Монголчууд олноороо өмнөд хөрш БНХАУ-д зорчиж, тэнд сурч, аж төрдөг. Зорчигчдын дийлэнх нь Эрээн хотоор дамждаг гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас галт тэргээр Эрээн хүрч, Эрээнээс Бээжин рүү онгоцоор зорчин мөнгө, цагаа хэмнэгчид олон бий. Тэгвэл Эрээн хотын Сайн-Ус онгоцны буудал зуны улирлын нислэгийн цагийн хуваарьт шилжсэн байна. Шинээр мөрдөж байгаа цагийн хуваарийг сонирхуулбал JD5149/JD5150 рейсийн нисэх онгоц Бээжингээс 07.35-д хөөрч 08.50-д Эрээнд газардан, Эрээнээс 09.30 цагт нисч 10.25 цагт Бээжинд буудаг болжээ. Харин Эрээн, Хөххотын хооронд нислэг үйлддэг GS6433/GS6434 рейсийн нисэх онгоц 17.00 цагт Хөххотоос хөөрч 17.45-д Эрээнд газардаж байгаа бол Эрээнээс 18.15 цагт нисч 18.55 цагт Хөххотод хүрч байгаа юм байна.
Д.ОЮУН