
Лондонгийн олимпийн дэвжээнд монгол түмний итгэл найдвар нь байж, бахархах бахдах сэтгэл, хамгийн сайн сайхан мэдрэмж бүхнийг дээд цэгт нь хүргэж чадсан Н.Түвшинбаяр аварга эх нутагтаа очмогц дасгалжуулагчаар ажиллаж, Монголын жүдочдын залгамж халааг бэлтгэхэд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулна гэдгээ элэг нэгт монголчууддаа уламжиллаа. Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгө, энэ амжилтаараа Монголын спортын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотноо мэс засал хийлгэсэн билээ. Маш хүндэд тооцогдох түүний мэс засал амжилттай болж, өдгөө биеийн байдал сайн гэх таатай мэдээ ирсээр байна.
Лондонгийн олимпийн татамид хагас шигшээ барилдаанд хүнд бэртэл авч, өвдөгний шөрмөс тасарсан ч өөрийгөө, өрсөлдөгчөө ялан дийлсэн аварга мэдээ алдуулагч тариулаад шигшээ барилдаанд зодоглосон. Олимпийн дэвжээнд угаас сул өрсөлдөгч үгүй. Тив тивийн шилдгүүдийг ээлж дараалан ялж, алтын энтэй мөнгөн медаль зүүсэн тэрбээр медалийн тавцанд доголон гарч ирж байсан нь монголчуудын сэтгэлд тодхон байдаг. Бээжингийн олимпийн дэвжээнд ч түүний зам дардан байгаагүй. Аваргыг давж аварга болсон тэрбээр барилдааны үеэр өвдгөндөө бэртэл авч, багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. АНУ-д мэс засал хийлгэж, урт хугацааны эмчилгээний дараа бэлтгэл завсардаж, жин ихээр нэмсэн ч жинхэнэ тамирчин хүний тэсвэр тэвчээрээр Лондонгийн олимпийг зорьсон билээ. Харин энэ удаад тэр нөгөө хөлөө гэмтээсэн. Дахиад л өвдөг… Хоёр олимп, хос медаль, хоёр өвдөгний мэс засал. Бээжингийн дэвжээ, Лондонгийн татамид монгол түмнээ баяр цэнгэлд бялхаасан түүний амжилт ийм л үнэ цэнэтэй. “Монгол түмний минь буян заяа, спортын анагаах ухааны дэвшил, анд найз, ах дүү, жүдогийн хамт олны дэмжлэгээр мэс засал амжилттай боллоо” хэмээн Н.Түвшинбаяр аваргатай утсаар холбогдоход ярьж байсан юм.
Түүний өвдөгний чагтан шөрмөс тасарч, миниск гэмтэж, ясны гадаргууг нь гурван хэсэгт эмчилж, мэс засал хийжээ. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгын найз, АНУ дахь Монголын хүндэт консул Кармен Кэбеллийн тусламжтайгаар Нью-Йорк мужийн их сургуулийн анагаах ухааны салбарын эмч Жон Марцо мэс заслыг удирджээ. ОУЖБХ-ны энх тайваны комиссын дэд дарга, “Хүч” спорт хорооны дарга Б.Пагва, түүний АНУ дахь найзууд, мөн Н.Түвшинбаярын багын найз Монгол Улсын заан М.Өсөхбаяр гээд олон хүний тус дэмэнд мэс засал амжилттай болсонд Н.Түвшинбаяр аварга сэтгэл өег буйгаа уламжилсан. Дахин барилдаж болох нь уу гэсэн бидний асуултад тэрбээр “Болдог бол одоо босоод ч бэлтгэл хиймээр л байна. Жин их нэмэгдэж байна. Гэхдээ би их спортоо орхихгүй ээ. Юутай ч эмчлүүлээд, дасгалжуулагчаар ажиллах болж байгаа. Монгол түмэндээ баярлалаа. Удахгүй эх нутагтаа очно оо” хэмээв.
Д.БАЯРСАЙХАН