Баруун-Уртын чимэг Егүзэр хутагт

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Баруун-Уртын чимэг Егүзэр хутагт

Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслолын ажиллагаа тийн ялгуусан хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 7-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо боллоо. Егүзэр хутагт Ж.Галсандаш нь Монгол төрийн зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах төрийн сайд, ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт гэгээнтэн төдийгүй  Монголын тамгатай 13 хутагтын нэг, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах төрийн сайд,  Монголын анхны хутагт, бүгдэд энэ тэнцүү анхаарал тавьдаг байсан соён гэгээрүүлэгч, байгаль ан амьтныг энэрэхүйн экологич, хязгаар нутгийн аж ахуйг үлгэрлэгч нэгэн байсан гэдэг. Ингээд ёслолын ажиллагааны үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

Хүүхэлдэйн театрын эхлэлийг тавьсан байж ч мэднэ

Егүзэр хутагт Галсандашийн зээнцэр Н.Эрдэнэ

Зүүн хязгаарын сайд, төр нийгмийн зүтгэлтэн гэдгээр нь монголчууд Егүзэр хутагт Галсандашийг сайн мэддэг. Миний хувьд Егүзэр хутагт Галсандашийн зээ Нацагдорж гэдэг хүний хүүхэд нь. Өөрөөр хэлбэл зээнцэр нь гэсэн үг. Бид нэг хэсэг элэнц  өвөөгийнхөө талаар зөвхөн гэр дотроо ярьдаг байлаа. Харин одоо монгол даяараа энэ хүний талаар дурсан ярьдаг болсонд тун их баяртай байна. Бид элэнц өвөөгийнхөө талаар ааваасаа мөн эмээгээсээ их зүйл сонсдог байсан. Нийт монголчуудын сайн сайхны төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн гэж өвөө эмээ  маань ярьдаг байсан. Егүзэр хутагт бол Монголын зүүн хязгаарт амьдарч байсан Жанжаадаш буюу Жамсран гэж хүний хоёр дахь эхнэрээс гарсан хүн юм билээ. Дороо хоёр дүүтэй, нэг дүү нь бидний өвөө болох Батмөнх. Харамсалтай нь, хутагт маань 1930-аад  онд хэлмэгдэн цаазлагдаж, өвөө эмээгээс эхлээд манай гэр бүлийнхэн бүгдээрээ эсэргүүний ар гэрийнхэн гэгдэж, нутаг орондоо амьдрахад хэцүү болоод Улаанбаатар, Төв аймгуудаар тархан суурьшсан юм билээ. Харин ерээд оноос элэнц өвөөгийн маань хийсэн бүтээсэн гавьяа ил болж, олон түмнээ хүлээн зөвшөөрөгдөн, ном судар, сонин хэвлэлд бичигдэж эхэлсэн байдаг. Энэ дашрамд, Егүзэр хутагт хэмээх энэ их хүмүүний талаар эмээ, өвөөгийнхөө ярьж байсан зүйлээс нь сонирхуулъя. Аав маань “Намайг хүүхэд байхад өвөө нутагтаа нэг үстэй амьтан авчраад түүнийгээ нүхэнд хийдэг, гэтэл нөгөөх нь буцаж гарч гүйгээд л байдаг байсан юм. Одоо бодохнээ тэр нь тарвага нутагшуулж байсан хэрэг юм билээ. Бас янз янзын хувцастай хүүхэлдэй шиг юмаар хүүхдүүдээ тоглуулдаг байсан. Энэ нь хүүхэлдэйн театрын эхлэл юм болов уу гэж боддог юм” гээд л маш их юм ярьдаг.
 

Эх оронч сэтгэлийг нь залуу хойч үеийнхэндээ өвлүүлэх болно

Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайван

Нутгаа, улсаа хөгжүүлэх гэсэн Егүзэр хутагтын хүсэл эрмэлзэл, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сайхан боломж бүрдэж байна. 2000 онд Егүзэр хутагтын мэндэлсний 130 жилийн ойг Эрдэнэцагаан сумынхан тэмдэглэж, энэ үеэр манай сумын сургууль  Егүзэр хутагтын нэрэмжит болсон. Харин өнөөдөр Егүзэр хутагт судлалын шинэ эрин үе эхэлж байна. Мөн Егүзэр хутагтынхаа нэр төрийг нь өндөрт өргөн мандуулахад УИХ-ын гишүүн М.Зоригт, “Мөнхчулуун” сан маш их хүчин зүтгэж их зүйлийг хийлээ. Түүний нэг илрэл нь өнөөдрийн энэ ёслолын ажиллагаа. Бид аймаг орон нутгийнхаа удирдлагатай хамтарч энэ гэгээнтний үйлсийг хөгжүүлэхийн зэрэгцээ залуу өсвөр үеийнхэндээ эх оронч сэтгэлийг нь өвлүүлж, байгаль дэлхийгээ хамгаалдаг ариун гэгээн экологчийнх нь сургаалийг өвлүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Ханийнхаа барьсан Хутагтын хөшөөг нутгийнханд нь бэлэг болгож байна

