
Ердөө л өнгөрсөн жил монголчууд 30 сая тонн нүүрс экспортлоно, нүүрсний салбар цэцэглэн хөгжинө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан бол нүүрсний компаниуд хямралд орж зарим нь үүдээ барихдаа тулж, таамаглаж байсан хэмжээнээс бага буюу ердөө л 20 гаруй сая тонныг экспортолсон юм. Ийнхүү өөдрөг төсөөлөлтэйгээр 2012 онд энэ уулзалтаас гарч одсон хөрөнгө оруулагчид энэ удаад өнгөрсөн жилийн үр дүнг бодон сэтгэл дундуурхан ирээд, мөн л сэтгэл дундуурхан буцаж буйгаа ч ярьж байна лээ. Уул уурхайн салбар хууль эрх зүйн орчин хэрхэн нөлөөлөх талаар тэд мөн л эргэлзээтэй хэвээр буцав. Ашигт малтмалын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай журмууд хараахан эцсийн байдлаар тодорхой болоогүй ч байгаль гадныхныг болгоомжлуулж магадгүй гэсэн сөрөг таамаг бий. Хүлээлттэй бас, сэтгэл дундуурхан байх юм, тэд.
Гэхдээ л Монгол Улс дэлхийн хараанд байгаа. Нүүрсний салбарт том импортлогч улс хажууд байгаа нь нэг боломж болж ОХУ-аас түрүүлж төмөр замаа шийдээд, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж салбарынхан уулзалтаар онцолж байсан. ОХУ нь Монгол Улсын гол өрсөлдөгч гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Нүүрсний нөөц, олборлолт, тээвэрлэлтээрээ нүүрсний салбарын импортлогч том орныг бүрэн хангахад ойрхон байгаа талаар чуулга уулзалт дээр хэлэлцүүлсэн илтгэлүүд дээр онцолж байлаа. Монгол Улсын хувьд олборлосон нүүрсээ ачааны машинаар зөөгөөд зөөгөөд төмөр зам сайтай том улсыг яаж гүйцэхэв. Тиймээс аль болох том орны ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр төмөр замаа өөрсдөө хийчихмээр байна гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэх. Гэтэл зарим нь “Төмөр зам, экспортын ашиг гэхээсээ өмнө дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачихаад гадаад зах зээлд гармаар байна. Үүний тулд эхлээд нөөцөө ашиглаад эрчим хүчний эх үүсвэрүүдээ яаралтай шийдэх хэрэгтэй байгаа” гэх. Тодруулбал, одоогийн эрчим хүч үйлдвэрлэж буй чадлаар ачаалалтай ажиллаад байвал ирэх онд хомсдолд орж магадгүй байж юун төмөр зам барих вэ гэх.
Энэ салбарынхны санааг зовоож байгаа бас нэг зүйл нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд харилцан адилгүй үнээр гаргаад байгаа талаар. Үүнийг зохицуулахын тулд Уул уурхайн бирж байгуулах хэрэгтэй талаар салбарынхан нэлээд олон жил ярьж байгаа ч одоо салбарын яам энэ талаар ярилцаж эхэлжээ. Тун удахгүй Уул уурхайн яамнаас бирж байгуулах хуулийн төслийг боловсруулж эхлэх талаар чуулга уулзалтаар танилцууллаа. Сайн хэрэг, нэгдсэн зохион байгуулалтаар энэ том салбарыг зохицуулах хэрэгтэй байгаа энэ үед.
Ямартай ч нүүрсний чанар, нөөцөөрөө Монгол дэлхийн анхаарлыг татсаар буй. Энэ удаад тийм ч сэтгэл хангалуун бус буцсан хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдад, хэр “буух”-ыг харахаар хүлээж байна.