
Сирийн цэргийн хүчин Алепо хот дахь босогчдын идэвхитэй бүс Жабал Бадро дүүрэг рүү өчигдөр пуужингаар галласны улмаас 31 хүн амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Дэлбэрэлтийн үеэр тус дүүргийн томоохон байшин барилга сүйдэж, хохирогчдын ихэнх нь байшингийн нурангинд дарагдаж амиа алдсан байна. Сирийн Засгийн газрын зүгээс одоогоор Алепо хотод үүссэн дээрх нөхцөл байдалтай холбоотой ямар нэг тайлбар өгөөгүй байна. НҮБ-аас мэдээгээр Сири улсад 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын дэглэмийн эсрэг ширүүн тэмцэлд 70 мянга гаруй хүн амиа алдсан гэх гашуун тоо баримт байгаа юм.
Түүнчлэн энэ үеэр мөн Сирийн нийслэл Дамаск хот дахь Ерөнхийлөгчийн байрлах Засгийн газрын байрны ойролцоо ч мөн дэлбэрэлтүүд үргэлжилсээр байгааг эх сурвалжууд онцолсоор байна. Сири улсад ийнхүү удаан хугацаагаар үргэлжилж буй зэвсэгт тэмцэлд олон мянган энгийн иргэд өртөж байгаа бөгөөд олон улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байгаа юм. Хамгийн сүүлд ОХУ-аас Сирид их хэмжээний хоол хүнс, цахилгаан хэрэгслүүд, дулаан хөнжил зэрэг тусламж хүргэхээр болсон тухай Оросын “Интерфакс” агентлаг мэдээлжээ.
Э.АНХТУЯА