
Тавантолгой, Оюутолгойгүй л бол манай улс орон хоосорчих гээд байгаа юм шиг л дээр дооргүй л ухаанаа уралдуулахаас бус байгаль эхийг хайрлах, хамгаалах тал дээр анхаарч байгаа нь хуруу дарам. Гэтэл тэр их хэмжээний баялгаа ухаж, төнхөж баяжлаа гээд усгүйгээр, ургамал ногоо, ой модгүйгээр бид хэдий хугацаанд амьдрах билээ. Амьдралыг тэтгэгч ус, эргээд байгаль дэлхийг тэтгэх амин судас нь гэдэг. Тиймээс ус, ургамал, амьтан, ой мод зэрэг байгалийн махбодийг ялгаж, салгаж ойлгоно гэдэг бэрх. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 13.6 хувийг ойн сан эзэлдэг гэдэг тоон судалгаа байдаг ч 80-90 хувь нь хортон шавьжид идэгдсэн, түймэрт шатаж хожуул болсон гээд амьдрах чадваргүй болтлоо доройтсон байна. Тэр хэмжээгээр газрын гүний цэвдэгшил гэсч, гүний цэвэр усны нөөц багасч байгааг мэргэжлийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгаа. Түүнийг учир мэдэх албаны мэргэжилтнүүд дэлхийн уур амьсгалын дулааралтай холбон тайлбарлаж байгаа ч хүний хүчин зүйлээс нөлөөлөх, нөгөө талаас харьяа салбар яамны хийсэн ажлын тайланг байгаль өөрөө дүгнээд өгчихсөн гэж хэлж болох юм. 1980-аад оны тэртээ ой модтой аль ч газар очсон өглөөд манан татаж, шүүдэр бууж, мөөгөн хүрээ татсан их сайхан байгалиараа бид бахархдаг байсан цаг үе саяхан. Гэтэл өнөөдөр ногоорон харагдах модтой уул харж баясах авч, ойртоод очиход сийрэгжсэн хортон шавьжинд дарлуулж, түймэрт өртөж өнгө зүс нь доройтсон хэзээ мөдгүй үндсээрээ булгарах дөхсөн хатсан мод, ширгэсэн гол мөрний сойр үлдлээ. Мөнгөн дүнгээр авч үзвэл алтны компаниудын ус ашигласны төлбөрт жилд 4.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг ч эргээд ус болон байгаль орчинд зарцуулах тал дээр хөшүүн хойрго хандаж байгаа. Статистикийн тоо баримтыг үзвэл, Монгол Улс дөрвөн жилд нэг удаа гадаргын усны тооллогыг явуулдаг. Энэхүү тооллогоор манайх 5121 гол бүртгэгдсэнээс 887 нь ширгэжээ. 3332 нуур цөөрмийн 1166, 9340 булаг шандын 2096, 422 рашааны 54 нь ширгэснээс харахад манай гол мөрөн, усны нөөц хурдацтай дундарчээ. Мөн түймэрт өртсөн байдлаар нь авч үзвэл Дорнод аймгийн Баян-Уул суманд л гэхэд 2000-2009 оны хооронд 837 сая орчим төгрөгийн хохирол учирсан байгаа талаар тухайн сумын байгаль орчны улсын байцаагчийн судалгаа байх юм. Тэр хэмжээгээр ой хортон шавьжинд идэгдэж, үхмэл ой болон хувирч байна. Мөн сүүлийн таван жилд хийсэн судалгаагаар жил бүр 100-200 мянган га газрын мод устжээ. Гэтэл манай улс хэчнээн хэмжээний ойтой билээ. Энэ бүхнээс дүгнэхэд 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд байгаль орчны салбарын орхигдуулсан өнөөдрийн эмгэнэлт дүр зураг харагдана. Мөн амьдрах орчноо шүтэх бус алт эрдэнэсэд шүтэх болсон нь биднийг хожмоо амь тэтгэх ус, агаар сэлгэх мод ургамлаа алт мөнгө амлаад ч олж авахгүй ард хоцорно гэдгийг бусад улс орнуудад нөлөөлж буй томоохон хэмжээний байгалын гамшгууд харуулж байна. Тухайлбал, Японы газар хөдлөлтөөс болж атомын цахилгаан станцын дэлбэрэлт цаашид ямар үр урхаг авчирахыг эрдэмтэн судлаачид тооцоолж чадахгүй байгаа зэргээс сургамж авахад илүүдэхгүй биз ээ.
Усыг орлох бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд одоог хүртэл гаргаж авч чадаагүй бөгөөд цаашид ч судалгаагаар боломжгүй гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй баталж байна. Мөн нэг мод нас бие гүйцэж ургах хугацаа нь бидний нас хүрэлцэхгүй гэдгийг бага дунд боловсролд хангалттай заасан байх учиртай. Зургаан аймгийг дамнан урсдаг байсан Онгийн гол өдгөө тасарч, заримдаа нэр төдий л урсч байгаа. Тэр хэмжээгээр тухайн нутаг дэвсгэр хув хуурай хатмал тал болон хувирчихаж. Эргээд энэ газар нутгийг сэргээхэд Онги гол урсч байх нь чухал. Онги гол хуучны янзаар зарим үедээ 30-40 метр өргөн урсдаг хэмжээнд хүрэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүмүүсийн тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаардана. Энэ мэтчилэн бидэнд урт хугацаанд бүрэлдэн бий болдог уух уус, амьсгалах агаар болсон байгаль орчиндоо хүндэтгэлтэй хандахгүй аваас хэдэн арван Оюутолгой, Тавантолгой, хэчнээн ухаантан байгаад ч нэмэргүйг бусад оронд нүүрлээд байгаа байгалийн гай гамшиг харуулж байгаа бус уу.
Д.Долгор