"У.Бангоуг айлчлахад төмөр замын асуудал яригдсан"

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

"У.Бангоуг айлчлахад төмөр замын асуудал яригдсан"

"У.Бангоуг айлчлахад төмөр замын асуудал яригдсан"
Төмөр зам, авто зам, агаарын тээвэр, далайн тээвэр зэрэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаатай нягт холбогдох салбарыг удирдаж буй Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр хэрэгжүүлж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь жил ирэх тусам хүчин чадлаа нэмэгдүүлснээр өнгөрсөн онд 20 сая тонн ачаа тээвэрлэжээ. Нийт хүчин чадал нь 25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой аж. Гэхдээ зүтгүүр, вагон худалдаж авахгүйгээр ийм хэмжээний хүчин чадал гаргах бололцоо хязгаарлагдмал байгаа тул нэмж 400 вагон, 20 зүтгүүр худалдаж авахаар гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн тухай мэдээллийг энэ үеэр дуулгаж байв. Энэ мэтээр олон шинэ мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Авто замыг чанар муутай тавьж байгаа. Чанартай авто зам барих чиглэлд салбарын яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Засгийн газар нийт 12 аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох том зорилт тавьсан. Үүнд их ч хөрөнгө зарцуулагдана. Энэ бүтээн байгуулалтыг хийх талаар авто замын компаниудтай дөрвөн удаа уулзалт хийсэн. Энэ үеэр чанартай зам тавих асуудлыг чухалчилж тавьсан. Авто замчид бэрхшээлтэй асуудлаа бас бидэнд тавьсан. Ингээд бид үүнийг нь шийдэх арга замуудаа боловсруулаад  Засгийн газарт удахгүй оруулахаар болсон.

-Ямар бэрхшээлтэй асуудал  байгаа юм бэ?
-Он дамжиж зам барихыг зогсоохыг хүссэн. Он дамжихаар инфляцтай холбоотой үнийн зөрүү гардаг. Мөн нэг км зам барих нэгж өртөг чанарын шаардлага хангахгүй байгаа. Тиймээс нэг км зам барих нэгж өртгөө эргэж харж байгаа. Энэ өртөг говьд нэг өөр, хангайд нэг өөр байдаг. Энэ талаар авто замчидтай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Дээр нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай юм. Замын ажлын бүтээмжийн 98 хувь нь өндөр өгөөжтэй техниктэй холбоотой байдаг. Энэ талаар Монголбанктай хамтран цогцоор нь арга хэмжээ авахаар бодлого боловсруулсан. Удахгүй  Засгийн газарт танилцуулна. Мөн авто замын компаниудаа зэрэглэлд хувааж байгаа. Нөгөө талаар авсан ажлаа хийж чаддаггүй, чанаргүй авто зам барьсан компаниудын жагсаалтыг гаргасан. Дээр нь авто зам барих компанийг шударгаар шалгаруулдаг тусгай программ боловсруулсан. Иймээс хэн нэгний үзэмжээр биш хүчин чадлаараа гараад ирэх бололцоог бүрдүүлж өгөөд байгаа.

-МИАТ компани өндөр шатахуун хэрэглэж байгаагаас алдагдалтай ажиллаж байгаа гэдэг. Үүнээс гадна МИАТ-д ажиллагсад цус ойртсон гэх. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-МИАТ-ын шатахуун монополь компанийн хяналтад байгаа. Тиймээс хоёрдагч эх үүсвэр хайж, бусад орноос хямд шатахуун авахаар ажиллаж байна. Тодорхой жишээ татахад дэлхийн зах зээл дээр онгоцны шатахууны үнэ 1750 ам.доллар байхад манайд 1750 ам.доллар байгаа. Тиймээс энэ огцом үнийг бууруулахын тулд тодорхой ажил хийгээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн хойд хөрш гэхгүйгээр өөр эх үүсвэрээс шатахуун олж, нөөц бүрдүүлэхээр бусад орнуудтай хэлэлцээр  хийгээд эхэлчихсэн. Шатахуун сумалдаг хоёр машинаа хувийн компаниас буцааж аваад МИАТ-д өгсөн. Ингэснээр шатахууны үнэ 80 орчим ам.доллараар хямдрах байх. Энэ мэтээр өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээгээ авч байна. Дээр нь бид МИАТ дээр тодорхой шинэчлэл хийж байгаа. Шинэ дэг журам, шинэ арга барилаар ажиллуулахаар нэлээд зүйл эхлүүлсэн. Энэ арга барил маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тухайлбал, МИАТ компани нийт 724 ажиллагсадтай байсан, үүнийг бид зарим ажлынх нь давхардлыг харгалзан үзэж 684 болгосон. Ингэснээр 800 гаруй сая төгрөг хэмнэсэн, шаардлагагүй орон тоог мөн байхгүй болгосноор 700 гаруй сая төгрөг хэмнэсэн, цалингийн сүлжээ мөрддөггүй түүнээс өндөр цалин авдаг байсан хүмүүсийг нэгдсэн сүлжээнд нь оруулсан. Энэ ажлыг хийснээр зардал бас хэмнэсэн. Энэ компанид гэр бүлийн хамаатан саднууд ажиллах явдал байгаа. Бид судалгаа гаргасан.

-Шинэ төмөр зам барихад төмөр замын салбарт бондоос өөрөөр ямар байдлаар хөрөнгө оруулах вэ?
-Төмөр замд “Шинэ төмөр зам” компанийн 49 хувьд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татна. Бусдад банк санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалт хийнэ, Засгийн газар өөрийнхөө хөрөнгө оруулалтыг бондоор санхүүжүүлнэ.  Ийм гурван эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

-Төмөр замаар хөрш орнуудын боомтуудаар дамжуулан байгалийнхаа баялгийг экспортолно гэж ойлгож байгаа. Хөрш орнуудтайгаа ярьсан зүйл бий юү?
-ОХУ-тай гурван боомтод тохиролцчихсон байгаа. Одоо төмөр замын хэлэлцээрийн явцад БНХАУ-тай ярина. Байгалийн баялгаа ОХУ-аар дамжуулан төмөр замаар тээвэрлэх зам арай урт байгаа. Урд хөршийнхөөс бараг хоёр дахин урт. Тиймээс хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэх хүсэлт тавьсан. Тавантолгойн нүүрсийг тээвэрлээд Владивостокт очиход 4400 орчим км, Тянжин руу тээвэрлэхэд хоёр дахин бага зай туулна. Энэ зайнаас шалтгаалан тээврийн тариф өндөр гарна. Бид хоёр оронтойгоо зайнаас үл хамааран тээвэрлэх зардал ижил байх шаардлага тавьж байгаа.

-Ийм хол зам туулсан манай нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар байгаа юу?
-Угаасан нүүрсийг 41 ам.доллараар олборлоно. Тавантолгой-Нөмрөгийн чиглэлд 30 ам.доллараар тээвэрлэнэ. Шилжүүлэн ачихад 3 ам.доллар. Хятадын төмөр замын тээврийн өртөг боомт хүртлээ 18 ам.доллар. Далайн боомтын өртөг 4 ам.доллар, далайн тээврийн өртөг 15 ам.доллар ингээд 111 ам.доллараар манай нүүрс очиж байгаа. Үүнийг Австралиас Японд зарж байгаа нүүрсний үнэтэй харьцуулсан юм. Автрали коксжих нүүрсээ 200 ам.доллараар зарж байгаа. Энэ үнээр өгөх юм бол 89 ам.долларын ашигтай ажиллана.

-Монгол улс 2016 онд гурван онгоцтой болохын тулд бондоос мөнгө гаргана гэсэн. Эдгээр онгоц хэзээнээс үр ашгаа өгч, бондын мөнгийг төлөх боломжтой вэ?
-Шинэ онгоц авна гэдэг нь далайд гарцгүй манай орны хувьд стратегийн том зорилт. 240 сая ам.долларын өртөгтэй гурван онгоц авна. Энэ гурван онгоцыг авах зээлээ хүүтэй нь 2023 онд бүрэн төлж дуусах тооцоо байгаа. Ингэснээр энэ салбар ашигтай ажиллана. Бонд эрсдэлд орохгүй гэсэн үг.

-Монголын төмөр зам компани “Хаан” банкинд зүтгүүрээ барьцаанд тавиад ТЭЗҮ-ээ хийсэн. Энэ ТЭЗҮ-г өөрчлөх үү?
-Монголын төмөр зам компани 5 сая ам.долларын зээл авч ТЭЗҮ-ээ хийсэн. Одоо хүүтэйгээ бараг 6 сая ам.доллар болсон. Энэ ТЭЗҮ-гээрээ төмөр замаа барина.

-Замын-Үүдэд байгаа УАЗ-469 автомашиныг орчин үеийн тав тухтай тээврийн хэрэгслээр солих асуудлыг байнга ярьдаг. Энэ хэзээ ажил хэрэг болох вэ?
-Энэ асуудал олон хүний амьдрал ахуй холбогддог. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийг Улаанбаатартай холбосон авто замаа 2013 онд ашиглалтад оруулж, улмаар зорчигч тээврийн стандартыг өөрчилнө.

-Автомашины дугаарын стандартыг шинэчилнэ гэж ярьж байгаа. Хэдийгээр үүнийг ажил хэрэг болгох вэ?
-Судалгаа хийж байгаа. Олон улсын шаардлага хангасан латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжихээр ярьж байна. Замын цагдаагийн газраас дугаар өгдөг байж байгаад манай яам руу шилжсэн. Гэхдээ ЗЦГ хэдэн серийг өөртөө аваад үлдчихсэн юм. Ингээд хоёр газар дугаар олгож эхэлснээс болж давхардсан дугаарууд гарах болсон. Одоо бид бүх серийг өөртөө авснаар дугаарын давхардлыг арилгаж байгаа. Одоогоор 1111 гэх зэрэг 8 дугаарыг хурааж авсан. Өөр зарим дугаарыг хураах хүсэлт тавиад байгаа.

-УИХ-аас 2010 онд баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого нь хоёр хөршийн бодлоготой уялдаж байгаа юу. Төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахад Оросын талаас санхүүгийн дэмжлэг авсан гэх яриа байгаа. Тавантолгойгоос гашуун сухайт хүртэл төмөр зам барихад оросын талаас хөрөнгө оруулъя гэдэг санал ирсэн үү?
-Төмөр замын бодлогыг боловсруулахдаа өргөн хэмжээний судалгаа хийсэн, зөвхөн хоёр хөрш төдийгүй гуравдагч хөрш, Монгол Улстай эдийн засгийн харилцаа өргөжүүлэх боломжтой улсууд, стратегийн түнштэй уялдаа холбоотой авч үзсэн. Түүнчлэн Хоёр хөршийн далайн боомтын хөгжил, цаашид бий болох байршилтай бүрэн нягт уялдаж чадсан. Харин ТЭЗҮ боловсруулахад оросуудаас хөрөнгийн дэмжлэг авсан уу гэх асуултад тодорхой хэлэхэд тийм зүйл байхгүй. Монголын төмөр зам компани компани “Хаан банк”-наас 5 сая ам.долларын зээл авсан.   Энд ямар нэг гадны хөрөнгө оруулалт байхгүй.

-Орон нутаг дахь агаарын нислэгийн тийзийн үнийг бууруулах боломжтой юу?
-УИХ-аас баталсан Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогод бүс нутаг дахь агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр хэд, хэдэн заалт туссан. Нэн тэргүүнд агаарын тээврийн компаниудыг төрийн бодлогоор дэмжих, татварын бодлогоор дэмжих, мөн шатахууны үнэ тарифыг буулгахын тулд хоёрдогч хөршөөс онгоцны түлш импортлох зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлээд эхлэхээр орон нутаг дахь нислэгийн тийзний асуудал шийдэгдэнэ.

-Тавантолгойн Ухаа худгаас татсан авто зам дээгүүр “Эрдэнэс тавантолгой” компани нүүрсний тээвэрлэлтээ хийдэг. Гэтэл үүнээсээ болж тус компани “Энержи ресурс” компанид нэлээд өртэй болж байна гэх юм. Хэрхэн шийдэхээр ажиллаж байна вэ?
-Тавантолгойн Ухаан худагийн уурхайгаас татсан 239 км хатуу хучилттай зам баригдсан. Тэнд байгаа гурван уурхайн бүх тээврийн хэрэгсэл тус замаар тээвэрлэлт хийдэг. Өнгөрсөн оны сүүлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаад одоо барьж байгаа авто зам ашигласны төлбөрийг 40 гаруй хувиар бууруулах санал гарсан. Гэхдээ энэхүү саналаа Эдийн засгийн хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Энержи ресурс” компаниудтай тус бүр санал солилцон зөвшилцсөний үндсэн дээр бууруулах асуудал дээр эцсийн шийдэл гаргана. Шийдэгдвэл хямд өртөгтэй тарифаар явах бололцоотой болно

-У.Бангоу даргыг Монгол Улсад айлчлахад төмөр замын  асуудал яригдсан уу?  
-Тийм ээ, төмөр замын асуудал яригдсан. Гэхдээ бодлогын хэмжээнд яригдсан. Үүний дагуу бид Хятадын талтай бодлогын төвшинд хэлэлцээ эхлүүлнэ..

-Төмөр замын ажлын асуудлаар 30 компанид 50 тэрбум төгрөг хувааж өгөөд ажлыг нь эхлүүлэх гэж байгаа гэх үнэн үү?
-Та буруу мэдээлэлтэй байна. Тийм зүйл байхгүй. Засгийн газраас төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгөөгүй байгаа. Уг нь Засгийн газраас 2010 онд 55 сая ам.доллар өгөх шийдвэр гарсан ч олгогдоогүй. Улмаар Шинэчлэлийн Засгийн газраас энэ мөнгийг өгөх шийдвэрийг дахин гаргаж,  гэрээ нь зурагдаад явж байна.

-Төмөр замын царигийн тухайд яаж шийдсэн бол?
-Төмөр замын цариг бол дотоодын нэгдсэн сүлжээний асуудал. УИХ-аас баталсан бодлогоор төмөр замын тээвэрлэлтийг ашигт малтмалын олборлолттой уялдуулан авч үзэх ёстой. Бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргах уу, боловсруулах уу гэдгийг уялдаатай авч үзээд Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулаад бүтээгдэхүүнээ боловсруулаад явъя гэсэн. Ойрын  жилүүдэд нүүрсний маш их хомсдол үүснэ. Улс орон бүрийн онцлог өөр өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээр нь энэхүү асуудалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Концессийг төрийн өмчит компанитай гэрээ хийнэ гэсэн. Бүх чиглэлээ зааж өгсөн. Өмнөх зөвлөмжийг баталгаажуулсан. “Монголын төмөр зам” компанид төмөр зам барих эрхийг олгосон. Гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийх ажлын хэсгийг би ахалж ажиллаж байна.

Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж