
"Өдгөө Монгол гэгдэх болсон Түрэгүүдийн талаар XIII зууны хоёрдугаар хагаст амьдарч байсан перс эрдэмтэн Рашид ад Дин бичиж байсан” хэмээн Казахстаны түүхч Кайрат Закирьянов “Чингис хааны Түрэг дууль” гэх номдоо дурджээ. Тэр үед нүүдэлчин байсан бүх үндэстнүүдийг монгол гэж нэрлэдэг байсан. Үгчилбэл, “манкулам” гэж сонсогдох нь нүүдэлчин гэсэн утгатай гэж казах эрдэмтэн тайлбарлаж байна. Эсрэгээрээ, суурин амьдралтай хүмүүсийг сарткулам хэмээн нэрлэдэг байж. Зөвхөн мөнх хөх тэнгэрийг шүтэж, өөр шашныг үгүйсгэсэн хойд ба зүүн зүгт нүүдэллэсэн хүмүүсийг манкулам гэж нэрлэдэг байсан гэнэ. Тэд өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт амьдарч буй ард түмэн биш гэх.
Казах эрдэмтний дээр таамгийг Оросын түүхч Александр Бушков дэмжжээ. Тэр “Танигдаагүй Ази” гэх номдоо “Чингис хаан лав л монгол хүн байгаагүй. Энэ талаар ярих бол зөвхөн түрэгүүдийг дурдаж болно. Тэд л төр байгуулах, цэргийн арми, захиргааны аппарат бий болгох туршлагатай байсан. Чингис хааны хувьд тэр болгоныг хийж, амжилтад хүрэх нь ямар нэг ер бусын туршилт байгаагүй. Түүний эцэг өвгөд ч хийсээр ирсэн” хэмээн бичжээ.
Фото: ia-centr.ru“Дэлхийн хамгийн алдартай удирдагчдын нэг Чингис хаан монгол хүн биш байсан” гэж Алтан ордны түүхийг судлаач, "Страна Моксель", "Москва Ордынская" зэрэг номын зохиогч Владимир Белинский үзэж байна. Түүнийхээр бол Чингис хаан Түрэг угсаатны казах хүн гэнэ.
“Боржигин, Хэрээд, Найман, Мэргэд овгийнхон бол Монголын бус Түрэг хэлний бүлэгт багтах хэлүүдээр ярилцдаг түрэг үндэстнүүд. Одоо тэдгээр овгийнхны үлдсэн цөөн хэдэн хүмүүс орчин үеийн Хятадын нутагт үлдсэн, төрөлх хэл нь казах. Чингис хааны үед эзэнт улсын үндсэн хэл нь казах хэлтэй ойр, төстэй уйгур байсан” гэж орос эрдэмтэн дүгнэжээ. Тэмүүжиний (казах дуудлагаар Темиршина) эцэг Есүхэй (Есугей) нь Боржигин овгийн хаан, эх Өүлэн (Оян) нь мэргэд, хатан Бөртэ нь казахын Хонгирад овгийнх байсан” гэнэ. Мөн тэрбээр Чингис хааны нэрийг тайлбарлахдаа казахаар Шингисхаан гэж дуудах нь “Гэрэл цацруулагч хаан” гэсэн утгатай гэжээ. Монголд бол тийм нэр огт байгаагүй төдийгүй хаан гэдэг нь ч түрэг үг. Монголчууд өөрсдийн захирагчийг “контайчи” гэж нэрлэдэг байсан болж таарав.
Түүнчлэн казахууд л “хуралдай” гэж хийдэг байсан, тэр хуралдайгаас Тэмүүжинг хаанд өргөмжилсөн гэж Белинский үзэж байна. Мөн тэнгэрийг шүтэгч казахууд л нас барагсдыг хэн ч олохгүй, нууц газарт нутаглуулдаг байсан. Энэ тухай Алтан орд дахь Европын элч Плано Карпини өөрийн биеэр үзсэнээ тэмдэглэж үлдээсэн байдаг, харин монголчууд талийгаачдыг ил тавьдаг байсан гэж орос эрдэмтэн бичжээ. Хачирхалтай нь, оросууд эзэнт улсынхаа захиргаанд байсан казахуудад эзлэгдэж байсан гэдгээ нуухын тулд байлдан дагуулагчийг алс холын монгол хүн болгож, түүхийг гуйвуулсан гэж Белинский тайлбарлав. Түүний хэлснээр Чингис хааныг казах хүн байсан гэж албан ёсоор зарлах цаг удахгүй ирнэ гэнэ.