
Чарльз Дарвин хүн яаж ярьж сурсныг ургуулан бодож, 1871 онд гаргасан «Хүний үүсэл гарал» бүтээлдээ тусгасан байдаг. Тэрбээр уг бүтээлдээ «Шувуудын гаргаж буй авиа хүний хэл яриатай зарим талаараа ойролцоо» гэж бичжээ. Түүнийхээр бол хэл яриа нь шувуудын жиргээнээс гаралтай бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэгч үгсийн эх үндэс болсон гэнэ.
Магадгүй Дарвин зөв хэлсэн ч байж болох. Хэл яриаг амьтны аймагт тархсан харилцааны хоёр хэлбэрийн логик үргэлжлэл гэдэг. Энэ нь шувуудын жиргээ болон бусад амьтны харилцааны хэрэглээ юм. «Эдгээрийн санамсаргүй хослол хүний хэлийг бий болгосон байх талтай» хэмээн Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэн Сигеру Миягава таамаглал дэвшүүлжээ.
Ноён Миягава хэл ярианд хэлэх үгийн түвшин (өгүүлбэр зохиох), утгын түв¬шин (өгүүлбэрийн агуулга) гэсэн хоёр «давхар» байдгийг өмнөх ажилдаа тусгасан.
Харин шувуудын жиргээг эхний «давхар»-таа оруулсан бол зөгийн бүжиг, сармагчнуудын хашхирааг хоёрт нь оруулжээ. Магадгүй 50-80 мянган жилийн өмнө хүмүүс өөрсдиигөө илэрхийлэх энэ хэлбэрүүдийг нэгтгэж, өвөрмөц, хэцүү хэлбэр болох хүний хэл яриаг бүрдүүлсэн бололтой. Ер нь алим, жүржийг шууд нийлүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ сайтар судалбал хувьсал үргэлж хуучин дээр шинийг нэмэх байдлаар өөрчлөгддөг билээ.
Тэгвэл «давхар» гээд байгаа зүйл нь юу вэ. Энгийн жишээ авч үзье. «Тодд кондор шувуу харсан». Энэ өгүүлбэрийг «Тодд кондор шувуу харсаан?» гээд амархан өөрчилчихөж болно. Энэ өгүүлбэрийн хэлбэр өөрчлөгдөөгүй боловч дуу авианы тусламжтайгаар өөр утга илэрхийлж байгаа юм.
Шувуудын жиргээнд утгын «давхар» байхгүй. Тэдний дуу авиа бүхэллэг бүтэцтэй. Өөрөөр хэлбэл бүх дуу авиа нь үржилд дуудах, газар нутгаа хамгаалах гээд нэг л утга илэрхийлдэг аж. Японы амадина гэгч шувуу өмнө нь гаргасан дуу авиандаа шилжих чадвартай учир илүү их мэдээлэл дамжуулдаг. Алтан гургалдай л гэхэд 100-200 янзын дуу авиа дамжуулах чадвартай.
Бусад амьтан харин ч эсрэгээрээ, энэ «давхар»-ыг ашигладаггүй байна. Зөгийн биеийн хөдөлгөөн хоол хүнсээ хаана байгааг заадаг бол сармагчны хашхираан араатан амьтан ирж буйг анхааруулдаг гэнэ.
Харин хүн энэ хоёр системийг хослуулан, үр дүнтэй ашигладаг юм. Ер нь эртний хүмүүс жиргээг шууд дууриан, янз бүрийн дуу авиа гаргадаг байснаа хожим нь үг болгосон бололтой. Түүнчлэн хүн, шувуу хоёрын хэл сурах явцдаа ямар ч хэлийг хүлээн авах чад¬вартай. Үүнээс гадна хэл яриаг хариуцдаг тархины хэсэг нь ч ижил аж.
Бас нэг адил талыг алдарт авиа судлаач Моррис Халле илрүүлсэн байдаг. Түүний үзсэнээр хүний хэлэнд өргөлт, хэмнэлийн эцсийн хэм хэмжээ ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл бидний хэл гайхалтай уян хатан, байнга өөрчлөгддөг ч хязаарлагдмал, хаалттай системтэй аж. Магадгүй цаашдын судалгаагаар энэ таамаглал батлагдахгүй байж ч болзошгүй. Гэхдээ хүний хэл яриа бол соёлын бүтэц, тохиолдлын тэмдгийн нэгдэл төдийгүй биологийн хувьслын үр дагавар гэж үзэх мэргэжилтнүүд нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй.