Жинхэнэ юань гэж “хэн” бэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Жинхэнэ юань гэж “хэн” бэ?

БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг хүмүүс голдуу Мао Зэдуны зурагтайгаар л төсөөлдөг. Тэгвэл хуурамч хувилбар нь мөн ижил зурагтай. Гэхдээ хуурамч, жинхэнийг нь  зөвхөн зургаар нь  баримжаалъя гэвэл Мао Зэдуны үсний буурлыг нь хүртэл гярхай ялгаж мэдэх хэрэгтэй гэдгийг Монголын банкуудын холбооныхон онцолсон юм. Хятадын муж нутгуудад хуурамч юань түгээд удаж байна. Тэр дундаа Өвөрмонголд тархсан хуурамч мөнгөн дэвсгэртийн дугаар, сери нь бүр ч ойролцоо бөгөөд манай жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хуурамч юаньд хулхидуулсан тохиолдол цөөнгүй гарсан. Тэндхийн банкны валют солих журам нь нэлээд төвөгтэй, бичиг баримт шаарддаг учраас манай иргэд хаа таарсан газраасаа юань авдаг байна. Одоогоор долоон мянга орчим хуурамч дэвсгэрт илрүүлээд буйгаа Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдэгдсэн билээ.

Хуурамч мөнгө үйлдвэрлэгчид голдуу 50, 20, 5 юанийн дэвсгэртийг хуурамчаар үйлдсэн бөгөөд үүнийг хариулт мөнгө хэлбэрээр гүйлгээнд оруулж байжээ. Тухайлбал, 4000 юанийн 1000 нь, 1500 юанийн 300 нь хуурамч байх жишээтэй. Хятадын тал мөн хуурамч дэвсгэрт нийлүүлж буйгаа талаар худалдаа эрхлэгчдэдээ анхааруулж, таних аргуудыг нь зааж өгчээ. Хуурамч юанийг харах, тэмтрэх, сонсох болон шинжлэх гэсэн энгийн аргуудаар мэдэж болдог гэнэ. Гэхдээ энгийн нүдээр харахад таних боломжгүй, жинхнээсээ огт ялгагдахгүй шахам нь ч бас бий. Үүнийг манай валют солилцооны газрууд неон гэрэл, мөнгөн тэмдэгт уншдаг машинаар шалган хуурамч болохыг нь тогтоосон аж. Энэ хуурамч дэвсгэртийн серийн дугаар нь HD бөгөөд номер нь 90 гэж эхэлдэг юм байна. Дэвсгэртүүд ижил серийн дугаар эхэлсэн байх нь хуурамч тэмдэгт мэдэх эхний сэжим болж өгчээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс арилжааны банкуудад Монголд их хэмжээгээр хуурамч юань гүйлгээнд орж ирснийг мэдээлсэн билээ. Мөн банк, санхүүгийн байгууллагууд сэрэмжтэй ажиллах, гүйлгээ хийж буй ажилчдад юанийг таних талаар мэдээлэл өгөх шаардлагатай талаар сануулсан юм. Тиймээс Монголын банкны холбооноос гаргасан жинхэнэ юанийг таньж мэдэх аргуудыг хүргэж байна. Эдгээр шинж тэмдгүүд зөрвөл хуурамч мөнгөн дэвсгэрт болохыг мэргэжилтнүүд анхааруулсан юм.

Жинхэнэ юанийг шинжих аргууд:

1. Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд хөндлөн болон босоо серийн дугаарыг хэвлэсэн байдаг. Хөндлөн байрлалтай серийн дугаар нь хоёр үсэг, найман орон тооноос бүрдэх бөгөөд серийн дугаар нь хар өнгөтэй, босоо байрлалтай серийн дугаар нь хөх өнгөтэй байдаг.

2.  Дүрсэнд нууцалсан тоо: Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талын баруун дээд буланд зууван дугуй хэлбэрийн дүрслэл байдаг. Дэвсгэртийг нүдэндээ бага зэрэг ойртуулан тэгш хэмд барьж, 45 -90 хэмээр өөрчлөн харахад уг дүрслэл дотор “100”-гийн тоо харагдана. Энэ нууцлал нь 50-тын дэвсгэртэд мөн байдаг. 

 
3. Усан хэвлэлт: Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талын зүүн хэсэгт хоосон цагаан зай байх бөгөөд гэрэл ашиглан харахад Маогийн толгой, нүүрний дүрс, 100-ийн  дүрс тодорч харагдана. Хуурамч мөнгөн тэмдэгт нь мөн гэрлийн эсрэг харахад Маогийн дүрс бүхий усан хэвлэлттэй харагдах боловч зөв харьцаагүй хэвлэгдсэн байдаг юм байна.

4. Мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн цаас хатуу байдаг тул нугалахад шажигнан дуугарна.

5. Метал хамгаалалтын зураас: Хуурамч мөнгөн тэмдэгт дэх метал зураас нь хэсэг тасархай байдлаар харагдана. Харин жинхэнэ мөнгөн тэмдэгт дэх метал зураас нь үргэлжилсэн бөгөөд шулуун тасраагүй байдаг. Доор харьцуулан үзүүллээ.

6. Өнгөний хувирал: Жинхэнэ юанийн зөв талын зүүн доод буланд ногоон өнгөөр хамгаалалт бүхий 100 гэсэн дүрсийг хэвлэсэн байдаг бөгөөд уг хэсгийн харах өнцгийг өөрчлөн харахад цэнхэр өнгөтэй болон өөрчлөгддөг. /Доор өөрчлөгдөн харагдах өнгийг үзүүллээ. Гэхдээ хуурамч юань ч өөрчлөгдөн харагдахаар хэвлэгддэг болсон гэдгийг анхаарна уу/

7. Ихэнх тохиолдолд гараар тэмтрэн шалгадаг боловч энэ нь мөн л шалгаж авах арга биш болсон. Гэхдээ мөнгөн тэмдэгтийн доор үзүүлсэн “Дундад улсын ардын банк” гэсэн хэсгийг тэмтэрч шалгахад илүүдэхгүй болов уу.

8. Мөнгөн дэвсгэртийн нүүрэн тал дахь Маогийн толгойн хэсэгт, түүний буурал үсийг анхаарч харах хэрэгтэй. Жинхэнэ дэвсгэрт дээр Маогийн үсний ширхэг маш тодорхой харагдах бөгөөд туг тугаар биш ширхэг ширхгээр харагдана. Түүнчлэн үсний ширхэг нь бүгд шулуун, уртаар дууссан байна. Харин хуурамч дэвсгэрт нь эсрэгээр буюу дээр дурдсанаас зөрүүтэй байна.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж