энэ тохиолдолд оросуудын мөрөөдөл талаар өн­гөрч, тэр хэрээр Монголын Зас­гийн газарт ямар нэгэн шахаа хойд зүгээс ирэхгүй гэх баталгаа байхгүй. Оросууд холын хүслээ биелүүлэхийн тулд Монголыг шатахуунаар барьцаалсан то­хиол­­долд эрх баригчид хүссэн ч эс хүссэн ч оросуудын үгийг сон­соход хүрнэ. Учир нь бензин шата­хууны хувьд Монгол Улс ОХУ-ын “Роснефть”-ээс зуун хувь хараат билээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас Монголд ашигт малтмалын  геологийн судалгаа, эрэл хай­гуул хийж эхэлсэн оро­суудын хувьд монголчуудаас илүү  энэ талын мэдээлэл сайтай. Тиймдээ ч тэд Монголын аль ордыг гартаа оруулах хэрэгтэйг судалж, хүртэх ашгаа ч тооцоолчихсон байгаа.

Ураны салбарт ОХУ-тай хам­тарч ажиллах нь олон талын ач холбогдолтойг Цөмийн энергийн газрынхан дурддаг. Техник, тех­но­­ло­­гийн хувьд ч, тээвэрлэлт, олборлолтын талаар ч, туршлагыг нь бодолцсон ч Оростой түншлэх нь зөв гэх бодлого баримталдаг  Монголын эрх баригчдын гуравдаг­чаар сонгоод буй орнуудын дотор Канад багтаагүй нь “Хан ресурс”-ийн зарга хийх бас нэгэн шалтаг болсон аж.

Монголын Засгийн газар, “Мон-Атом” компаниас 200 сая ам.долларыг нэхэмжлээд буй “Хан ресурс” компанийн заргыг шийд­вэрлэх арбитрын шүүх хурал ирэх сарын эхээр болох төлөвтэй байна. Уг хурлыг Австралид хийх хүсэлтэй бай­гаагаа  “Хан ресурс” компа­нийн­хан арбитрын шүүхэд илэрхийлсэн бол Монгол Улсын зүгээс Европын аль нэг оронд явуулах санал гаргажээ.

Дэлхийн ураны нөөцийн нэгхэн хувийг агуулдаг Монгол Улсын ураны салбар дахь зөрчилдөөн ийн­хүү олон улсын шүүх дээр өр­нөж, эцэст нь хэн ялахаас “Дорнод Уран”-ыг байгуулах  асуудал ший­дэгдэх бололтой. Шүүхийн шийд­вэр хүлээсээр байгаад “Дорнод Уран”-ыг байгуулах хугацаа нь дуусчихвал Орос, Монголын хам­тарсан компанитай болох гэрээ хүчингүй болж магадгүй нь.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж