
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хе өнөөдөр өглөө Сөүл хотын Чонно буюу “Хонхны гудамж”-нд орших “Bosingak” нэртэй асар том хонхыг цохиж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо эхлүүлсэн байна. Ерөнхийлөгч Пак Кын Хегийн хонх цохих ёслолыг үзэж сонирхохоор 300 гаруй хүн хүйтэн цаг агаарыг үл ажран хүрэлцэн иржээ. КВS-ийн мэдээлснээр Ерөнхийлөгч Пак Кын Хе “Bosingak” хонхыг нийт 33 удаа цохиж дуугаргасан бөгөөд энэхүү тусгай ёслолд ард иргэдийн төлөөлөл болсон арван найман хүн биечлэн оролцсон байна. Ийнхүү Пак Кын Хе Өмнөд Солонгосын ард иргэддээ шинэ ерөнхийлөгч болж, албан үүргээ хүлээж авч буйгаа зарлан мэдэгдсэний дараа тэнд цугласан олон 5000 жилийн түүхтэй үндэсний “ganggangsullae” гэх бүжгээ бүжин баярлан цэнгэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хонх цохих ёслолын дараа урлагийн оддын тоглолтоор үргэлжилж байгаа бөгөөд алдарт дуучин PSY тэргүүтэй нэртэй дуучид ая дуугаа өргөв. Реппэр PSY мэдээж алдарт “Gangnam Style” дуугаа дуулсан юм.
“Bosingak” нь Чосоны 26 дахь хаан Коджоны үед байрлуулагдсан эртний түүхт хонх аж.


Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Б.АНХТУЯА