MC Beatz хип хопын шинэ хэмнэлийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

MC Beatz хип хопын шинэ хэмнэлийг мэдрүүлнэ

“Люмино” хамтлагийн ахлагч, реппер MC өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр шинэ цомог, нэг ном гаргаад байгаа юм. “Люмино” хамтлагийн 12 жилийн ойн хүрээнд МС ийнхүү фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа.

МС буюу MC Beatz

Хэвлэлийн хурлын үеэр МС хэлэхдээ “Өнөөдрөөс эхлэн би дан ганц МС байхаа больсон. Одоо миний нэрийн араас таван үсэг нэмэгдсэн. Mc Beatz гэж. Энэ нь МС-гийн хэмнэл гэж байгаа юм. Яагаад нэрээ өөрчлөх болсон гэхээр интернэтээр МС гэж хайхаар олон янзын зүйл гарч ирж байна. Тиймээс би цорын ганц байхын тулд MC Beatz гэж нэрээ өөрчилж байгаа юм. Удахгүй миний вэб сайт нээгдэнэ. Уран бүтээлээ үүнээс хойш MC Beatz нэрээр туурвих болсон гэдгийг хэлье” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Иймд өнөөдрөөс эхлэн түүнийг “Люмино” хамтлагийн Mc Beatz хэмээн дуудах болж байна.

Хип хопын шинэ урсгал-хоёр шинэ цомог
Монголын хип хоп урсгалд шинэ хэмнэлийг мэдрүүлэхээр MC Beatz хоёр шинэ цомгоо худалдаанд гаргаад байна. Түүний хоёр шинэ цомгийг өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын бүх салбараар худалдах юм. “Platinum Beatz”, “Romantic Beatz” хэмээх энэ хоёр цомогт дан шинэ дуунууд багтсан гэнэ. “Platinum Beatz” цомог нь 21 дуутай бөгөөд үүнээс “Төлөө” дуу нь үзэгчдийн хүртээл болсон. Бусад дуунууд нь өмнө нь хэн ч сонсоогүй шинэ дуу юм. Харин “Romantic Beatz” цомог нь MC Beatz-ийг төлөөлөх аж. Учир нь энэ цомогт багтсан 17 дуугаар MC Beatz өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ. Хоёр цомгийг тус бүр нь 8999 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гаднах нүүр хуудсыг нь АНУ-ын дизайнер Тамара Купер хийжээ. Энэ талаараа MC Beatz хэлэхдээ “Би цомог болон номынхоо нүүр хуудсыг Америкийн дизайнер Тамара Куперээр хийлгэсэн. Тэр бол дэлхийн ододтой хамтран ажиллаж байсан туршлагатай, сайн дизайнер. Өмнө нь бид гадныхны цомгийг хараад ингэж хийх юмсан гэж, дууриаж байсан бол өнөөдөр би мэргэжлийн дизайнерээр нь хийлгэсэндээ баяртай байгаа” хэмээн тайлбарлав.

Анхны хип хоп ном
MC Beatz-ийн бас нэгэн гэнэтийн бэлэг нь Монголын анхны хип хоп ном байв. Тэрбээр 2008 оноос хойш номоо бичиж сая нэг юм худалдаанд гаргаад байгаа аж. Түүний “The secret of Rap” буюу “Хип хопын нууц” нэртэй ном нь номын бүх дэлгүүрт 19999 төгрөгөөр худалдаанд гарчээ. “Хип хопын нууц” хэмээх цомогтой ном нь хип хоп хөгжмийг сонсдог залууст зориулагдсан гэнэ. Цомогтой ном гэхээр гайхаж байна уу?. “Хип хопын нууц” номын арын хуудсанд нэг цомог байгаа. Энэ цомогт 35 дууны ая, хөгжмийг бичжээ. Энэ бол бүх нийтийн эзэмшилд байх юм. Зохиогчын эрхгүй гэсэн үг. Хип хопын нууцыг мэдээд эдгээр 35 дуунд өөрсдөө дуу зохиож дуулж болох аж. MC Beatz 2008 оноос эхлэн энэхүү номоо бичиж эхэлсэн 1993 оноос эхлээд Монголын хип хоп хөгжмийн урсгал хэрхэн хөгжиж ирсэн болон, гадаадад хэрхэн хөгжиж байгаа зэрэг хип хопын түүхийг өгүүлэх гэнэ. Мөн хэрхэн хип хоп дуу зохиох вэ, дууны үгийг яаж бичих үү гээд залуу хип хоп хамтлаг, дуучдад сурах бичиг нь болохоор олон зүйлийг багтаасан гэнэ. Энэ үүгээр ч зогсохгүй үргэлжлэл байгаа гэсэн. Одооноос эхлэн MC Beatz хоёр дахь номын ажилдаа ороод байгаа гэнэ. Тэрбээр “Хип хопын онол” хэмээх цуврал номыг нь бичиж эхэлжээ. Шинэ номын талаар “Би яагаад энэ номыг бичих болсон бэ гэхээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд би гэртээ хүүхдээ харж байсан. Гэртээ хүүхдээ харж байхад их зурагт үздэг байсан юм. Тэр үед “Flash”, BoBo гээд хамтлаг дуучид гарч ирсэн. Тэдний дууг сонсоод за даа эд нар чинь хип хоп урсгалаа ойлгодоггүй хүүхдүүд байна гэж бодсон. Бид залуу үеэ загнах бус хип хоп гэдэг чинь ийм урлаг, ийм урсгал байдаг юм гээд эхлээд зааж зөвлөх хэрэгтэй. Харин тэрний дараагаар уран бүтээл нь ямар байх нь уу, тэгж байж зэмлэнэ. Тэгж бодоод энэ хип хопын тухай номоо бичсэн. Залууст бол гарын авлага болох сонирхолтой ном болсон гэж би бодож байна” хэмээн MC Beatz хэллээ.

Ямартай MC Beatz-ийн дараагийн гэнэтийн бэлэг нь “Люмино” хамтлагийн шинэ уран бүтээл байх гэнэ. Мөн шинэ залуу хамтлаг, дуучдыг гаргахаар бэлтгэж дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа гэсэн шүү.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж