Киргизийн парламентын төлөөлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Киргизийн парламентын төлөөлөгчид бараалхав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчилж буй Киргизстан улсын парламентын дэд дарга Бакыт Торобаев тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Шинэ Үндсэн хуулиа 2010 онд баталж, парламентын ардчиллын замыг сонгосон Киргизстан улсын ерөнхийлөгч хатагтай Р.Отунбаева Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан, Монгол Улсын ардчилсан хөгжлийн туршлагаас суралцах хүсэлт тавьсан юм байна. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэр ноён Жорж Соростой уулзаж,  Улаанбаатар хот болон Киргизийн нийслэл дэх түүний Нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Киргизстаны ардчилсан хөгжлийг дэмжих, туршлагаасаа хуваалцахаар ярилцан тохирсны дагуу Киргизийн төлөөлөгчид ийнхүү манай оронд айлчилж буй ажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизстан улс ардчиллын замыг сонгосныг Монгол Улс бүрэн дүүрэн дэмжиж байна. Киргизийн төлөөлөгч зочид та бүхэнтэй 20 жилийн өмнө сонгосон замынхаа туршлагаас хуваалцахад баяртай байна.  Та бүхэн нээлттэй байж, сонирхсон зүйлээ асуугаарай” гэж уулзалтын эхэнд  хэлсэн юм. Киргизстан улсын парламентын дэд дарга Бакыт Торобаев төлөөлөгчдөө танилцуулсны дараа “Киргиз, Монгол хоёр Зөвлөлтийн үеэс олон салбарт харилцаа, хамтын ажиллагаатай байсан. Одоо хоёр орны хооронд янз бүрийн салбарт харилцааг сэргээн хөгжүүлэх, өндөр хэмжээнд төлөөлөгч харилцан айлчлуулж яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй байна” гэлээ.

Тэд парламентын засаглалд шилжсэнээр олсон, алдсан зүйл юу болох, энэ засаглалын давуу болон сул тал, шинэ сонгосон засаглал эдийн засаг, ард түмний амьдралд ямар бодит үр дүн авчирсан талаар асууж Ерөнхийлөгчтэй ярилцсан юм.  
Киргизийн төлөөлөгчид мөн парламентыг хэн, хэрхэн тараадаг, Ерөнхийлөгч, парламент хоёрын эрх үүргийг нарийн зааглан заасан хуультай эсэх, Засгийн газраа яаж эмхлэн байгуулдаг, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрхэн хийсэн, орон нутгийн удирдлагыг сонгодог хэлбэр, тэдний нэрийг намууд дэвшүүлдэг эсэх, авлигын эсрэг ямар механизм ашигладаг, намуудын санхүүжилт, Дотоод явдлын яамны сайдыг хэн томилдог, тусгай албадын удирдлагыг хэн хариуцдаг, ерөнхий шүүгч, ерөнхий прокурорыг хэн томилдог, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг эсэх зэрэг асуулт асуусан юм.   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулахдаа “Монгол Улсын онцлогоос хамааран парламентын засаглалыг сонгосон. Аливаа асуудлыг парламентаараа бүгд хэлэлцэж шийдвэрлэх нь Монгол Улсын хувьд илүү зохистой. Асуудлыг гудамжинд хүчээр шийдэх бус харин парламентад улстөрийн аргаар шийдэх нь улс орны тогтвортой байдлын гол баталгаа болдог гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж