
-Ч.Сангарагчаа даргатай уулзахаар явна.
-Байхгүй… гэсэн хариултыг өгч байна. Өнгөрсөн сарын 22-нд шүүхээс 2.4 жилийн хоригдох ял авсан Ч.Сангарагчаа дарга Ганцхудагт хоригдож буй л даа. Мэдсээр байж мэдэн будилсан шалтгаан маань АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ажлаас нь өнөөг хүртэл түдгэлзүүлээгүйтэй холбоотой юм. Тиймээс харуул нь “эзгүй” гэхээс өөр юу ч гэх билээ. Хачирхалтай нь ажлаас нь түдгэлзүүлээгүй атлаа ял оноогоод шоронд хорьчихсон.
Энэ хоёр эрхмийг юу гэж дуудахаа ч мэдэхгүй юм. Ганцхудагийн хоригдол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн үү. Эсвэл АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн үү. Тэдэнтэй уулзья гэвэл хэнтэй уулзаж, хаанаас зөвшөөрөл, хэнээс цаг авах юм бэ.
Ял эдэлж буй гэдгээр нь ял оноосон шүүгчээс нь зөвшөөрөл авлаа гэж бодъё. Гэтэл АТГ-ын хууль ёсны дарга Ч.Сангарагчаа “Туслахаар дамжуулж цаг аваад ир” гэх нь мэдээж. Туслах нь харин “Дарга эзгүй байгаа” гэнэ. Хэзээ ирэхийг нь асуувал,
-Хэлж мэдэхгүй, мөд ирэхгүй дээ гэх вий. Ямар шоронд орчихсон гэлтэй биш. Тэгж хэллээ гэж бодъё. Түүнээс ургах асуулт нь:
-Яагаад шоронд хоригдож байгаа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлдэггүй юм бэ? Өгөх хариулт ч тодорхой:
-Хууль тогтоогчдоос асуу… л гэнэ. Харин хууль тогтоогчдын төлөөлөл болох УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын хэлснээр шүүхийн эцсийн шийдвэр гарахыг хүлээх аж. Түүний хэлээд буй заалтыг харъя л даа.
Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа шалтгаан нь Авлигын эсрэг хуулийн 22.2 дугаар заалт. Энд юу гэсэн бэ гэхээр “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэж л дээ. Ямар үед шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх вэ гэхээр 14 хоногийн хугацаанд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд аж. Харин тэд давж заалдахаар болсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэсэн үг. Хүчин төгөлдөр болоогүй нөхцөлд ажлаас нь түдгэлзүүлэх үндэслэл байхгүй.
Яагаад гэж үү. Авлигын эсрэг хуулийн 31.1-т Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлахыг хориглоно гэж бий. УИХ-ын намрын чуулганы үеэр АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор оруулсан ч Хууль зүйн байнгын хороо “Албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн хариулт өгсөн юм. Тэгэхээр УИХ Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг хорихыг зөвшөөрөөгүй гэсэн үг. Зөвшөөрөөгүй болохоор хорих эрхгүй гэсэн үг. Гэтэл хориод байна. Хорихоор барахгүй АТГ-ыг зангидаж ажилла гэсэн үүргийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчид өгчээ.
Эндээс АТГ-ын даргыг Тамгын газрын дарга орлох эрх зүйн үндэслэлтэй юу гэдэг асуулт бас төрнө. Харамсалтай нь үгүй. Хуульд АТГ-ын даргыг түр эзгүйд дэд дарга нь орлохоор зохицуулчихаж. Гэтэл дэд дарга нь бас “түр эзгүйрчихсэн” байдаг. Ийм тохиолдолд яах вэ гэдгийг энэ хуульд тусгаагүй нь харамсалтай. Хоёул хоёулаа эзгүйрчихнэ гэж хэн санах билээ дээ. Зайлшгүй шаардлагатай зөвшөөрөл авах боллоо гэхэд албан бичгээ бариад Ганцхудагт очиж зөвшөөрөл авах болж таарч байна. Ийм явдал болсон эсэхийг нь АТГ-ынхнаас асуухад хараахан үгүй бололтой. Одоогоор хэлтэс, хэлтсийн дарга нар нь ажлаа хариуцаад шийдвэрээ гаргаад явж буй аж. Хэрэвзээ дээрээс шийдвэр авах ёстой асуудал тулгарвал зөвлөлийнхөө хурлаар оруулж шийдвэрлүүлнэ гэнэ. Гэтэл энэ агентлагийн бүтцээр бол даргын дэргэд зөвлөл нь байдаг аж. Өөрөөр хэлбэл дарга нь зөвлөлийг хуралдуулна уу гэхээс зөвлөл нь даргыг орлоно гэж хуульд заагаагүй аж. Бас орлохгүй гэж заагаагүй. Ингээд бодохоор зөвлөлийг хуралдуулахын тулд АТГ-ын даргаас зөвшөөрөл авах хэрэг гарна. Ингэхийн тулд Ганцхудагт буй даргатайгаа уулзах зөвшөөрлийг шүүгчээс авах хэрэг гарна. Шүүгч нь зөвшөөрөл өгөх ч юм уу, үгүй ч бил үү. Энэ мэт шалтгаанаас болоод авлигатай тэмцэгчдийн зарим ажил хүлээлтийн байдалд оржээ.
Бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар биет бусаар ажиллаж буй учраас цалинг нь ял авсан өдрийн маргаашнаас зогсоожээ. Цалин авахгүй байна гэдэг ажлаа хийхгүй байгаа гэсэн үг. Ажлаа хийхгүй байна гэдэг халагдсан үг гэж ойлгогдох гээд байна.
Хуучин дарга нь тамгаа цүнхлээд зугтдаг жишиг “дүрэм” Монголд нутагшаад байсан бол одоо үеэ элээжээ. Өнөө цагт тамга аваад зугтана гээд даргыг нь хорьчихдог болж. Хоригдсон даргад тамгыг нь туслахууд нь зөөж, гарын үсгийг нь зуруулаад буцаагаад аваад явдаг болсныг АТГ-ын жишээ харуулаад байна.
Анх эл үйлдлийг харсан хэн ч эвэртэй туулай үзэх мэт гайхдаг байсан бол одоо туулай эвэргүй бил үү гэж эргэлзэх хүн ч бишгүй бий болсон бололтой. Ийм л хууль үйлчлээд байна.