Малавид нисэх буудлууд хаалгаа барив

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Малавид нисэх буудлууд хаалгаа барив

Малавийн төрийн албан хаагч 100 гаруй хүн ажил хаясны улмаас тус улсын бүх нисэх буудлууд хаалгаа барьж, дотоодын болон олон улсын нислэгүүд цуцлагджээ. Түүнчлэн ажил хаялтын улмаас Өмнөд Африк, Кени, Этиопийн зорчигчид нисэх буудлуудаад боогдсон байна. ВВС-гийн мэдээлснээр Малавийн төрийн албан хаагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа амьдралын өртөгтэй уялдуулан цалингийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяжээ.

Төрийн албан хаагчдын ажил хаялттай холбогдуулан Малавийн Ерөнхийлөгч Жойс Банда одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр өнөөдөр Эквадорын Гвинейд айлчилж буй гэнэ.

Шинжээчдийн үзэж буйгаар өнгөрсөн тавдугаар сард Малавийн  мөнгөн тэмдэгт болох квачийн ханш 49 хувиар суларсан нь иргэдийн орлогод сөрөг нөлөө үзүүлж, ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардахад хүргэсэн гэнэ. Малавийн төрийн албан хаагчид олон нийтийг хамарсан ажил хаялт зарлахаас өмнө тус улсын Сангийн сайд Кен Липенга Засгийн газраас албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй байна гэдгийг мэдэгдээд байжээ. Кен Липенга “Одоогоор улсын төсвөөс төрийн албан хаагчдын цалинд 97 тэрбум квач /227 сая ам.доллар/-ийг зарцуулж байгаа. Харин Засгийн газраас ажилчдын шаардлагыг хүлээн авч, цалингийн хэмжээг бараг гурав дахин нэмэгдүүлвэл 276 тэрбум квач болно. Энэ нь улсын нэгдсэн төсөвтэй тэнцүү хэмжээний мөнгөн дүн юм” гэж мэдэгдсэн байна. Одоогоор төрийн албан хаагчдын ажил хаялтанд эмч, сувилагч нар хараахан нэгдээгүй байгаа боловч тэд Засгийн газраас ажилчдын шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаяхаа мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж