
Нэг ямааны арьсыг ноолуураас нь салгахад 300 төгрөгийн ханштай
11.30 цаг. “Той-Уул” компанийн ажил хараахан эхлээгүй байлаа. Үдээс хойш 13.00 цагийн орчим эхлүүлэхээр ярилцаж байсан гэж тэр агуулахад долоо хоног ажилласан гэх Сонгино-Хайрхан дүүргийн харьяат 35 настай Г.Энхмэнд хэлэв. Тэрбээр “ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг өнгөрсөн долоо хоногт түр хугацаагаар хаасан юм билээ. Тиймээс хятадуудын их хэмжээгээр худалдан авсан ямааны арьс муудах гээд сандаргаж эхэлсэн л дээ” гэдгийг хэлнэ. Мөн ноолуурын үнэ өртөг ч өссөн. Үүнийг дагаад хятадууд борлонгийн арьсыг ноолуураас нь салгах гэж химийн бодис ашиглаж байгаа тухай тэрбээр нэмж хэлэв. Түүний хэлснээр ойр орчмын хүмүүс үүнийг бараг бүгд мэдэх гэнэ. Г.Энхмэнд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн нэг дахь өдрөөс ажиллаж эхэлсэн. Ингэхдээ “Той-Уул” нэртэй энэ газарт өдөрт 30 гаруй ямааны арьс ноолуураас нь салгасан гэнэ. Химийн хорт бодисноос болоод нэг цаг ажиллахад л хоолой нь хорсч, нүднээс нулимс асгардаг аж. Бүтэн өдөржин ажиллавал толгой өвдөж, биеэр жижиг улаан өнгөтэй тууралт гарч эхэлдэг гэнэ. Аргагүйн эрхэнд хоолныхоо мөнгийг олох гэсэн эмэгтэйчүүд хоронд хордоод ажилладаг юм байна. Тэр эмэгтэйн яриагаар бол хятадууд нэг арьсыг ноолуураас нь салгахад монголчуудад 300 төгрөг өгдөг аж.
Химийн бодис ашиглаж арьс боловсруулах ажил нууц байдалд шилжсэн гэнэ
Уг нь “Той-Уул” нэртэй энэхүү газар зөвхөн түүхий эд худалдан авах зөвшөөрөлтэй. Арьс боловсруулах ажил гүйцэтгэх ёсгүй гэнэ. Харгиа цэвэрлэх байгууламж боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлыг цэвэрлэж дийлэхгүй байгаагаас арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнээс үүдээд хятадууд гар аргаар арьсаа боловсруулж эхэлжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр “Той-Уул” нэртэй түүхий эд худалдан авдаг хашаан дотор байрлах агуулахад химийн бодис их хэмжээгээр хадгалсан байдаг гэх. Сүүлийн үед тэр хавийн хүмүүсээс хэл ам гарах болсноор нууц байдалд ямааны арьсаа боловсруулах болжээ. Тодруулбал, монголчуудыг агуулах дотроо түгжиж ажлаа явуулдаг байна. Биднийг очиход ч “Той-Уул”-ын агуулахууд цоожтой байсан юм. Тэндэхийн гол ажлыг хариуцдаг хятад эрэгтэй Ma Qion хэлэхдээ “Би монголд ирээд нэг жил болох гэж байна. Арьс ширний үйлдвэрүүд хаасан. Бидний өвөл худалдан авсан ямааны арьснууд одоо муудах гээд байна. Манай энд зөвхөн арьс давслах ажлыг монголчууд гүйцэтгэдэг” гэв. Харин нөгөөх агуулах дотор ямар түүхий эд хадгалж байгааг лавлахад “Би тэр агуулахын эзэн биш. Дэл сүүл авдаг хятадууд байсан. Одоо нутаг буцсан” гэв. Хэдийгээр өчигдөр тэд ил задгай гар аргаар арьс боловсруулах ажлаа гүйцэтгэж харагдаагүй ч ойр тойрны олон хүмүүс тэрхүү мэдээллийг баталах юм билээ. Гар аргаар арьс боловсруулахад хэрэглэж буй бодис нь хорт хавдар үүсгэдэг, хүн, амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг хортой бодис гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар тэрхүү химийн бодис нь ажлын байрны агаарт 1.0 мг/м3, ундны усанд 0.5 мг/л, хөрсөнд 50 мг/кг хүртэл хэмжээтэй байхаар зөвшөөрөгдсөн. Үүнээс хэтэрвэл хортой гэнэ. Тэрхүү химийн бодис нь хөрсөнд их хэмжээгээр тархсан тохиолдолд хөрс, ургамлыг хордуулж, ургац муутган, хөрсний бүтцийг өөрчлөн шүлтлэг болгодог байна. Энэ бодис хүний биед өчүүхэн төдий тархвал хорт хавдар үүсгэх аюултайг эрдэмтэд тогтоосон байх юм. Гэтэл 60 литрээр савалсан хорт бодисууд Эмээлтийн газар нутаг хийгээд 300 төгрөгийн хөлсөөр ажилладаг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар их хор уршиг тарьж буйг мэргэжлийн байгуулагынхан анхааралдаа авч, хууль бус ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй болов уу…