Эрүүл мэндийн ямар хуулиар ”Эмчилгээ” хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн ямар хуулиар ”Эмчилгээ” хийх вэ?

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн баталсан хаврын чуул­га­наар хэлэлцэх асуудлын дарааллын тавдугаарт Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орсон. Үүний дагуу өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэл­цээд дэмжсэн.

Хэлэлцүүлгийн явцад эрүүл мэн­дийн бүх төрлийн үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд үзүүлдэг байх нь зүйтэй. Тухайлбал, төрөх эхчүүдэд зөвхөн амаржих газрууд үйлчилдэг, гэмтлийн чиглэлээр зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлдэг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол эрүүл мэндийн үйл­чил­гээ хэт төвлөрч, эмчилгээ үйл­чилгээний чанарт нөлөөлж байна. Улаан­баатар хот дахь дүүргийн нэгдсэн эмнэлгүүд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байх талаас хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна” гэсэн юм. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг тодорхой бус, эрүүл мэндийн салбарын санхүүжилт ДНБ-ий таван хувиас доошгүй байна гэсэн заалт зарчмын хувьд буруу гэсэн саналууд гарсан. Хэлэлцүүлгийн үеэр санал зөрөлдөж байсан эдгээр зүйлсээс гадна эрүүл мэндийн хуульд нэлээдгүй өөрчлөлт оржээ. Хуульд шинэчилсэн найруулга хийнэ гэдэг нь оруулах нэмэлт өөрчлөлт хуулийн нийт зохицуулалтын тавин хувиас дээш гарсан үед хэрэглэгддэг бөгөөд үндсэнд нь өмнөх хуулийг өөрчлөхийг хэлдэг аж.

Хамгийн асуудалтай гэгдэх энэ салбарт ямар хууль үйлчилснээр “эмчилгээ” жинхэнээр хийгдэхийг олон нийт ийн хүлээсээр байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛЖ БАЙВ?

Эрүүл мэндийн тухай хууль нь анх 1998 онд батлагдсан. Хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 2002, 2006 онд нэмэлт, өөрчлөлт орж байсан бөгөөд Эрүүл мэндийн газар байгуулахтай холбоотойгоор 2008 онд, дадлагажигч эмчийн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2009 онд тус тус уг хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш­хи 10 гаруй жил өнгөрсөн ч энэхүү салбарт шийдвэрлэх томоохон асууд­лууд байсаар байв. Тухайлбал, ан­хан шатны зарим эрүүл мэндийн байгууллагын статус болон эрүүл мэн­дийн байгууллагуудын үзүүлж буй тусламж, үйлчилгээний цар хүрээ тодорхой бус, стандарт, чанарын шаард­лага хангахгүй байх, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн батал­гаа хангалтгүй байгаагаас хөдөө орон нутагт анхан шатны болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх эмч хүрэлцэхээ болив. 1994 онд эрүүл мэндийн салбарт 37.4 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол 2010 онд энэ мөнгө 10 дахин өсжээ. Гэтэл элдэв өвчлөл нэмэгдсэн үү гэхээс буурсан үзүүлэлт гарсангүй.
 
ШИНЭ ХУУЛИЙГ ЯМАР ОРЧИН ХҮЛЭЭЖ БАЙГАА ТАЛААР

Эрүүл мэндийн тухай хуульд оруулсан олон удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ зүйл, заалт нэмэг­дэж, хүчингүй болсноос зүйл, заалтын дугаарлалт, уялдаа алдагдан, хуулийг хэрэглэхэд төвөгтэй болжээ. Үүнээс болж хуулийн зарим зүйл, заалтын найруулга бүхэлдээ хуучран цаг хугацааны явцад зохицуулалтын чад­вараа алдав. Эрүүл мэндийн бай­гуул­лага төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэх, олсон орлогоосоо эмч, ажилтнууддаа урамшуулал олгох, шаард­­лагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээ худалдан авах, зас­варлах боломжийг бүрдүүлэх саналыг эмч нар ч хэлэх болжээ. Мөн төрөөс хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай түнш­лэлийн харилцаа тогтоон хүн амд аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсэв. Олон нийтийн зүгээс эрүүл мэндийн салбарыг “доголдолтой, эмч нар нь тангараг өргөсөн атлаа гудамжинд гарч жагсана, хүний эрүүл мэндийг хөсөр хаяж, хэдэн төгрөг гар дээр нь тавихаас нааш хөдөлдөггүй” гэх түгээмэл үнэлэлтийг өгөөд байгаа нь ч нууц биш. Түүнчлэн орон нутгийн өвчтөнүүд нийслэл рүү, нийслэлийнх нь Эрээн, Солонгос гэхчлэн гадны улсын эмнэлэгт ханддагаас нь харвал өөрийн үйлчлүүлэх эмнэлгийн салбарт итгэх итгэл алдарсныг гэрчлэх аж.

ХУУЛИЙН ТӨСЛӨӨР ЗОХИЦУУЛСАН БОЛООД ЗОХИЦУУЛААГҮЙ ХАРИЛЦАА

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь есөн бүлэг, 46 зүйлтэй бөгөөд хуулийн амин сүнс нь салбарын байгууллагуудыг бие даалгах, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн зохицуулалт агуулжээ. Учир нь эмнэлгийн бай­гуул­­лагын санхүүжилтийн 68 ху­вийг төсвөөс, 25 хувийг даатгал бүр­дүүлж, үлдсэн багахан хувийг өөрийн орлогоор бүрдүүлдэг байдлыг өөрчлөхийг зорьж.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өр­хийн эмнэлгийг  хувийн статустай болгохоор хуулийн төсөлд оруулсан. Үүнтэй уялдуулан өрхийн эмнэлгийн  санхүүжилтийн эх үүсвэр, хүнд хүрч үйлчлэх хүрээг  уялдуулж,  өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоо 6000-аас доошгүй байлгахаар тооцсон байна. Гэвч хуулийн төсөлд эмч бүр өөрөө улсын эмнэлэгт ажилладаг хэрнээ хувийн эмнэлэгтэй, эмийн сантай байгааг зохицуулаагүй. Мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн эмч, сувилагч нарыг сумын эмнэлэгт хоёроос дээш жил ажилласны дараа аймаг, нийслэлд ажиллах эрхтэй болох талаар хуульчилсан нь тийм ч үр нөлөөтэй болоогүй. Зөвхөн тус заалтаас үүдэн сум дээрээ эмч нар нь орон тоо хүлээгээд ажилгүй суудаг. Гэтэл аймагт сул орон тоо хангалттай байгаа ч ажиллаж болдоггүй байдал үүсэх эрсдэл бий болгох аж.

Түүнчлэн цалингийн шатлалтай болгоогүйгээс тогтмол цалин авдаг эмч нар ажлынхаа ур чадвар, иргэдэд үйлчлэхдээ сэтгэлээсээ ханддаггүй. Цаг нөхцөөх байдлаар ажиллаад л өнгөрдөг байдал хэвээр байсаар л байх нь. Хуулийн төсөл Байнгын хорооноос удахгүй УИХ-д шилжинэ. Нээлттэй асуудал, эргэн харах саналыг энэ үеэр цэгцлэх биз.

Б.АМГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж