Мах, сүүний урамшууллын журмыг боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Мах, сүүний урамшууллын журмыг боловсруулж байна

Хүнсний тухай хууль 2012 оны арванхоёрдугаар сард шинэчлэн батлагдсанаар олон жил яригдсан мах, сүүний урамшууллыг олгохоор болсон билээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, түүхий эдийн нөөц, үнийг тогтвортой байлгах зорилгоор энэ урамшууллыг олгохоор болсон бөгөөд хэрхэн олгох тухай журмыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон ажлын хэсгийнхэн боловсруулж байна.

Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа.

-Мах, сүүний гэгдэж байсан урамшуулал одоо яагаад “мал” гэдгээр өөрчлөгдөх болов?

-Мах, сүүнд урамшуулал олгодог болно гэж олон жил ярьсан. Тэгээд мал, сүүнд урамшуулал өгөхөөр болсон. Учир нь мах гэхээр малчид гэрийнхээ гадаа, хотондоо  нядлаад л зардаг уламжлалыг өөрчлөх гэж тэр. Хүн амынхаа эрүүл ахуйг бодсон ч хаа хамаагүй нядалсан маханд урамшуулал өгөхгүй гэсэн үг юм. Энэ нядалгааг үйлдвэрийн нөхцөлд технологийн дагуу хийж байж иргэд чанарын баталгаатай махыг хүнсэндээ хэрэглэнэ. Тиймээс үйлдвэр, цехэд тушаасан малын хариуд малчид болон мал бүхий этгээдэд урамшуулал өгнө гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Сүүний хувьд бол ямарваа өөрчлөлт байхгүй. Урамшууллын дүнд мах, сүүний нөөц, үнэ тогтвортой байх боломж бүрдэх юм.

-Ноос, ноолуур, арьс ширний хувьд үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах, гадагш нь урсгачихгүйн тулд л дотоодын үйлдвэрт гэж заасан шүү дээ. Тэгэхээр мал, сүүний урамшууллыг зөвхөн үйлдвэр, цехэд тушаасан мал, сүүнд нь бодож олгоно гэсэн үг үү?

-Бид ноос, ноолуур, арьс, ширний хувьд урамшуулал авдаг туршлагатай болсон , үндэсний үйлдвэрүүддээ тушаасны хариуд урамшуулал олгож байсан. Ченжүүдийн гарт хамаг түүхий эдээ өгчихгүй юм шүү гэсэндээ тэр. Энэ удаагийн мах, сүүний урамшууллын бодлогыг боловсруулж байгаа. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлд гэдгийг заах уу, үгүй юу гэдгээ тогтоогүй байна.

-Урамшууллыг хэзээнээс олгож эхлэх таамаг байна уу?

-Одоогийн байдлаар салбарын хэмжээнд журмыг боловсруулаад, малчид , аж ахуй нэгжүүдээс саналыг нь энэ сардаа багтааж авч дуусаад Засгийн газрын хуралдаанаар оруулна. Тиймээс урамшууллыг хэзээ олгох талаарх таамаг одоогоор алга.

-Урамшууллын талаар ямар санал ирж байна?

-Энэ урамшууллыг үр дүнтэй байлгах, хэрэгжүүлэх арга замын хувьд тал бүрийн санал ирж байна. Тухайлбал, Монгол хөдөө аж ахуйн эх орон гэдгээрээ мах, сүүгээр жилийн дөрвөн улирлын туршид тасралтгүйгээр хангагдах ёстой. Гэтэл өвөл, зуны улиралд мах, сүү бэлтгэл маш их ялгаатай байдаг шүү дээ. Өвөл нь үнэ өсөөд зун нь буух жишээний. Тиймээс энэ урамшууллын хэмжээг ялгавартай байлгах уу, тогтвортой байлгах уу гэдэг дээр олон талын саналууд дээр анализ хийж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж