
Бүлгийн хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, салбар хариуцсан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, ажлаа танилцуулжээ. Танилцуулгад дурдсанаар Засгийн газрын 2008-2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 61 хувьтай гарсан бол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлийн биелэлт 81 хувийн биелэлттэй байжээ. Зарим ажлын биелэлт хангалтгүй байсан нь санхүү эдийн засгийн хямрал тохиолдсон, мөн УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтуудтай холбоотой асуудлаас шалтгаалан хэрэгжилт удаашралтай, эхлэл төдий байгааг салбарын сайдууд энэ үеэр онцолжээ. Бүлгийн гишүүдийн хувьд “Зовлон тоочих ёсгүй, ажлыг шуурхайлах ёстой” гэсэн байр суурь баримталсан байна.
Бүлгийн хуралдааны үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв нь нийгмийн салбаруудад бий болгох ажлын байр байсан аж. Засгийн газар “2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд яам бүр салбарынхаа хүрээнд ажлын байр шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгджээ. Мөн хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын хүлээлттэй холбоотой асуудал ч хөндөгджээ. Түүнчлэн хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилгын салбартай холбоотой асуудлыг ч хөндсөн байна. УИХ-аас өнгөрсөн хавар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан ч, өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй байгаа. Эхний ээлжинд 1100 км зам барихаар төлөвлөсөн. УИХ-аас холбогдох хууль, тогтоомжийг батлаад өгвөл төмөр зам барих ажил эхэлнэ гэж тухайн үед ярьж байсан ч, одоо чухам юун дээр гацаа үүчихээд буй нь ойлгомжгүй. Асуухаар ажил хийгдэж байна гэдэг. Тиймээс энэ ажлыг шуурхайлах. Мөн аймгуудыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох ажил энэ хавраас хэр урагштай явах, багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудал шийдвэрлэгдэж байгаа эсэх гээд олон асуудлаар бүлгийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм байна. Багш нарыг зөөврийн компьютерээр хангах ажлыг гадаадын зээлээр хэрэгжүүлэхээр анх төлөвлөсөн ч, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа аж. Зээл тусламж хүлээж суухаар төсвийн хөрөнгөөр шийдэх үү гэдэг асуудлыг “босгож” тавьсан ч, маргаан дэгдээсэн. Тиймээс гадаадын зээлийг хүлээж суухаас аргагүй. Мөн Монгол Ардын нам нь 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ахмад настны тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ гэж амласан. Ирэх 2012 оны сонгуульд өрсөлдөхөд өмнөх амлалтаа биелүүлсэн байх шаардлагатай тул эдгээрт анхаарал хандуулан ажиллах шаардлагатайг бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдэд сануулжээ. Түүнчлэн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгож эхэлсэн. Дээрх мөнгийг иргэд бөөнд нь бэлнээр авах сонирхол давамгайлж байгаа тул, зохицуулах боломж байгаа эсэх. Малчдыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах бүх бололцоог дайчлан ажиллах ёстой гэж үзээд хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулжээ. Улмаар намын бүлэг өөрийнхөө албан ёсны дүгнэлтийг гаргах гэнэ. Ингэхдээ Засгийн газрын 2008-2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн юун дээр анхаарах шаардлагатай байна, юуг яаравчлан шийдвэрлэх хэрэгтэй байна. Үлдэж байгаа нэг жил гаруйн хугацаанд юуг шийдвэрлэвэл хамгийн чухал байна вэ гэдэг дээр бүлэг тодорхой шийдвэрүүд гаргах юм байна.