Хятад худалдааны алдагдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хятад худалдааны алдагдалд орлоо

Экспортын бүтээгдэхүүний ог­цом өсөлт Хятадын эдийн засгийг улам хүчирхэгжүүлж байна. Гэсэн ч эдийн засгийн хурдтай өсөлт ин­ф­ляц­ийг хөөрөгдөх аюул бий бол­госон. Хятад­ын эдийн засагчид эдийн засгаа тогт­воржуулахаар хичээж байгаа бөгөөд энэ оны эхний улир­лын байд­лаар худалдааны хэмжээ буур­сан үзүүлэлт гарчээ. Хятадын гаалийн ерөн­­­х­ий газрын сүүлийн судал­­гаагаар эх­ний гурван сарын худал­дааны ал­даг­­дал 1.02 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилд үзэгдээгүй алдагдал ажээ. Хятад улс сүүлийн хэдэн жил­ийн турш экспорт давамгайлсан эдийн засгийн бодлого явуулж байна гэдэг шүүмжлэлд өртсөний дараа дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэхээр хичээж байгаа юм байна. Гэсэн хэдий ч АНУ, Европ зэрэг Хятадын экспортын  гол зах зээлд эрэлт бага байгаа нь дэлхийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн сэр­гэлт удаашралттай байгаатай хол­боотой. Ийм үед Хятад эдийн зас­гийн өсөлтийг хэвээр хадгалахын тулд экспортоос хамааралтай байдлаа багасгаж, аль болох дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бод­лого барьж буй. Хятадын худалдаа­ны хэмжээ эхний гурван сарын байд­лаар буурсан үзүүлэлт гарсныг ажиг­лаг­чид гол үзүүлэлт биш гэж үзэж байгаа юм. Хятадын эдийн засагчид дээрх статитистик судал­гааны дүнд санаа зовохгүй байгаа бөгөөд АНУ, Европын зах зээл дэх бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэг­дэхэд Хятадын экспорт дахин өснө гэдэгт итгэлтэй байна. Харин Японы газар хөдлөлт, цунамийн гамш­гаас үүдэлтэй хохирол Хятадын үйл­д­вэр­лэлд нөлөөлөх вий гэдэг бол­гоомжлол байгаа юм.

“Дэлхийн гурав дахь том эдийн засаг­тай орон, Хятадын  импортын хамгийн том зах зээл Япон тус ор­ны гадаад худалдаанд нөлөөлөх нь гар­цаагүй” гэж Хятадын гаал­ийн ерөн­хий газрын статистик судал­гааны төвийн дарга  Зен Юүй Шен ярьжээ. Японы гамшиг сүйрэл эдийн засаг, бизнест хэр их хохирол авчир­сан нь тодорхой болохоос нааш бусад оронд нөлөөлөл нь хэдий хугацаанд үргэлжлэхийг урьдчилан таамаглахад бэрх гэж ажиглагчид үзэж байна.
Японы эдийн засаг, бизнест сэргэх хандлага гарч, гамшгийн дараах сэргээн босголт эхлэхэд тус улс­ын зах зээлд Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт өснө гэж  ажиг­лаг­чид таамаглаж байгаа юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж