Засгийн газрын ажлыг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ажлыг дүгнэв

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ

Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал­даанаар өчигдөр Засгийн газраас 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн Ерөнхий сайд С.Батболд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөх байсан боловч “ажилтай” гээд ирээгүй. Түүний оронд мэдээлэл хийх ёстой Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мөн л МАН-ын бүлгийн хуралдаан давхацсан гэдэг шалтгаанаар ирээгүй байна.  Гэвч Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Гэхдээ мөрийн хөталбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа талаар дүгнэлт гаргаагүй байна. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар Ардчилсан намын бүлэг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөлд тендер будилаантуулсан, авилга авсан, зуучилсан зэрэг хууль бус үйлдэл хийсэн этгээдэд  эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх талаар нарийвчлан заасан аж. Гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлүүлдэг болох, хэрвээ төрийн албан хаагч энэ хэрэгт оролцсон нь тогтоогдвол дахин төрийн албанд ажиллуулахгүй байх зэрэг хариуцлага тооцохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэ­чилсэн найруулга болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг авч хэлэлцээд шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд дэмжсэн байна. Уг хуулийг анх 2002 онд  баталсан аж. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх ажил өнөөг хүртэл эзгүй явж ирсэн тухай Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр онцоллоо. Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд хот суурин газруудын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна гэр хорооллын айл өрхүүдийг цэвэрлэх байгууламжид холбох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ. Газрын хөрс, гүний усны нөөцийг ихээр бохирдуулдаг гэр хорооллын бохирын асуудлыг шийдэхийн тулд айл бүрийн нүхэн жорлонгоос татгалзаж, тусгайлан бэлтгэсэн жижиг хэмжээний цэвэрлэх байгууламж бий болгох хэрэгтэй гэсэн саналыг бүлгийн зарим гишүүд гаргажээ. Үүнд шатахуун түгээх санцуу­дыг мөн хамааруулж байгаа юм байна.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн зүйл заалт нь бусад хуулиудын 400 гаруй зүйл заалттай давхардсан, хийдэлтэй хууль болсон тул засвар оруулах шаардлагатай гэж үзжээ. Бүлгийн гишүүд хэлэлцээд шинээр боловсруулсан УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн тухай Ардчилсан намын бүлгийн дэд дарга мэдээллээ.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж