
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны Дэд Сайд Ёон Жо Со Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг ногоон хөгжлийн асуудлыг чухалчлан үзэж үндсэн чиг үүргийн яам болсонд баяр хүргэв.
Уулзалтын үеэр хоёр тал хүний нөөцийн асуудал болон салбарыг чадавхижуулах нь байгаль орчны хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов. Бүгд Найрамдах Солонгос Улсын хүний нөөцийн сургалтын институт өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсаас 47 хүн сургаж байгаа бөгөөд энэ талаар цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн ногоон эдийн засаг, ногоон өсөлтийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин болон институтын хувьд чадавхийг бэхжүүлэх шаардлагатай талаар санал солилцов.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын менежментийн төлөвлөгөө, Ногоон хэрэм, Хан Хэнтийн бүс нутаг биологийн олон янз байдлын судалгаа зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан байна.
Уулзалт ярианы үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчид Дулааны 5 дугаар цахилгаан станц, цаашид Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар сонирхсон байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга дулааны цахилгаан станц, Монгол Улсын ялангуяа Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний өнөөгийн байдал, шинээр баригдахаар төлөвлөж буй цахилгаан станцын явцын талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны шинэ механизм болох Бодлогын болон экспертийн түвшний уулзалтуудыг зохион байгуулж тогтмолжуулах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны Дэд Сайд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд гаргаж буй манай саналыг талархан хүлээн авч, судлаж үзэхээ илэрхийлсэн байна.