Егүзэр хутагтын хөшөөг урласан МУСГЗ Х.Цэвэгмидийн гэргий Л.Гэрэлчимэг

Миний хань Х.Цэвэгмид ОХУ-ын уран зургийн академийг уран барималч мэргэжлээр төгссөн. Олон сайхан хөшөө баримал барьсан. Түүний нэг нь Егүзэр хутагтын хөшөө. Хань маань төр шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагтын талаар үргэлж ярьдаг байсан л даа. Тийм ч учраас хутагтынхаа хөшөөг хийхээр сэтгэл шулуудаж, энэ сайхан бурхныг бүтээсэн гэж би боддог юм. Гэхдээ өөрөө амьд сэрүүндээ хутагтаа нутагтаа залж чадаагүй. Тиймээс үр хүүхдүүд болон найз нөхөд, шавь нартай нь хамтраад, сэргээн засварлаж, XVII жарны усан могой жилийн шинийн долооны энэ сайхан өдөр нутагт нь залаад байна. Мөн энэ ажилд гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн М.Зоригт, Ч.Эрдэнэчимэг нартаа маш их баярлалаа. Миний хань Цэвэгмид сайн уран барималч төдийгүй ардчиллын алтан хараацайнуудын нэг,  Монголын ардчилсан холбооны  анхны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн байсан. Егүзэр хутагтын энэ хөшөө Сүхбаатарчууддаа үр хүүхдүүдийнх нь зүгээс өгч байгаа чин сэтгэлийн бэлэг юм шүү гэдгийг онцож хэлье.  Хутагтын хөшөө Баруун-Урт хотыг үргэлжийн мөнхөд чимж байх болтугай.

Хутагтын хөшөө баригдсанаар аймгийн хөгжил зүүн урагшаа чиглэнэ


УИХ-ын гишүүн М.Зоригт

Миний аав Ядамын Мөнхчулуун Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж өссөн. Тиймээс би аавынхаа үгүйд аавынхаа захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө сэтгэл гарган чармайн ажиллахыг боддог. Хэдэн сарын өмнө аавынхаа дурсгалд зориулан, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий кино театр байгуулсан бол өнөөдөр хутагтынхаа хөшөөг залж байна. Сонирхуулахад, ээж маань Егүзэр хутагтын талын хүн. Өөрөөр хэлбэл, би Егүзэр хутагтын төрөл Амбаа гэгдэх хувилгааны үр сад. Тийм болохоор хутагтынхаа үйлсийг судлах, таниулах, үргэлжлүүлэх нь бидний эрхэм зорилго. Энэ үүднээс Хутагт судлалыг хөгжүүлж байна, хөшөөг нь бариад зогсохгүй нутагт нь байгаа Хутагтын хийдийг сэргээх гэхчилэн олон ажлыг хийж байна. Хөшөөний нээлттэй холбогдуулан, Хутагтыг судалдаг эрдэмтэн судлаачидтай хамтран баримтат кино хийлээ. Мөн нээлттэй холбогдуулан азарга, соёолон, их насны морьдын уралдааныг зохион байгууллаа. Түүнчлэн хөшөөний зүүн талд маш сайхан орон сууцны хороолол сүндэрлэнэ,  зүүн урд нь шинэхэн музей баригдана гэдгийг хэлэхэд таатай байна. Ер нь Хутагт маань Баруун уртад морилон саатсанаар аймгийн хөгжил зүүн урагшаа чиглэнэ.  Кино театрын урд талд гэхэд олимпийн уралдаан тэмцээн зохион байгуулж болохоор зургаан замтай усан спортын бассейн баригдана. Ерөөсөө Хутагтыг тойрсон энэ хэсэг манай Баруун-Уртчуудын, Сүхбаатарчуудын оюун санааг хөгжүүлэх төв байх болно гэж ойлгож болно.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж