Оюутолгой далд уурхайн ТЭЗҮ-ийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Оюутолгой далд уурхайн ТЭЗҮ-ийг хойшлуулжээ

Монголын Засгийн газар, Канадын “Turquoise Hill  Resources” компанийн хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалт 2012 оны эцсээр дуусахад төслийн зардал урьдчилсан байдлаар 6.2 тэрбум ам.долларт хүрсэн нь анх төлөвлөж байснаас даруй гурван хувиар илүү гарсан хэмээн тус компани мэдэгджээ. Энэ тухай The Northern Miner сайтад мэдээлсэн байна. Сануулахад, Канадын “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны дийлэнх хувийг уул уурхайн аварга “Рио Тинто” эзэмшдэг билээ.

Оюутолгой ордод ил болон далд уурхайн аргаар зэс, алт, мөнгө, молибдени олборлохоор төлөвлөж буй. Төслийн нэгдүгээр шатанд өдөрт 100 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг ил уурхайн ойролцоо ашиглалтад оруулах юм. Төслийг хэрэгжүүлэгчид ил уурхайг ашиглалтад оруулсны дараа далд уурхайгаас олборлохоор төлөвлөж буй бүтээгдэхүүнийг оруулаад олборлолтын хүчин чадлыг өдөрт 160 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Оюутолгой компани ил уурхайн хүдэр олборлолтыг өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлж, нэгдүгээр сарын 31-нд алт, зэсийн баяжмалын эхний бүтээгдэхүүнээ гаргасан. Монголын Засгийн газартай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй, төслийн 66 хувийн эзэмшигч “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Бид үйлдвэрлэлээ жигдрүүлэхийн тулд төлөвлөсний дагуу ахицтай ажиллаж байна” хэмээн энэ сарын 14-нд мэдэгдсэн тухай дээрх сайтад бичжээ.

Тус компани ирэх зургадугаар сараас ил уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн ч хувьцаа эзэмшигчдийн хурлаар төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн зардал хэтэрсэн зэрэг  санаа зовоосон асуудлаар Монголын Засгийн газартай зөвшилцөлд хүрэх эсэхээс шалтгаална гэжээ.

2009 онд байгуулсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор Монголын Засгийн газар 34 хувь, “Turquoise Hill  Resources” 66 хувийг эзэмшихээр болсон ч өнгөрсөн хугацаанд зарим албан тушаалтнууд гэрээнд өөрчлөлт оруулж, Засгийн газрын эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэхийг шаардаж байсан юм. Монголын талын олон удаагийн шаардлагын эцэст “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид энэ сарын 6-нд хэлэлцээний ширээний ард суусан юм.
Хэлэлцээний  үеэр Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдаас Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэхийг хүсч, төслийн хөрөнгө оруулалтын зардал өссөн учрыг тодруулж өгөхийг шаардлага тавьсан юм. Талууд хэлэлцээг дахин үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.

“Turquoise Hill Resources” компани Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрсний дараа өдөрт 85 мянган тонн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буй газар доорх Hugo North уурхайг ашиглалтад оруулах аж. Гэвч тус уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг 2014 он хүртэл хойшлуулсан талаар дээрх The Northern Miner сайтад бичжээ.

Газар доорх уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил өмнө нь 2012 оны арванхоёрдугаар сар, 2013 оны эхний хагас, 2013 оны сүүлийн хагас хүртэл гурван удаа хойшлогдож байсан. Шинжээчид уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг ийнхүү хойшлуулах болсон нь цаанаа улс төр, эдийн засгийн шалтгаантай гэж үзэж байгаа аж. Тухайлбал, Английн уул уурхайн нэгэн шинжээчийн үзэж буйгаар “Рио Тинто” Оюутолгой төслийн дараагийн шатанд 7-8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулахын өмнө төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар хэл үггүй хүлээн зөвшөөрөхийг хүлээж байгаа аж.

Далд уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хойшлуулсан “Turquoise Hill”  одоогоор газар доорх уурхайн бүтээн байгуулалтыг зогсоогоод байгаа юм байна. Hugo North далд уурхайг тус компани 2016 онд ашиглалтад оруулж, 2018 оноос ил далд хоёр уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар төлөвлөжээ.

Олон улсын шинжээчид Оюутолгой төслийн бүтээн байгуулалт эхэлсэн ч техник эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил хойшлогдсон нь цаг алдах эрсдэлтэй гэжээ.

Улаанбаатар хотоос 550 км, Монгол-Хятадын хилээс 80 км-ийн зайд орших Оюутолгой төсөл олборлолтын эхний 10 жилийн хугацаанд жилд 600 мянган тонн зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө үйлдвэрлэх нөөцтэй.

Энэ том төслийн ашиглалтын хугацааг 50 гэж тооцоолсон юм.

Орчуулсан Н.ЭНХ

Эх сурвалж: The Northern Miner

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж